Батлан хамгаалахын багц хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2016 оны 4 сарын 5

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр /2016.04.05/ 14 цаг 43 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналууд гаргасныг санал хураалт явуулж дэмжив. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдсэн тул одоо мөрдөж буй Үндэсний аюулгүй байдлын тухай 2001 оны хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай 1992 оны хуулийг түүнд нийцүүлэх, нөгөөтэйгүүр одоо мөрдөж буй хуулиудын зохицуулалт тодорхойгүй, оновчтой бус, давхардал ихтэйгээс зарим бэрхшээл тулгарч байгаа тул тэдгээр хуулийг нэгтгэн шинэчлэн найруулах шаардлагатай болжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг, 4 дэд бүлэг, 42 зүйлтэй юм. Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан стратегийг ҮАБЗ боловсруулах бөгөөд Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусган УИХ-аар батлуулж хэрэгжүүлэх, харин шалгуур үзүүлэлтийг нь ҮАБЗ урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулж ҮАБЗ-ийн тэргүүнээр батлуулахаар тусгажээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар ҮАБЗ-ийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй, харин илтгэгч, зөвлөх нарын бүрэлдэхүүнийг өргөжүүлэхээр зохицуулжээ.

Төсөлд тусгаснаар Засгийн газрын гишүүн, ТЕГ-ын дарга, ЗХЖШ-ын даргаас гадна ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, УИХ-ын байнгын хорооны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар илтгэгч байх аж. Мөн ҮАБЗ-ийн хуралдаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нар зөвлөх эрхтэй оролцох, түүнчлэн шаардлагатай тохиолдолд УИХ-ын дэд дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ахлагч, Монголбанкны ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нар зөвлөх эрхтэй оролцохоор тусгажээ.

Төсөлд ҮАБЗ-ийн хуралдаан хийх, шийдвэр гаргах, хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах журмыг нарийвчлан тодотгожээ. ҮАБЗ нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргаж ажлын 5 хоногийн дотор гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд шийдвэр нь зөвлөмж, тэмдэглэл хэлбэртэй, төрийн дээд байгууллагуудад өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийн шинж чанартай байх юм байна. ҮАБЗ-өөс УИХ-д хандаж гаргасан шийдвэрийг холбогдох хууль, тогтоолд тусгах, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж гаргасан шийдвэрийг зарлиг гаргах, Засгийн газарт хандаж гаргасан шийдвэрийг тогтоол гаргах хэлбэрээр хэрэгжүүлэхээр заажээ. ҮАБЗ-ийн зохион байгуулалтын бүтцэд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, илтгэгч, зөвлөх, шинжээч, орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг, ажлын алба хамаарахаар зохицуулжээ. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах зорилгоор үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр орон тооны бус зөвлөл, тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Ерөнхийлөгчийн зөвлөхөөс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Батлан хамгаалахын багц хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар батлан хамгаалах асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд гэсэн багц хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Байнгын хорооны гишүүд эдгээр хуулийн төслүүдийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг нэгтгэж сонссоны дараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан, саналаа хэлж, санал хураалтыг хуулийн төсөл тус бүрээр явуулах санал гаргасан юм. Ингээд эдгээр хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.

Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль нь 1993 онд батлагдаж, 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд батлан хамгаалах үйл ажиллагаа, түүний зарчим, хуулийн нэр томьёо, Монгол Улсын цэргийн байгууллыг шинээр тодорхойлж, төр, засгаас батлан хамгаалах талаар хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тусгажээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр батлан хамгаалах үйл ажиллагаа, батлан хамгаалах тогтолцоо, цэргийн байгуулал, бүтэц, бүрэлдэхүүн, батлан хамгаалах төсөв, субъектүүдийн бүрэн эрхийг оновчтой тогтоохыг чухалчилсан агаад хууль батлагдан гарснаар батлан хамгаалах тогтолцоо шинээр төлөвшиж түүнийг улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүй, цэргийн чиглэлээр хэрэгжүүлэх арга зам тодорхойлогдож, Монгол Улсын өөрийгөө батлан хамгаалах чадавх хуулийн зорилтын хүрээнд нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

“Зэвсэгт хүчний тухай” Монгол Улсын хууль нь 2002 онд батлагдаж, Монгол Улсын зэвсэгт хүчин, түүний чиг үүрэг, байгуулалтын үндэс, бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт, зэвсэгт хүчний талаарх төрийн байгууллага, албан тушаалтны болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, түүнийг хэрэглэх онол, арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгох чиглэлээр зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 4 бүлэг, 20 зүйлтэй. Хуулийн төсөлд нэр томьёоны тайлбарыг шинээр оруулсан; Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт нийцүүлэн зэвсэгт хүчний бүтцийг хуурай замын болон агаарын гэсэн төрлийн цэргээс бүрдэхээр тодорхойлж, төрлийн цэргийн мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон; Зэвсэгт хүчний улс төрийн, төрийн захиргааны, цэргийн мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх субъектийг тодорхой болгож, бүрэн эрхийн хоорондын уялдаа холбоог хангах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг зохицуулахаар тусгажээ.

Хууль шинэчлэн батлагдсанаар Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн чиг үүрэг баталгаажиж, зэвсэгт хүчний талаарх удирдлагын болон цэргийн удирдлагын дээд байгууллага, төрлийн цэргийн командлалын хуулийн үйлчлэл, эрх зүйн харилцааны боловсронгуй болж нарийвчлагдан зохицуулагдах юм байна.

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль 1992 онд батлагдан гарснаас хойших 23 жилийн хугацаанд хуулийн зорилтоо амжилттай гүйцэтгэж иржээ. Гэвч Монгол Улсын иргэн, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмших, батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох, цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтэн цэргийн анхан шатны бэлтгэлд, цэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн мэргэжлийн давтан сургалтад хамрагдах, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох зэрэг иргэний цэргийн үүрэгт хамаарах асуудлыг илүү боловсронгуй болгох шаардлагатай уялдуулан Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинээр тусгасан; Монгол Улсын иргэний цэргийн үүргийг тодорхой зааж өгсөн; Хугацаат болон цэргийн гэрээт алба, цэргийн дүйцүүлэх албатай холбогдох харилцааг нарийвчлан тогтоосон ба нэн шаардлагатай нарийн мэргэжил бүхий хүмүүсийг цэргийн гэрээт албанд элсүүлэх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлсэн; Цэргийн сургуулийн сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцох; “Оюутан-цэрэг”-тэй холбоотой эрх зүйн үндэслэлийг бий болгосон; Тайван цагт иргэнийг хугацаат цэргийн албанаас чөлөөлөх, тухайн жилд тур чөлөөлөх үндэслэлийг тодорхой заасан; цэргийн жинхэнэ албан хаагчийн алба хаах болзол, албан тушаалыг түр хавсран гүйцэтгэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас чөлөөлөх, бууруулан томилох, халах зэрэг зарчмын чанартай зохицуулалтуудыг нарийвчлан тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Харин 1992 онд батлагдсан “Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн агуулга, бүтэц, зорилтыг алдагдуулахгүйгээр сайжруулан боловсронгуй болгож, Монгол Улсын цэргийн жинхэнэ алба хаагчийн эрх зүйн байдлыг тус харилцаанаас зааглан салгаж тусад нь бие даасан хууль болгон боловсруулах үүрэг, чиглэлийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгсний дагуу Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөл нь цэргийн жинхэнэ алба хаагчийн эрх зүйн байдал, үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгаа, эрхийн хязгаарлалттай холбогдох харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд 6 бүлэг 12 зүйлтэй юм. Уг хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын зарчмыг шинээр тогтоосон; хуулийн үйлчлэх хүрээг албан үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн жинхэнэ алба хаагч, цэргийн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн бэлтгэл үүрэгтэнд хамаарахаар тусгасан; цэргийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох нөхцөлүүдийг шинээр тодорхойлсон; цэргийн алба хаагчийн эрх, үүрэг, давуу эрх, эрхийн хязгаарлалт, цалин хөлс, шагнал урамшуулал зэрэг зохицуулалтууд орсон зэрэг зарчмын шинжтэй шинэлэг зохицуулалтыг тусгасныг төсөл санаачлагч илтгэлдээ онцолсон юм.

Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын зарчим, эрх, үүрэг, давуу эрх, эрхийн хязгаарлалт, цалин хөлс, шагнал, урамшил, галт зэвсэг хэрэглэх зэрэг эрх зүйн нарийвчилсан зохицуулалтууд тодорхой болж эрх зүйн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нараас асуулт асууж тодруулав. Харин үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хоёр парламент дамжин яригдаж ирсэн ч улс төрийн намуудын байр суурийн зөрүүгээс болоод хойшлогдож байсан Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганаар баталсан энэ удаагийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны том үр дүн гэдгийг онцлоод бодлогын уг баримт бичигтэй уялдуулж батлан хамгаалахын эрх зүйн зохицуулалтыг яаралтай боловсронгуй болгож шинэчлэх шаардлагатай байгаа тул эдгээр хуулийн төслүүдийг 2016 оны хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг байнгын хорооны гишүүдээс хүслээ. Ингээд хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9-84.6 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дипломат албаны эрх зүйн зохицуулалтыг шинэчилнэ

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох хуулийн төслүүд, мөн Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэж шийдвэрлэлээ.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан юм.

Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенц, Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенцид тулгуурласан Дипломат албаны тухай хуулийг анх 2000 онд баталснаас хойш 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ хугацаанд Монгол Улсын Их Хурал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд, Гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд тус тус шинэчлэн баталсан. Иймээс шинэчлэн баталсан бодлогын баримт бичгүүдтэй хуулийн зохицуулалтыг уялдуулах, дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдлыг тодотгох, тэдгээрийн ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах шаардлага гарч байгаатай уялдуулж Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг, 45 зүйлтэй юм. Одоогийн хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтыг сайжруулах хүрээнд хуулийн төсөлд дипломат байгууллагын бүтцэд зайлшгүй байдаг орчуулгын албаны эрх зүйн үндсийг бүрдүүлж, чиг үүргийг дээр дурдсан бодлогын баримт бичгүүд, дипломат албаны чиг үүргийн тэлэлттэй уялдуулан тодотгож, хилийн чанад дахь Элчин сайдын яамыг Улсын Их Хурал, бусад Дипломат төлөөлөгчийн газруудыг Засгийн газар нээх, хаахаар одоогийн зохицуулалтыг өөрчилж, тэргүүнийг томилох томилгоог уялдуулжээ. Түүнчлэн дипломат алба мэргэшсэн байх, энэ дархлааг нь хамгаалах хүрээнд дипломат албаны мэргэшлийн удирдлагыг хэрэгжүүлэх Дипломат албаны зөвлөлтэй байх, Төрийн нарийн бичгийн дарга, ДКТГ-ын тэргүүнд тавих тусгай шаардлага, дипломат албан тушаал дэвшихэд тавигдах ажилласан жилийн шаардлагыг тогтоох, бусад улсад байдаг жишгийн дагуу шаардлагатай үед дипломат албанд түр ажиллуулах хүний нөөцтэй байх зэрэг зохицуулалтыг бий болгохоор тусгажээ.

Түүнчлэн дипломат албанд ажиллагсдын, ялангуяа хилийн чанад дахь ДКТГ-т ажиллагсдын ажиллах, амьдрах нөхцөл, баталгааг сайжруулах хүрээнд ДТКГ-ын ажилтнуудын цалин хөлсийг суугаа улсын амьжиргааны өртөг, амьдрах нөхцөл, олон улсын жишиг буюу тухайн улсад суугаа бусад улсын ДКТГ-ын албан хаагчдийн цалин хөлсийг харгалзан хоёр жил тутам Засгийн газар тогтоох, эрүүл мэндийн даатгалыг заавал төсөвт суулган санхүүжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол төлбөртэй бол төлбөрийг төр хариуцах, гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, томилолтын хугацаа дууссаны дараагаар ажил олгогч төрийн байгууллага нь ажлын байраар хангахаар тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, М.Батчимэг нар Гадаад хэргийн сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан үг хэлсэн юм. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэнээр байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна