“Исламын улс бол бизнес”

2016 оны 4 сарын 6

Тажикийн эрх баригчдын тооцоогоор 1000 гаруй тажик иргэн Сири дэх Исламын улс бүлэглэлд /ИУБ/ элсэн байлдаж байгаа аж. Албан ёсны мэдээгээр одоогийн байдлаар 300 гаруй тажик иргэн ИУБ-д байлдаж яваад амь үрэгдээд байгаа юм.

 

ИУБ-д элсэхээр 19-45 насны эрчүүд явж байна. Зарим тохиолдолд тэд энэ эрсдэлтэй “аялалдаа” эхнэр, хүүхдээ аван очиж байна. ИУБ-д элсэх хүсэлтэй хүмүүсийг Тажикийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа болон ОХУ-д хөдөлмөрлөж мөнгө олохоор очсон тажикууд дундаас олж байна.  Өнгөрсөн жил Тажик улс Эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулж, жихадистуудын эгнээнд байлдаж яваад, өөрийн сайн дураар эргэн ирсэн хүнийг эрүүгийн хариуцлагад татахгүй байхаар болсон юм. Ингэж эргэн ирсэн хүнийг тусгай зориулалтын газар хэдэн сараар байлгаж, Үндэсний аюулгүй байдлын хороо, прокурор болон Дотоодыг хамгаалахын ажилтнууд байцаадаг. Эдүгээ 200 гаруй тажик иргэн үүгээр дамжжээ.

 

Ингэж эргэн ирсэн хүний дотор Бободжон Карабоев байсан юм. Душанбе хотоос холгүй орших Вахдат хотын иргэн тэрбээр эдүгээ 30 настай. Москвад таксины жолоочоор ажиллаж байсан тэрбээр Москвагаас онгоцоор Стамбул руу нисэх үед хамт зорчигчийн нэг нь ИУБ-ийн ухуулагч байсан байна. Стамбулаас тэрбээр Сирид очжээ.

 

Дунд сургуулиа төгсөн, цэргийн сургуульд элссэн ч ар гэрийн байдлаас болж сургуулиа орхин, мөнгө олохоор ОХУ-д очжээ. ОХУ-д ажиллаад бараг 10 жил болсон байна. Сирид тэрбээр дөрвөн сар орчим болсон бөгөөд эхний очсон газар нь эртний дурсгалт Пальмир хотын ойролцоох лагерь байлаа.

 

BBC агентлагийн орос хэл дээрх сувгийн сурвалжлагч Анора Саркрорва Сириэс эргэн ирсэн Бободжоном Карабоевтай ярилцжээ.

 

 

Бободжон Карабоев: 2015 оны зун шинээр элссэн 150 дайчны хамт ИУБ-д эзлэгдээд байсан Пальмирт очсон. Пальмираас гурван км-ийн зайд хэт даврагчдын бэлтгэлийн хуаран байлаа. Үнэнийг хэлэхэд тухайн үед би Палмир хотын түүхийг сайн мэддэггүй байж. Очиж хараад энэ хотын гайхамшигт зүйлүүдийг хараад алмайрсан. Сүрлэг баганууд, гоёмсог аркууд. Энэ газар нэг л өөр энергитэй. Гэсэн ч дурсгалт газар төдийгүй, энгийн иргэдийн амьдарч байсан хэсгийг нураан сүйтгэсэн. Гудмуудад эвдэрсэн дурсгалт зүйлс хөглөрөн хэвтэж байлаа. Би араб зааварлагчаас энэ ямар газар болох тухай асуусан. Тэрбээр энэ бол Пальмир хот, бид саяхан эзэлж аваад, нураасан хэмээн хариуллаа. Яагаад устгаж байгаа юм бэ гэхэд “Яагаад гэвэл энэ манай шашинд тохирохгүй, нүгэлтэй зүйлс, бидний шашны үзэл баримтлалаар ийм зүйлсийг устгах ёстой” гэсэн. Гэхдээ худалдаж болохгүй зүйлсийг л эвдэн нурааж, харин зарж болох зүйлсийг аль хэдийнэ зарсаныг би төдөлгүй мэдсэн. Үнэндээ эдгээр зүйлсийг шашны үзэл бодлоос болж устгасан гэж бодохгүй байна, зүгээр л зарж болох юмыг бүгдийг зарж, болохгүйг нь хайр найргүй устгасан. Бүгд л тэгж мөнгө хийж байсан. Үүнийг санаатайгаар, зэрлэг балмадаа харуулах гэж хийсэн. Эдгээр хүмүүс исламын нэрийн өмнөөс энэ бүхнийг хийсэн. Гэхдээ Сирид байхдаа би тэднийг бү бүтээж, босгож байгааг хараагүй. Ийм зүйл аль ч шашннд байдаггүй биз дээ. Пальмирт би удаан байгаагүй. Бид их хүнд нөхцөлд байсан. Халуун, өлсгөлөн, уух ус ховор. Би эргэлзэж эхэлсэн. Төдөлгүй намайг ингэж эргэлзэж эхэлсэний төлөө шоронд хийсэн. Шорон тэндээ байсан бөгөөд тэнд над шиг олон хүн байсан.

 

Би-би-си: Тэр бэлтгэлийн хуаранд юунд суралцсан бэ?

 

Б.К.: Биднийг ямар нэг онцгой зүйлд сургаагүй. Зүгээр туршилтын хугацаа байсан гэж хэлэх нь зөв байх. Биднийг хэр тэвчээртэй вэ, дайны байдлыг давж гарч чадах нь уу, тэдний үзэл бодолд хэр үнэнч эсэхийг харахыг хүссэн. Шинээр ирсэн 150 хүн дотор гурван тажик байсан. Бусад нь арабууд. Харин орчуулагч нь Йеменийх. Тэр йемен орос хэл мэддэг. Бид бүгд 25-30 насны залуус байсан. Өдөрт бидэнд нэг шил ус, долоон ширхэг нандин чавга өгдөг. Сэрүүцүүлэгч бүхий үнэтэй машин хөлөглөсөн ахлагч үе үе ирнэ. Тэр байдлыг шалгачихаад яваад өгнө. Тэнд очсон залуусын ихэнх нь та нарт ажил олж өгнө, шударга ёсыг эрхэмлэдэг газар очно гэсэн амлалтад хууртсан байсан.

 

Ажилгүйн зовлон Хямрал

 

Би-би-си: Өөрийн ухуулагчтай яаж танилцсан бэ?

 

Б.К : Би Орост арван жил ажилласан. Самар хотод ресторанд туслах тогооч хийж байгаад Москвад очиж машин худалдан авч, дуудлагын жолооч хийдэг байсан. Дараа нь Петербургт очсон. Би ер нь аялах дуртай. Ухуулагчтай би санамсаргүй танилцсан. Хэд хэдэн удаа дуудлагаар очиж энд тэнд хүргэж өгсөн. Тэр бас тажик. Өөрийгөө Абдурахмон гэж танилцуулсан. Тэр миний байнгын үйлчлүүлэгч болж, бид ойр танилцсан. Тэр Сирийн тухай ярина. Тажик болоод Орост шударга бус байдал ноёрхож байгаа тухай ярина. Мөн янз янзын дүрс бичлэг үзүүлнэ. Тэр үед хямрал болж ажил маань асуудалтай болж эхэлсэн. Тэр үед Абдурахмон надад Сири явахыг санал болгосон. “Очоод үз, илүү мөнгө олох ч юм билүү, болохгүй бол буцаад ирнэ биз, асуудалгүй шүү дээ” гэсэн. Би Сирийг огт сонирхохгүй байсан юм. Сирийн талаар телевизийн мэдээний хэмжээнд л мэдэж байсан. Мэдээгээр ИУБ гэж сонссон ч яг юу гэдгийг мэдээгүй. Ухуулагч маань Сирид дайн болоогүй, ИУБ-ийн эзэлсэн газруудад үйлдвэр, завод ажиллаж байгаа, тэнд ажиллаж мөнгө олж болно гэсэн. Сүүлд би Халил нэртэй бас нэгэн тажиктай танилцсан нь бас ухуулагч байсан. Ер нь ухуулагчид маш сайн сэтгэл зүйчид. Тэд амьдралын ямар нэг асуудалтай хүмүүсийг авладаг. Ажилгүй, албан ёсны оршин суух зөвшөөрөлгүй, хууль хяналтын байгууллагын хараанд өртсөн, хохирсон, хэлмэгдсэн хүмүүс тэдний хувьд өгөөш. Тэд ийм хүмүүсийг маш хурдан зомби болгож, чи удахгүй бодит байдлыг ухаарахаа болино. Тэдэнд итгэж эхэлнэ, харамсалтай нь үүнийгээ ойлгож эхлэхэд оройтсон байна. Ухуулагчийн хийж байгаа зүйл нь тэдний мөнгө олж байгаа ажил гэдгийг бодох ёстой. Миний ухуулагч тажик бол Египетэд сурч байсан, тэнд байхдаа лалын хэт даврагч үзэлд автсан юм билээ. Түүнийг зориуд ийм ажилд бэлдсэн байсан. Орост ч тэр санамсаргүй очоогүй. Тэр ажлаа хийж байсан. Нийгмийн бүхий л сүлжээнд тэр өөрийн хаягтай. Энэ хаягаар нь хэн нэвтэрч, хэн сонирхож байна тэр бүгдтэй ярилцдаг. Мөнгөгүй мухардалд орсон хүмүүс тэдний урхинд хамгийн түрүүнд ордог. Сирид очсон хойноо түүн рүү утасдаж, надтай яагаад ингэж харьцсан тухай асуусан. Харин тэр инээгээд “чамайг удахгүй ална, чи бол гэнэн амьтан, чам шиг хүмүүсийг Сири рүү явуулах нь миний ажил, та нар шиг хүмүүс хэнд ч хэрэггүй, та нарын хувь тавилан бол зүгээр л үхэх” гэж хэлсэн.

 

Би-би-си: Замын зардлаа яаж төлсөн бэ?

 

Б.К.: Сири явах зардал над байгаагүй. Гэхдээ энэ бол огт асуудал биш. Надад онгоцны тийз худалдаж авч өгөөд, замын туршид хэрэглэх мөнгө өгсөн. Стамбулд намайг тосч авсан. Тэндээс Туркийн хил дээрх Газиантеп хотод ирсэн. Харин тэндээс таксигаар Сири рүү 18 цаг явсан. Энэ бол өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард болсон хэрэг. Сирид очсон хойно оросоор ярьдаг дагестан залуу машинтай хүлээж байсан. Тэр бидний паспорт, гар утсыг хураан авсан. Тэр залууд би  “Энд над таалагдахгүй байна, буцъя” гэхэд тэр инээгээд “Залуу минь, эндээс буцах зам байхгүй” гэсэн. Тэр үед л би хууртсанаа ойлгосон.

 

Онгорхой цонхоор

 

Би-би-си: Турк-Сирийн хилийг тийм амархан нэвтэрч байна гэж үү. Та нарын хаашаа явж байгааг мэдсээр байж хүргэж өгөх таксины жолооч олдож байна уу?

 

Б.К.: Турк-Сирийн хилийг тайван өнгөрсөн. Туркийн хилийн цэргийн дунктийг би холоос харсан. Бидний хил нэвтэрсэн газар “онгорхой” байсан нь санамсаргүй хэрэг биш гэдэгт итгэлтэй байна. Стамбулд ухуулагчийн холбоотон жолооч байсан, тэр биднийг хил хүргэж өгсөн. Хил дээр очоод жолооч намайг бас миний бичиг баримтын зургийг аваад ухуулагч руу намайг харж байхад илгээсэн. Энэ нь ажлаа тайлагнасан хэрэг, тэгж байж мөнгөө авдаг биз. Биднийг хүргэж өгсөн хүн, бас “онгорхой” гаргаж өгсөн хүн мөнгө авч байгаа. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд нийлсэн хэдэн хүн хоёр таксигаар хил хүрсэн. Тэнд Киргизийн иргэн байсныг би харсан. Дараагийн өдөр намайг Ракку хотод аваачсан. Зам зуураа бид шалган өнгөрүүлэх зургаан цэгийг дайрсан. Харин энэ цэгүүд дээр бидний машиныг огт зогсоож шалгаагүй, машиныг болон дагалдагч дагестаныг сайн таньж байсан. Тэндээ хагас сар байшингийн хонгилд байсан. Тэнд 170 орчим хүн байсан. Бүгд л над шиг залуучууд. Франц, испани, араб, орос хүмүүс байсан. Нэг орос залуутай танилцсан. Тэр Калининградад төрсөн юм билээ. Исламд орсон, нэр нь Абу Талха гээд, орос нэрээ хэлээгүй. Хонгилд байхад өдөрт бидэнд цагаан будааны нэг ширхэг талх өгдөг байлаа. Эхний нэг сар тэр хүний талаар мэдээлэл цуглуулна. Тэнд байгаа хүмүүсийн паспорт, гар утас, хувийн эд зүйлсийг шуудайд хийсэн байхыг би харсан. Бүх эд зүйлийг нь хурааж аваад оронд нь чиний хэн болохыг товч бичсэн цаас өгдөг. Энэ нь чиний шинэ баримт бичиг юм.

 

Би-би-си: Хонгилд байх үед гарч хотын байдалтай танилцах боломж байсан уу?

 

Б.К.: Нет. Биднийг гадагш гаргадаггүй, маш хатуу чанд байсан. Хэн ч юу болоод байгааг ойлгохгүй. Тэнд нэгэн тунис залууг алахыг харсан. Бидэнд түүнийг тагнуулч гэж хэлсэн. Хэн нэг нь эргэлзсэн тээнэгэлзсэн, үл итгэсэн байдал гаргавал эсвэл алдаг, эсвэл шоронд хийдэг. Раккугаас хэсэг хүнийг, тэрэн дунд би бас, Табхуд аваачсан нь орос хэлтэй хүмүүс байсан. Тэнд оросоор ярьдаг хүмүүсийг сургаж байсан юм билээ. Энд биднийг буудаж сурган, биеийн хүчний дасгал хийлгэж байсан. Мөнгө өгөөгүй, өдөрт нэг удаа хооллож байсан. Сургалт дууссаны дара биднийг хуваарилсан. Анх Табхуд 20 тажик очсон ч сүүлдээ дөрөв л үлдсэн. Бусад нь эсвэл үхсэн, эсвэл бууны суманд оногдсон гэж бидэнд хэлсэн. Энэ сургалт хоёр сар орчим үргэлжилсэн. Тэгнд очсон тажикууд над шиг мөнгө олохоор Орост байсан хүмүүс байсан. Тэд Сирид ирсэндээ бүгд маш харамсч байсан. Бүгд л бцахыг хүсч байлаа. Хэн ч байлдах дургүй байсан, тэр тусмаа юуны төлөө байлдах болсоноо ойлгоогүй. Тэнд байсан тажикуудаас яаж ирсэнийг нь асуусан. Нэг залуу банкнаас зээл аваад төлж чадахгүй байсан юм билээ, харин ухуулагч Сири явбал зээлийг нь төлнө гэж амалсан гэсэн. Тэр залуу төдөлгүй нас барж, Тажикад хоёр хүүхэд нь бас банкны зээл нь үлдсэн. Бүгд л Сирид ирсэндээ бухимдаж байсан. Гэхдээ бид хоорондоо чөлөөтэй харьцаж чаддаггүй байсан, ингэх нь хэн нэгэнд эрсдэлтэй гэдгийг ойлгож байсан. Тэнд ер нь чи хэн ч биш, үхлийнхээ төлөө л явна гэсэн үг.

 

Би-би-си: ИУБ хянаж байсан газруудад амьдрал ямар байсан бэ?

 

Б.К.: Табхад нэгэн тохиолдлын гэрч болсон. Нэг машин ирж зогсоод дотроос нь 25 орчим насны залууг буулгаж ирээд, ялын тогтоол уншаад л толгойг нь огтолсон. Хотын төвд шүү. Хүмүүс энэ үзэгдэлд огт гайхахгүй байгаа нь муухай санагдсан. Зэрлэг балмад байдал, үхэл, цусанд тэд бүүр дассан байсан. Хажууханд чинь дайтаж, ИУБ-ийн нэрийн өмнөөс хэн нэгний толгойг огтолж, эсвэл дүүжилж байхад хотын иргэд хажуугаар нь зүгээр л өнгөрч, өөрс өөрийн ажлаа хийж байдаг. Цаазлуулж байгаа хүмүүс юу ч дуугардаггүй бас сонин. Энэ хүмүүстэй юу ч яриад нэмэргүй гэдгийг тэд ойлгосон учраас дуугардаггүй, эсэргүүцэл үзүүлдэггүй. Тэднийг өршөөж болохгүй. Тэдний хувьд бид зүгээр л махан таташ, боолууд. Тэнд ямар ч хууль байхгүй. Инээж болохгүй, тоглож болохгүй, харилцан ярилцаж болохгүй, ном сонин байхгүй, дэлхийд юу болж байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хотын оршин суугчил гадагшаа гарахгүй байхыг илүүд үздэг. Эмэгтэйчүүд нь нүднээсээ бусдыг халхалсан хувцастай, хүүхдүүдийг цэргийн сургуулилалт хийдэг тусгай сургуульд сургадаг. Тэнд хоёр, гурван настай хүүхэд байхыг би харсан. Сирид гэр бүлтэйгээ очсон бол буцаж харих ямар ч шаансгүй. Яагаад гэвэл хүүхдүүдийг нь ИУБ өөрийн өмч гэж үзэн “хураан” авдаг.

 

Байлдаад 50 доллар

 

Би-би-си: Та яаж оргож чадсан юм бэ?

 

Б.К.: Сирид би дөрвөн сар орчим байсан, эхнээсээ л би оргохыг хүсч байсан. Энэ бодлоо хэнд ч хэлээгүй. Хэнд ч итгэж болохгүй байсан. Оршин суугчидтай харьцаад ч нэмэргүй. Тэд ИУБ-ийг үзэн яддаг, тэд хурдан чөлөөлөгдөхийг хүлээж суудаг. ИУБ-ийн дайчдын зэрлэг балмад байдал олон хүнийг шооконд оруулж байсан. Лалын шашинтай хүн ингэж болохгүй гэдгийг илээр хэлээд алуулдаг, эсвэл шоронд ордог. Хэн ч биднээс байлдах уу гэж асуугаагүй, зүгээр л байлдах үүрэг өгсөн. Бидний командалж байсан хүмүүсийн ихэнх нь дагестан, чечен хүн байсан. Тэд биднийг та нар буцаж очвол та нарыг эрүүгийн хариуцлагад татна гэж айлгадаг. Би нэг л удаа тулалдаж үзсэн. Яаж амьд гарсанаа өөрөө ч мэдэхгүй. Манай отряд галан дунд орсон. Би хэнийг ч харалгүй газар хэвтээд өгсөн. Ихэнх нь буудаж ч амжилгүй тэнд алуулсан. Биднийг торгуулийн салаа болгон өмнөө тууж, өөрсдөө бидний ард тулаанд орсон. Тулалдаанаас амьд гарсан хүн бүрт 50 ам.доллар өгсөн. Тэр үед би таксины жолоочийг харсан. Тэгээд түүнээс хил дээр хүргэж өгөхийг гуйж мөнгөө өгсөн. Шалган өнгөрүүлэх цэгүүдэд би ИУБ-ээс өгсөн барим бичгээ үзүүлж байлаа. Бүгд л намайг шинээр ирэгсдийг угтаж авахаар явж байна гэж бодсон байх. Хилэ гарсан нөгөө газраа ирэхэд тэнд бас л “онгорхой” байж байсан. Цаг гаруй яваад нэгэн сууринд очоод, цагдаа руу утасдаж өгөхийг гуйсан. Тэнд курдууд байх вий гэж би айж байсан. Туркийн цагдаад би Тажикийн иргэн гэдгээ хэлээд Сири явах гэж байсан ч бодлоо өөрчисөн гэж мэдүүлсэн. Харин цагдаа намайг Тажикийн ЭСЯ-нд шилжүүлсэн юм. Тажикт ирээд би сайн дураар бууж өгч байгаагаа хэлж, бүгдийг ярьсан. Сайн дураар ирсэн учраас намайг эрүүгийн хариуцлагад татаагүй.

 

Би-би-си: Сирид байсныг чинь гэрийнхэн чинь мэдсэнүү?

 

Б.К.: Манайхан юу ч мэдээгүй байсан. Харин буцаж ирсэний дараа мэдсэн. Ээж маань үүнээс болж өвдөн эмнэлэгт хэвтэж, Москвад байсан ахдаа Герман руу машины наймаанд явлаа гээд хэлчихсэн байсан нь баригдсан. Би гэр бүлдээ гай зовлон авчирсан ч  гэрийнхэн маань намайг дэмжиж байгаа. Хөршүүд харин янз янзаар л хандаж байна. Би алдаагаа ойлгож байгаа. Сири явах шийдвэр гаргасандаа би сая сая удаа харамссан.

 

Хэн над шиг хүнд охиноо өгөх вэ дээ?

 

Би-би-си: Одоо амьдрал чинь жигдэрч байна уу?

 

Б.К.: Амьдрал маань жигдрээсэй гэж маш их хүсч байна. Өнгөрснөө мартаж, шинэ амьдрал эхлэхийг хүсч байна. Гэвч энэ амар биш. Сири явсан өдөр рүүгээ буцаж, шийдвэрээ өөрчлөх юмсан гэж боддог. Гэсэн ч тийм боломжгүй шүү дээ. Бид бүгд амьдрах хэрэгтэй. Найз нөхөд, ангийнхан маань бүгд надаас нүүр буруулсан. Гудманд таарсан найзууд, хараагүй юм шиг өнгөрч байна. Би тэднийг ойлгож байна. Надад ч хүмүүстэй уулзах ичгэвтэр байна. Би бараг хэнтэй ч харьцахгүй байна. Гэр бүлтэй болмоор байна. Гэсэн ч сүйхүлээж авах олхин алга. Хэн над шиг хүнд охиноо өгөх вэ дээ. Төрийн хар жагсаалтад би бичигдсэн, надад итгэдэг болохын тулд би ихийг хийх хэрэгтэй. Ямар нэг сэжиг таамаг, ухуулга сурталчилгаанаас айж байна. Намайг ашиглах вий гэсэн болгоомжлол байна. Сирийн байдлын талаарх мэдээллийг сонсч, ИУБ-ийг ялж байгаад баяртай байна. Би олон зүйлийг ойлгосон. ИУБ исламыг үзэн яддаг гэдгийг ойлгосон. ИУБ-ийн дайчид бол зөвхөн байлдах зориулалттай бэлтгэгдсэн хүмүүс. Харин ислам гэдэг бол тэднийг далдалсан баг. Тэдэнд хууртагдсан, зомби болсон залуучууд над харамсалтай санагддаг. Энэ бол жихад биш. Сири дэх дайн бол бизнес, хэн нэгний ашиг сонирхол. Толгойлогч, ахлагч, ухуулагчид бол мөнгө хийж байгаа хүмүүс, харин жирийн дайчид нь хууртагдсан хүмүүс, махан таташ. ИУБ-ийн толгойлогчдод хүн ёсны зүйл нэг ч байхгүй, ямар ч эрхэм зүйл байхгүй. Миний алдааг хэн нэгэн давтаасай гэж хүсэхгүй байна. Би азаар амьд үлдсэн, харин олонх нь юуны төлөө, яах гэж ойр дотныхондоо сэтгэлийн зовлон авчирч байгаагаа ухааралгүй үхэж байна.

 

Бэлтгэсэн А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна