МАН-ын мөнгөтэй жагсаал

2016 оны 4 сарын 5

Хахир өвлөөр саарал ордныг нураах шахам “оволзож” байсан улс төр хаврын төлөвлөгөөндөө орж, намуудын болон бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөөх тэмцэл гудамжнаа шилжлээ.

Тэдний зорилготой, найруулгатай, тавилттай, гол дүртэй, туслах жүжигчидтэй гудамжны тайзны жүжигчилсэн үзүүлбэрүүд лав сонгууль хүртэл үргэлжилнэ. Энд гайхаад байх ч асуудалгүй, үе үеийн сонгуулийн хавар ийм л хуйсагнуур болдог нь бараг уламжлал шахуу болчихсон хойно. Жагсаал цуглаангүй улирал ч гэж байхаа больсон доо, ер нь бол.

Сонгуулийн хуулиас болж, хар машинаар сор залан өнгөрсөн өвлийн хамгийн сүүлийн улс төрийн акцыг зохион байгуулж явсан МАН-ынхан энэ хавар юу гэж зүгээр суух билээ. Тэр тусмаа сонгууль ойртож байхад эрх баригчдыг муулахгүй бол МАН-д өөрөөр өөрсдийгөө сурталчлах ажил ямар байх биш.

Тиймдээ ч өчигдөр Ялалтын талбайд “Монголоо аваръя” гэх улаан хувцастнуудын театрчилсан тоглолтыг МАН-аас зохион байгууллаа. Өмссөн хувцас, харагдах өнцөг, хайрцаглагдсан зохион байгуулалтаас  нь харахад үнэхээр ч өнгөтэй, мөнгөтэй жагсаал гэдэг нь илт ойлгомжтой байна лээ. Ийм сэтгэгдэл ч олон хүнд төрсөн байх. Үүний өмнөхөн МАН-ын УИХ дахь бүлэг ажлаа тайлагнахдаа  "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын авч хэрэгжүүлсэн нийгэм, эдийн засаг, улс төрийн алдаатай бод­лого шийдвэрийн үр дүнд өнөөд­рийн хямралт байдал үүссэн учраас Монголоо аврах цаг” болс­ныг сануулаад энэ үеэр М.Энхболд "Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.долларт хүрч, дөнгөж төрсөн нярай­гаас өтгөс, буурал хүртэл хүн бүр 15 сая төгрөгийн өртэй болсон" хэмэнэ шоудаж байв. Тэгж яривал Монголын гадаад өр өсөхөд МАН-ын оруулсан "гавъяа" ч байгаа. Чалкогоос авсан 350 сая долларыг бол зүгээр л халамж болгоод тараачихсан шүү дээ. АН бол  авсан зээлээ бас чиг зам, бүтээн байгуулалт болгочихсон. Найман хувийн зээлээр бараг 80 мянган айл орон сууцтай болно гэдэг том амжилт.

Энэ мэт гудамжны театрчилсан, найруулгатай, тодорхой зорилготой, эрх ашигтай ийм жагсаалуудад иргэд үнэндээ итгэхээ болиод удаж байна. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд иргэд итгэл үнэмшлээрээ ингэж жагсах нь их цөөн, сүүлийн жилүүдэд бараг ховордсон үзэгдэл болсон доо. Ихэнхдээ аль нэг нам, улстөрчийн эрх ашгийг хамгаалах цөөн хэдэн “хөлсний жагсагчид” Монголд бий болсон, иргэдийн нэрээр тархи угааж байгаад эрх мэдэлд хүрдэг нь жам ёсных ч болж байх шиг.

Монгол Улсын иргэн хэнд ч үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлж, үгээ хэнээс ч айлгүй хэлэх эрх нь нээлттэй бий. Мөнгө нь байгаад жагсагчид нь олддог юм бол хэн, хаана, ямар театрчилсан тоглолт зохион байгуулах нь дурын хэрэг. Ёстой л жагсах ёстой юм бол жагсана л биз. Жагсаах мөнгөтэй бол жагсаана л биз. Гол нь ийм байдлаар иргэдийн толгойг угааж, эрх ашгийнхаа төлөө хэн нэгнийг хөлслөөд, жагсаал зохион байгуулаад эцэст нь иргэдэд  ямар  ашигтай вэ. Эдгээр жагсаалыг хэн ямар зорилгод ашиглах гэж, нөгөө талаар ямар эрх ашгаа хамгаалах гэж зохион байгуулж буйд л хамаг учир байгаа юм. Бас дээр нь Т тариаланчдыг ногоон туузаар толгойг нь чимэглэдэг нь ч юучив дээ.

Энэ мэт гудамжны театрчилсан, найруулгатай, тодорхой зорилготой, эрх ашигтай ийм жагсаалуудад иргэд үнэндээ итгэхээ болиод удаж байна. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд иргэд итгэл үнэмшлээрээ ингэж жагсах нь их цөөн, сүүлийн жилүүдэд бараг ховордсон үзэгдэл болсон доо. Ихэнхдээ аль нэг нам, улстөрчийн эрх ашгийг хамгаалах цөөн хэдэн “хөлсний жагсагчид” л байсаар ирсэн, байх ч болно. Харамсалтай нь, иргэдийн нэрээр тархи угаах иргэний хөдөлгөөнийхний ийм жагсаалын ард дандаа их мөнгө үнэртдэг гэж "мэргэжлийн хүмүүс" нь тодорхойлох юм билээ.  Зарим нэг жагсагчид ингэж олны танил, од болж яваад иргэдийн нэрээр эрх мэдэлд хүрдэг нь гэм биш зан болсон. Иймэрхүү замаар    гудамжнээс саарал ордонд орж, жагсагчаас төрийн сайд болсон хүн ч байна. Гэхдээ эрх мэдлийнх нь гишгүүр болсон иргэдийнхээ амьдралыг “хорлоод” явж байгаа нь Монголын улс төрд нэг хоёроор тогтохгүй.

Хараажаар мөнгөтэй нь ил, эрх ашгаа хамгаалуулсан, эрх баригчид нь сөрөг хүчинтэйгээ нийлээд гудамжинд гараад зогсчихсон, өөрийн зорилготой, өнгө төрхтэй, өөр өнцөгтэй, имижтэй, найруулгатай энэ мэт жагсаал энэ хавар гэхэд нэжгээд зохион байгуулагдав. Эхнийхийг нь “Жудагт Монгол”-оос санаачилж, дараагийнхийг нь МАН-ынхан гардан зохион байгуулсан юм. Ийм жагсаал өдөр бүр зохион байгуулагдаж, эрх ашгийнхаа төлөө хэн нэгэн бусдыг "хөлслөх" явдал цаашдаа өдөр бүр гарч магадгүй.  Гол нь ингэж жүжиглэж байгаад л эрх мэдэл хүрэхээрээ иргэдээ ор тас мартчихгүй л бол хэн юуны төлөө хэнийг ашиглах нь хамаа байж уу?

  Энүүхэндээ гэхэд МАН засагт найман сар ажиллахдаа, мөн УИХ-д 26 кноп бүхий сөрөг хүчний хувьд Монголоо аврах боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь, сав л хийвэл завсарлага авч, сандал суудлын хэрүүл хийсээр МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн гэвэл худлаа болохгүй байх. Ерөнхийдөө эрх мэдэлтэй явсан улстөрчид болоод намууд иймэрхүү гудамжинд инээдмийн драм тоглох нь иргэдийн төлөө гэхээсээ эрх ашгийнх нь нэгээхэн тэмцэл байв уу гэж харагдаж  байна.

Эцэст нь нэг асуулт байгаа нь, энэ мэт театрчилсан гудамжны жагсаалын үнэ ханш яг хэд бол?

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна