Хүүхдийн тоглоомын газраар өвчин халдварлах уу?

2016 оны 4 сарын 6

-Гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх вакцин байхгүй учир хувь хүн, гэр бүлийн хамгаалалт хамгийн чухал-

Гараа байнга, урьд өмнөхөөс илүү сайн угаах нэгэн шалтгаан байгаа  нь сүүлийн үед дэгдээд буй “Гар хөл амны өвчин” юм. Гар хөл амны өвчин нь гол төлөв энтеровирусын бүлэг болох coxsackievirus нэртэй вирусээр үүсгэгддэг бөгөөд халдвар дамжих гол зам нь бохир гар юм.

Энэхүү вирус нь бохир гараар дамжин хүний биед орсноор хоол боловсруулах замд байрлан, эмгэг төрөгч шинж чанараа үзүүлж эхэлдэг байна. Хоол боловсруулах зам нэгэнт халдварыг тээгч голомт болсон учир хүний өтгөн нь халдвар тараах өндөр эрсдэлт хүчин зүйлсийн нэгд тооцогдоно.

Халдвар дамжих зам:

  1. Бохир гар

  2. Шүлс

  3. Хамрын шүүрэл

  4. Цэврүүнд агуулагдаж буй шингэн

  5. Өтгөн

Арав хүртэлх насны,  ялангуяа 1-4 насны хүүхдүүд гар хөл амны өвчнөөр халдварлах нь илүү бөгөөд энэ нь тэдний өөрөө бие даан авч явах чадваргүй, орчноосоо хамааралтай байдагтай холбоотой.

Өвчний халдвар эрчимжих  хугацаа улирлаас шууд хамааралтай. Хүйтэн сэрүүний улиралд халдварын тархалт буурна. Учир нь ихэнх  нянгийн адилаар дулаан орчин нь эл өвчний вирусын үржих таатай орчин болдог.

Шинж тэмдэг

Гар хөл амны өвчний үед залгиур хоолой, хэл, буйл, хатуу тагнай болон хацрын дотор талаар өвдөлттэй цэврүүнцэр гарна. Энэ нь өвчин үүсгэгч хоол боловсруулах замыг гэмтээдэгтэй холбоотой. Энэхүү шинж тэмдгээр мэргэжлийн эмч уг өвчнийг шууд оношлох боломжтой. Цэврүү нь ягаан өнгийн, дотроо шингэн агуулсан байх бөгөөд хагарсан үедээ улаан суурьтай шархлаа үүсгэнэ.

Зарим тохиолдолд ягаан өнгөтэй бэлцрүү амны хөндийгөс гадна гар хөл болон биеийн бусад хэсэг болох гуя ташаа, өгзөг хэсгээр туурсан байж болно. Бага насны хүүхэд, ялангуяа өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хэлд ороогүй хүүхдүүд энэхүү өвчнөөр өвдсөн үед эцэг эхчүүдийн зүгээс анзаарч ялгахад төвөгтэй байж болно. Учир нь цэврүү бүхий тууралтууд амны хөндий,  хоолой хэсэгт байрласан байвал илт анзаарагдах тод шинж байхгүй гэсэн үг юм. Тиймээс бага насны хүүхэд тань юм идэж уухдаа зовиуртай, дургүйлхэж байвал эмчид хандаарай.

Халдвар авсан хүүхдэд:

-халуурах, булчингийн өвдөлт болон ханиад төстэй шинж илэрч болно.

-муухай ааштай, уйлагнаж байхын дээр ердийн үеэсээ удаан хугацаагаар унтдаг.

-залгиур хоолой өвдөлттэйн улмаас шүлс нь гоожих, зөвхөн хүйтэн зүйлс уухыг хүсдэг болж магадгүй юм.

Гэхдээ оношийг зөвхөн мэргэжлийн эмч тавина гэдгийг дахин сануулъя. Эцэг, эхчүүд дур мэдэн оношилж эмчилгээ хийхгүй байх хэрэгтэй.

Халдвар тархахаас сэргийлэх:

Энэ өвчнөөс сэргийлэх вакцин байхгүй учир хувь хүн,  гэр бүлийн хамгаалалт хамгийн чухал юм.  Өвчний үүсгэгч халдвар аваад эдгэрсэн хүүхдийн биед хэдэн долоо хоногоор хадгалагддаг тул өвчтэй болон эдгэрсэн хүүхдийг олон хүнтэй газраас хол байлгаж, тусгаарлах шаардлагатай.

Тиймээс хүүхдийг асран халамжлагчид, цэцэрлэг сургуулийн багш ажилчид болоод хүүхэд олноор цугладаг тоглоомын газрууд тоглоомын талбай зэрэг газруудын орчин эрүүл ахуйн стандартын дагуу халдваргүйжүүлэлт хийж, боломжтой эд хэрэгслүүдийг ариутгаж байх нь хамгийн том ерөнхий урьдчилан сэргийлэлт болж ч чадна. Энэхүү вирус нь хүүхдийн тоглоом дээр байрласан тохиолдолд хэдэн хоногийн туршид амьдрах чадвартай учир хүүхдэд зориулсан тоглоомын төвүүд халдваргүйжүүлэх арга хэмжээг зайлшгүй авч, үйлчлүүлэгчдээ хамгаалах шаардлагатай.

Хувь хүний зүгээс гараа тогтмол угаах, гар халдваргүйжүүлэгч уусмал гелийг биедээ авч явж, хоол хүнсээ ам дамжуулахгүй байх нь чухал. Мөн гэр бүлийн гишүүдийг тус тусдаа  аяга халбагатай болговол өвчин тархах аюул багасна.

                                                                                                                        Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна