Жакартад хоёр нисэх онгоц шүргэлцжээ

2016 оны 4 сарын 5

 

Индонезийн нийслэл Жакарта хотноо өнгөрсөн шөнө /IV.4/ хоёр нисэх онгоц шүргэлцсэнээс далавч нь шатсан осол гарчээ. “Batik Air” компанийн нисэх онгоц хөөрөх үедээ далавчаараа “TransNusa” компанийн онгоцны сүүлийг шүргэсэн байна. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй боловч Жакарта хотын “Halim Perdanakusuma” нисэх буудлыг түр хугацаагаар хаахад хүрчээ. Далавч нь шатсан  онгоцонд 49 зорчигч, нисэх багийнхны хамт зорчиж явсан аж.

 

Индонезийн аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр агаарын тээвэр нэмэгдэж байгаа ч аюулгүй байдлын тал дээр асуудалтай байдаг аж. Тухайлбал, 2013 онд “Lion Air” компанийн нисэх онгоц Бали арлын “Denpasar” нисэх буудлын нисэх зурвасаас хэтэрч тэнгис рүү унаснаас 22 хүн эмнэлэгт хүргэгджээ. Тэр ондоо тус компанийн өөр нэг онгоц Сулавеси аралд нисэх зурвасаас хэтэрч үхэр мөргөсөн осол гаргаж байжээ. Сүүлд 2014 онд “AirAsia” компанийн нисэх онгоц тэнгист осолдсоноос 162 хүн амь үрэгдсэн билээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна