Эдийн засгийн байнгын хороо Ажлын хэсгүүд байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хороо Ажлын хэсгүүд байгууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.04.05/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Ажлын хэсэг байгуулах тухай байлаа. Тус хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулан байгуулав. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ахлан ажиллахаар боллоо.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулан байгууллаа.

Мөн өдрийн хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай дэгээр хэлэлцлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж