Өрөө төлөхөөр банк дээрэмджээ

2016 оны 4 сарын 5

Он гарсаар Улаанбаатар хотын хэмжээнд 112 дээрмийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн 2.3 хувийг эзэлсэн байна. Ялангуяа өөрөө хөдөлмөрлөж мөнгө олохоос залхуурч, галт зэвсэг ашиглан их мөнгөтэй болох шунахай сэдлээр банк дээрэмдэх хэрэг 2015 оны 12 дугаар сараас эхлэн нийслэлд хэд хэд бүртгэгдсэн байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн долоодугаар хороо 97 дугаар сургуулийн хажуугийн “Төрийн банк”-д “Тоз-8” маркийн буу барин нэвтэрч, ажилчдыг нь сүрдүүлж хоёр сая төгрөгийг дээрэмдсэн этгээд өрөнд орчихоод өрөө дарахаар ийнхүү дээрмийн хэрэг үйлджээ. Цагдаагийнхан банк дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн саатуулсан ч, Хан-Уул дүүрэгт байрлах “Капитал банк”-ийг дээрэмдэн 14 сая төгрөгийг авч зугтсан этгээдийг одоо хүртэл бариагүй, эрэн сурвалжилж буй юм.

“Хулгай худал, энэ насны бузар, эцэст нь тамын буг” гэгчээр хулгай хийж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн этгүүдэд хэзээ нэгэн цагт баригдаж, хариуцлага хүлээнэ. Иймээс хар мөртэй хулгай, дээрмийг үйлдэх биш, өөрсдөө хөдөлмөрлө гэж цагдаагийн байгууллага зөвлөлөө. Учир нь галт зэвсэг барин бусдыг сүрдүүлж, дээрэмдэхээс гадна өөрийгөө хамгаалах чадваргүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гар утас, эд зүйлсийг худал ярьж, дээрэмдэх, хулгайлах хэрэг их гарах болжээ.

Банк дээрэмдсэн  хэргүүдийг сөхвөл, 2015 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо буюу  “5-н шарын “ВSB”-тэй байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт  2015 оны энгэртээ “GAP” гэсэн бичигтэй юүдэнтэй, цайвар саарал цамц, хар маск зүүсэн, шар канттай улаан өмд, ажлын цагаан бээлийтэй, гар буутай, 2 дахь нь:  энгэртээ “GAP” гэсэн бичигтэй юүдэнтэй хар саарал цамц, хар маск зүүсэн, шар канттай улаан өмд, ажлын цагаан бээлийтэй, хар үүргэвч үүрсэн 2 амтай тайрсан буутай 170-175см өндөр, туранхай биетэй үл таних хоёр  залуу нэг удаа хий буудан сейфэнд байсан 423 сая төгрөг дээрэмдсэн юм. Гэмт этгээдүүдийг бүгдийг нь баривчилж, саатуулсан байна. Дахин өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт  юүдэнтэй улаан цамц, хар богино хүрэм, хар өмд, хар алаг пүүзтэй, гартаа урт буу мэт зүйлийг даавуугаар ороож барьсан эрэгтэй хүн орж ирээд мөнгө нэхэж байгаад гарч зугтаасан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо “Наранцэн” ломбардыг өнгөрсөн сарын 05 ны өдөр масктай хоёр эрэгтэй хүн дайран орж тус ломбардыг ажилуулдаг   иргэн Н-г буугаар хий буудаж айлган сүрдүүлж 800.000 төгрөг дээрэмдсэн хэргийг иргэн А, А  нар бүлэглэн үйлджээ.  

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна