Ц.Элбэгдорж Олон улсын Улаанзагалмайн хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Олон улсын Улаанзагалмайн хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын Улаанзагалмайн хороо /ОУУЗХ/-ны Ерөнхийлөгч Петер Маурерийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн бөмбөрцгийн энд тэнд зэвсэглэсэн халдлагууд гарч, тухайн газар орны ард иргэдийн амьдрал ахуйд хүндрэл, бэрхшээл тохиолдож буй өнөө үед ОУУЗХ хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аюулд нэрвэгдсэн хүмүүст тусламжийн зүйлсийг хүргэх чиглэлд нөр их ажил хийж байгааг талархан дурдлаа. Зэвсэгт мөргөлдөөн, халдлагын улмаас зовж шаналж буй хүмүүст байнгын тусламж дэмжлэг үзүүлж, тэдний зовлонгоос хуваалцаж байдагт нь мөн талархаж байдгаа илэрхийлсэн юм.

Ноён Петер Маурер ОУУЗХ нь зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн бусад нөхцөл байдалд өртөгсдийг хамгаалах, туслах чиглэлээр бие даасан, төвийг сахисан статусаар ажилладаг байгууллага болохыг дурдаад  онцгой аюултай нөхцөл байдалд байгаа ард иргэдэд тусламж үзүүлэхээс гадна олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлан таниулах, үндэсний хууль тогтоомжид энэ талаар тусган хэрэгжүүлэх, дотоодын хууль тогтоомжид нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаараа ярив.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутагт төвийг сахих бодлого баримтлахын зэрэгцээ Өмнөд Судан, Афганистан зэрэг оронд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, тухайн улсын ард иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглэлээ. Төвийг сахих бодлолго баримталдаг орны хувьд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг хөрш болон бүс нутгийн улсуудтайгаа сайн харилцаатай, мөн Мьянмар зэрэг оронтой ардчиллын туршлагаа хуваалцаж байдгаа дурдлаа.

Мөн жил бүр олон улсын цэргийн “Хааны эрэлд” хамтарсан сургуулийг Монгол Улсад зохион байгуулдаг нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих, хүмүүнлэгийн чиглэлийн хууль, эрх зүйн актуудыг хэрэгжүүлэхэд хамтран оролцож буй нэг хэлбэр гэдгийг онцолсон юм.

Уулзалтын үеэр Монголын Улаанзагалмайн нийгэмлэг ОУУЗХ-той нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж