З.Баянсэлэнгийг баримжаатай ярихыг хүсэв

2016 оны 4 сарын 5

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Төрийн албаны тухай хуулийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хөдөө орон нутаг тэр дундаа сум, багт ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг орон сууцаар хангана гэж “муйхарлав”. Тэрээр “Хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид бага цалингаар амьжиргаагаа залгуулж байна. Тиймээс тэдэнд байр орон сууц олгох хуулийн заалт оруулах хэрэгтэй. Ингэснээр хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой хүмүүс нэмэгдэж, тэдний амьжиргааны түвшин сайжирна” гэлээ.

Энэ санал нь байнгын хорооны гишүүдийн дургүйцлийг хүргэж нэлээд шүүмжлэл сонслоо. Тэр дундаас сөрөг хүчний гишүүн гэгдэх Ё.Отгонбаяр “Би Засгийн газрын гишүүн байсан хүн. Наад яриад байгаа зүйлд чинь тооцоо судалгаа байна уу. Арай ч ингэж болохгүй. Засгийн газрын зовлонг би ч гадарлаад байна. Баянсэлэнгээ баримжаатай юм ярь” хэмээлээ.

Харин З.Баянсэлэнгэ нэлээд бухимдаж чанга дуугаар байнгын хорооны гишүүдийг зандарсан ч эцэст нь санал хураалтаар түүний санал унасан юм. Үе үехэн ард иргэдийн “чихэн дээр цэцэг ургуулах” болсон түүний дараагийн “пиар” юу байхыг хүлээж л сууя даа.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна