Исландын Ерөнхий сайд огцрохоос татгалзав

2016 оны 4 сарын 5

 

Оффшор данс нь илчлэгдэж, хөрөнгө орлого нь эргэлзээ төрүүлсэн ерөнхий сайдаа огцруулж, дахин сонгууль явуулахыг Исландын ард иргэд шаардаж, жагсчээ. Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн нийгэмлэгээс олон нийтэд дэлгэсэн баримтууд дунд Исландын Ерөнхий сайдын нэр холбогдсоноос ард иргэд нь түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Харин Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон энэ хэргээс болж албан тушаалаа орхих бодолгүй байгаагаа мэдэгджээ.

 

Парламентад хэлсэн үгэндээ Сигмундур Ганнлагсон "Энэ хэргээс болж би албан тушаалаа орхих бодолгүй байна. Тэгэх ч үгүй. Засгийн газар сайн ажиллаж байгаа. Үр дүнд нь ахиц дэвшил гарч байна. Засгийн газар ажлаа дуусгах нь чухал” гэсэн байна.

 

Ерөнхий сайдыг парламентын ордноос гарч явахад ордны гадна 8,000 орчим хүн түүнийг огцрохыг шаардан жагссан байжээ. Исландад 2008-2009 оны эдийн засгийн хямралын үед гарч байсан томоохон эсэргүүцлийн жагсаалаас хойш ийм олон хүн оролцсон жагсаал гараагүй юм.

 

Жагсагчдын нэг, багшийн хэлснээр “Исландын иргэд хээл хахуульд идэгдсэн ийм засгийн газрыг цаашид тэвчихгүй. Иргэд ямар их бухимдаж байгааг харж байгаа биз дээ” гэжээ.

 

Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн нийгэмлэгийн дэлгэсэн баримтуудад Исландын Ерөнхий сайд болон түүний эхнэр Панамын хуулийн компанийн тусламжтайгаар Их Британийн Виржин арлуудад татвараас зугтаах зорилгоор компани байгуулсныг баталсан юм. Дээрх баримт ил болсны дараа иргэд ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байгаа ажээ.

 

Гэвч Сигмундур Ганнлагсон болон түүний эхнэр татвараа бүрэн төлж барагдуулсан гэж мэдэгдсэн бөгөөд татваргүй бүсэд компани байгуулаагүй гэж мэдүүлж байгаа юм байна.

 

Сигмундур Ганнлагсон Панамын бичиг баримт дунд шинэ зүйл юу ч байхгүй гэжээ.

 

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн илчилсэн баримтаар Исландын Ерөнхий сайд 2007 онд Винтрис корпорацийг эхнэр Анна Сигурлотой хамт байгуулсан ажээ. Харин 2009 онд хөрөнгө орлогын тухай хууль хүчин төгөлдөр болохоос нэг өдрийн өмнө Сигмундур Ганнлагсон компанийнхаа талыг эхнэртээ нэг ам.доллараар худалдсан байна.

 

Исландыг туйлдуулсан 2008 оны эдийн засгийн хямралын үеэр Винтрис бүх мөнгөө алдсан юм. Сигмундур Ганнлагсон Дэвшилтэт намаас 2013 онд ерөнхий сайдад нэр дэвшчээ.

 

330,000 хүн амтай, Умард Атлантын энэ улс 2008 оны санхүүгийн хямралаар ердөө нэг долоо хоногийн дотор банкууд ээлж дараалан дампуурлаа зарлахад эдийн засаг нь сөхөрсөн билээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна