Японоос 9000 нэр төрлийн бараа импортолно

2016 оны 4 сарын 5

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Кувейт, АНЭУ болон Бахрейны  вант улсад албан ёсны айлчлал хийсэн талаар өнөөдөр болсон “Мэдээллийн цаг” хурлын үеэр тус яамнаас мэдээлэл хийлээ.

Кувейт улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын эрхэм дээд Эмир болон Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. АНЭУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд болон Хөрөнгө оруулалтын агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны нөөц боломжийн талаар ярилцсан хэмээн ГХЯ-ны Бодлого Төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин хэллээ.


Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ямар түвшинд явж байна вэ?

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай зохицуулалтыг хоёр тал хийх ёстой байсан. Монголын талаас хууль эрх зүйн зарим зүйлд өөрчлөлт оруулсан. Японы талаас техникийн шинж чанартай зарим нэг асуудлыг удахгүй шийдэх байх. Ингээд ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох санамж бичиг солилцоно гэж төлөвлөж байна.

-Түншлэлийн хүрээнд нийт хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортолж, экспортлох вэ?

-Түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Японоос 9000 гаруй нэр төрлийн бараа авч, монголоос 4000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргана.   

-Гадаадад байгаа хэдэн иргэн сонгуульд санал өгөх вэ?

-2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон ирцээс багцалж үзэх юм бол нийтдээ 5000 гаруй иргэн санал өгсөн. Дипломат төлөөлөгчийн газартай 40 гаруй улсад амьдарч байгаа иргэд санал өгнө.Тоо таамаглаж өгөх хэцүү байна. Энэ удаа санал өгөх иргэдийг сонгууль болохоос нэг сарын өмнө бүртгэж, хоёр долоо хоногийн өмнө авна.   

-Гадаадад байгаа иргэдээс санал авах бэлтгэл ажил хангагдсан уу?

-СЕХ, Гадаад хэргийн яамны сонгуулийн ажлын хэсэг хамтарч бэлтгэл ажлын төлөвлөгөөг эцэслэсэн. Мэдээж бүртгэл, санал өгөхтэй холбоотой сургалт зохион байгуулж, дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан мэдээлэл өгнө.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна