"Хасын хүлгүүд", "Харцага"-ууд дараалсан хожилтой

2016 оны 4 сарын 5

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын эхний шатны хоёр дахь тоглолт өчигдөр боллоо. “Хасын хүлгүүд”, “Альянс Тех Харцага” багууд өрсөлдөгчөө хожиж, цувралыг 2:0-оор тэргүүлж эхэллээ. Тэдний хувьд дараагийн тоглолтод хожвол хагас шигшээд өрсөлдөх эрхээ авах юм.

Цурвал -2 /4.4/

  • “Дархан Гарьд” – “SBL Хасын Хүлэгүүд” - 122:135 /0-2/
  • "Дундговь Смарт Мон Алтиус" - "Альянс Тех Харцага" 97:113 /0-2/

Цуврал -1 /4.1/

  • "Альянс Тех Харцага" - "Смарт Мон Алтиус" - 102:95 /1-0/
  • SBL Хасын Хүлэгүүд - Дархан Гарьд - 125:111 /1-0/

 

Альянс-Тех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт 2:0

Тт№2 113:97

Эхний тоглолтод хожигдсон “Смарт”-д хоёр дахь уулзалтад хожигдох эрхгүй талбайд гарсан. Нэгдүгээр үе тэнцүүхэн өрнөсөн бөгөөд хоёрдугаар үеэс “Харцага” оноогоор холдож эхлэв. Тэдний бөмбөгний шилжилт төгс байж, довтолгоогоо төвөггүйхэн цагаригт унагаж байлаа. Э.Дөлгөөн “Смарт”-ын довтолгооны хөдөлгөх хүч болоод буй Моррисийг  тун сайн хамгаалж байв. Мөн тэрбээр довтолгоонд үр дүнтэй тоглож, алсын зайн шидэлтээр хөгжөөн дэмжигчдээ баясгаж байсан юм. Улмаар гуравдугаар үе дуусахад “Харцага” аль хэдийнэ 20 оноогоор тасарчээ.   Сүүлийн 12 минутад “Харцага” тэргүүллээ хадгалсаар 113:97-гоор өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 2:0 болгов. Одоо тэд ганцхан хожил авахад дараагийн даваанд хүч үзэх эрхтэй болно. “Смарт” тоглолтын турш 27 удаа бөмбөгөө алдсан нь хожигдол амсахад хүргэжээ. Тус тоглолтод “Харцага”-аас Блэйр 25, Акол 17, Э.Дөлгөөн 13 оноо авав. Харин “Смарт”-аас Моррис 28, Ханкерсон 20, Энхтайван 18 оноо авчээ. 2 багийн цувралын 3 дахь тоглолт маргааш буюу лхагва гарагт 20,00 цагаас Спортын төв ордонд явагдана.

SBL Хасын Хүлгүүд-Дархан Гарьд 2:0

Тт№2 135:122

Бэртлийн улмаас хэсэг хугацаанд талбайд гараагүй О.Ууганбаяр талбайд гарч хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Улмаар эхний үе тун өрсөлдөөнтэй өрнөсөн бөгөөд “Гарьд”-аас А.Тэмүүжин, “Хүлгүүд” Б.Билгүүн нар онцгой тоглож байлаа. Хоёрдугаар үеийн эхэнд О.Ууганбаяр сэлгээнд суулаа. Түүний бэртэл зовиурлаж байгаа харагдсан юм. Эхний хагаст “Хүлгүүд” 10 оноогоор тэргүүлэв. Харин гурав, дөрөвдүгээр үе тэнцүүхэн өрнөсөн ч эцсийн мөчид “Хүлгүүд”-ийн Корбин шилдэг тоглолтоо үзүүлэн багаа хожилд хөтлөв. Ийнхүү хүндхэн тулааны эцэст “Хүлгүүд” учраагаа 135:122-оор буулган авч, цувралыг 2:0 болгосон юм. Энэхүү тоглолтонд Хүлэгүүдийн багийн ахлагч Б.Билгүүн дахин нэг удаа багаа тэргүүлж 35 оноо 7 самбараар багаа тэргүүлсэн бол багтаа нэгэнт уусан дасан зохицоод байгаа Корбин 32 оноо 6 самбар, А.Бямбадорж 16 оноо, О.Сэргэлэн 15 оноо 7 самбар 7 оновчтой дамжуулалт, Н.Золжаргал 11 оноо, Б.Батжавхлан 10 оноо авсан. Харин 2 дахь хожигдлоо хүлээсэн Гарьдууд Антонио Жонес 29 оноо А.Тэмүүжин  27 оноо Колмен, Ричард 16,М.Дорждагва нар 10 оноо авсан ч хараахан хангалтгүй байлаа. 2 багийн цувралын 3 дахь тоглолт маргааш буюу лхагва гарагт 18,00 цагаас Спортын төв ордонд явагдана.

 

Дархан Гарьд vs SBL Хасын Хүлэгүүд - 122:135Гайхалтай тоглолтын эцэст Хүлэгүүд плэй-оффын эхний шатны 2 дахь хожлоо авч байна.

Posted by Mongolian National Basketball Association on Monday, April 4, 2016

 

 

ДУНДГОВЬ МОН АЛТИУС СМАРТ - АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА - 97:113Харцагууд плэй-оффын 2 дахь хожлоо авлаа

Posted by Mongolian National Basketball Association on Monday, April 4, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна