Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байна

2016 оны 4 сарын 5

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар манай улсад айлчилж байгаа Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Петер Маурерыг тус тус хүлээн авч уулзан Монгол Улс,  ОУУЗХ-ны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтуудын үеэр хоёр тал Монгол Улсын их сургуулиудын сургалтын хөтөлбөрт олон улсын хүмүүнлэгийн хуулийг оруулах, 2016 оны 1 дүгээр сард УИХ-аас баталсан Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН)-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад ОУУЗХ-ноос дэмжлэг үзүүлснийг дурдаж, ОУУЗХ-ны үйл ажиллагаанд монгол иргэдийг оролцуулах, олон улсын хүмүүнлэгийн хууль, эрүүл мэнд, цэвэр ус, хүнсний хангамжийн асуудлаар олон улсын сургалт семинар хамтран зохион байгуулах,  ОУУЗХ-ны тусламжийн барааг Монголын үндэсний компаниудаас нийлүүлэх, Өмнөд Судан, Афганистанд ажиллаж буй манай улсын энхийг сахиулагчид болон Монголд жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын цэргийн хээрийн сургуулилтад оролцогчдод олон улсын хүмүүнлэгийн хуулийн сургалт явуулах талаар ярилцав.

Ноён П.Маурер нь ОУУЗХ-ны Монгол Улсад айлчилсан анхны Ерөнхийлөгч болж буй бөгөөд тэрээр энэхүү түүхэн айлчлалынхаа үеэр МУЗН болон түүний Налайх дахь салбарт зочилж, Монгол улсын их сургуулийн Хуулийн сургууль дээр олон улсын хүмүүнлэгийн асуудлаар лекц унших юм.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна