Жагсаалтын тоог хэлэлцэх нь төвөгтэй

2016 оны 4 сарын 5

УИХ-ын хаврын чуулганы нээлтийг өнөөдөр хийлээ. Тиймээс энэ чулганаар ямар хууль батлах талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг намрын чуулганы төгсгөлд баталсан. Энэ чуулганаар цаг алдалгүй хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдээс дурдвал?  

-Хаврын чуулган богино хугацаанд хуралдах байх. Гэхдээ гарцаагүй хэлэлцэх шаардлагатай хуулийн төсөл олон байна. Мөн холбогдох хуулиар хугацааг нь заасан хуулийн төсөл ч байна. Тухайлбал ирэх оны төсвийн төсөөлөл, үндсэн чиглэл гэх мэт хуулиар хугацааг нь заасан хууль тогтоомжийг эцэслэж шийднэ. Зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүд дотор татварын шинэчлэлтэй холбоотой хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, боловсролын салбарын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Сонгуулийн хугацааг зарлан товлох тухай УИХ-ын тогтоолын төсөл, аймаг орон нутгийн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж батлах шаардлагатай.

-УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж жагсаалаар гардаг гишүүдийн тоог бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Хэрэв энэ төслийг хэлэлцвэл Сонгуулийн тухай хуульд задаргаа орж магадгүй гэсэн таамаглал байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх болов уу?

-Энэ асуудалд тодорхой байр суурь илэрхийлэх төвөгтэй байна. Яагаад гэвэл сонгууль ойртсон үед ийм асуудал хэлэлцэх нь дэмжлэг авахад бэрх. Нөгөө талаар 2003 онд УИХ-ын тогтоолоор баталсан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт байдаг. Ийм нөхцөлд жагсаалтын тоог бууруулах асуудлыг хэлэлцэх нь төвөгтэй байх гэж бодож байна.  

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна