Анхаар, Шударга ёс явж байна!

2016 оны 4 сарын 6

Төгсгөл. Эхлэл нь өмнөх дугаарт.

Нутаг нутгийн “фактор”

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын албан томилолт цаашаагаа Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад үргэлжлэв.

Увс аймгийн нийт хүн ам 76 мянга орчим. Аймгийн 19 сум, 92 багт 500 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. 2007 онд Дэлхийн банкны тусламжаар барьсан гурван давхар шүүхийн байранд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх нь Шүүхийн тамгын газар нь Зургадугаар тойргийн Тахарын албаны Увс аймаг дахь хэсэгтэйгээ хамт байрладаг юм байна. Харин прокурор нь шүүхээсээ холгүй шинэ барилга бариулж тусдаа гарчээ. 2007 онд тус аймагт бариулсан шүүхийн барилгын зургийг ашиглан 2008 онд Говь-Алтай аймгийн шүүхийн барилгыг барьснаас хойш улсын хэмжээнд шүүхийн нэг ч барилга бариагүй гээд бодохоор нийслэл болон орон нутгийн шүүхүүдэд нүүрлээд байгаа байрны гачаалыг “зүй ёсны” гэж үзэхээс өөр яалтай.

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2015 онд 136 эрүүгийн хэрэг шийдвэрлсэн нь 2014 онтой харьцуулахад 16.9 хувиар өссөн, Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 онд 26 захиргааны хэрэг шийдвэрлэж, өмнөх онтой харьцуулахад 27.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 онд 642 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 21.2 хувиар буурчээ. Иргэний хэргийн маргаан буурсан шалтгааныг шүүхэд нэвтрүүлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнтэй холбон тайлбарлаж байна. Харин захиргааны хэрэг маргаан буурсан тал дээр шүүгчид “Уг нутгийн ард түмэн нь дарга нартайгаа нэг их маргаад байдаггүй, тийм сонирхол багатай” хэмээн тайлбарласан. Гэвч ирэх долдугаар сарын 1-нээс Захиргааны ерөнхий хуулийг мөрдөж эхлэхтэй холбоотойгоор энэ талын хэрэг маргаан нэмэгдэх тул одооноос шинэ хуулийн талаар иргэдийн дунд сургалт сурталчилгаа явуулж, өөрсдөө ч бас сайтар бэлтгэгдсэн байх шаардлагатайг ШЕЗ-ийн дарга анхаарууллаа. Шинээр батлагдан гарсан Захиргааны ерөнхий хуульд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй захиргааны ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэхээр хуульчилсан байгаа. Хэрэг ч мандах нь дээ... 

Баян-Өлгий аймгийн шүүхийг 1940 онд анх тус аймаг байгуулахтай хамт нэгэн зэрэг байгуулжээ. Ажиллахаа болсон аймгийн хэвлэх үйлдвэрээс хэсэгчлэн худалдаж авсан хоёр давхар байшинд одоо Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн анхан шатны, Захиргааны хэргийн анхан шатны гурван шүүх 10 шүүгчтэй ажиллаж, шүүхийн захиргааны 28 ажилтан тэдэнд тусалж байна. Тус аймгийн иргэдийн хувьд сүүлийн жилүүдэд гэр бүлийн болон банктай холбоотой маргаанаар шүүхэд хандах нь нэмэгджээ. Оюутан залуусын хувьд хүүхдийн эцэг тогтоолгохоор, ахмад настнуудын дунд хамтран амьдрагчийн тэтгэмж гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь ихэссэн байна. Улам бүр даяаршиж байгаа нийгэмд шашин шүтлэг, соёлын ялгаа ч бас нөлөө багатай болжээ.

Баян-Өлгийчүүдийн нэг онцлог нь бусад аймаг, орон нутгийн иргэдтэй харьцуулахад эрхээ хамгаалуулах мэдрэмж өндөртэй, тун чиг заргач улс. Шүүхийн хаалгаар нэг л орсон бол гурван шатыг нь дуустал явж байж сая сэтгэл ханадаг гэнэ. “Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийг ажилтай байлгаж байгаа ганц аймаг” хэмээн шүүгчид хошигнож байна. Тэгсэн ч анхан шатны шүүхийн шийдвэр барагтай өөрчлөгддөггүй нь шүүгчдийн хэрэг маргаан шийдвэрлэх ур чадвар хангалттай сайн байна аа гэсэн үг. Шүүхийн хамт олны хамгийн их бахархалтайгаар танилцуулсан нэг зүйл бол эвлэрүүлэн зуучлагч Р.Асхабылын ажлын үр дүн. Насаараа шүүгч хийж, аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан Р.Асхабыл гуай 2015 онд 602 өргөдөл хүлээн авснаас 570-ыг, оны эхний улирлын байдлаар 150 гомдлыг эвлэрүүлэн шийдвэрлэсэн байна. Өлгийн шүүхийн бас нэг онцлог нь шүүхээр үйлчлүүлэгчдийн 30 орчим хувь нь орчуулагч авдаг тул орон тооны орчуулагчтай. Ажлын ачааллаас шалтгаалан орчуулагчийн орон тоог нэмэх шаардлагатай байгааг ШЕЗ-ийн дарга нарт уламжилж байна лээ. 

Олон ястны өлгийн нутаг, Баруун бүсийн төв Ховд аймаг хамгийн олон шүүхтэй, Шүүхийн тамгын газар нь гурван тусдаа. Ховд хотод Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Шүүхийн тамгын газартайгаа, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Шүүхийн тамгын газартайгаа хоёр тусдаа байдаг юм байна. Аймгийн төвөөс 400 км-ын цаана Булган суманд Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Булган сумыг хариуцсан сум дундын шүүх бий. Булган сум хилийн хоёр боомттой нийлээд  12500 хүнтэй. Бусад сумдтайгаа нийлээд 30 000 орчим хүнд гурван шүүгч, шүүхийн захиргааны 20 ажилтан, Тахарын 12 офицер шүүхийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.

Энэ жил 90 жилийнхээ ойг тэмдэглэх Ховд аймаг дахь шүүх Баруун бүсийн шүүхийн цогцолбор барилгыг ашиглалтад орууллахаар зураг төсвөө хийлгэсэн ч төсвийн хүндрэлээс болоод сүүлийн хоёр жилд энэ ажилд нэг ч төгрөг тавиагүй юм байна.

Гэсэн хэдий ч шүүхийн барилга бариулахаар аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд олгосон газрыг очиж үзлээ. Шав тавьсан хоёр га газарт тохижилт хийж, долоон давхар өндөр Шүүхийн цогцолбор барилга баригдсаны дараа одоо ажиллаж байгаа зургаан шүүх Тамгын газар, Тахартайгаа хамт энд орох юм байна. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн ажил ид давалгаалж байх үед Улаанбаатар хотын хоёр дүүрэг, Дорнод, Ховд аймгийн төвүүдэд Шүүхийн цогцолбор барилгыг бариулахаар улсын төсвөөр зураг төслийг нь хийгээд санхүүжилтгүйгээс орхигдсон нь энэ.

Нэгтгэж буй зүйл

Аль ч аймагт очиход иргэдийн зүгээс “Шүүгчийн цалин яагаад нэмэв” гэж заргалдаж байгаа хүн алга. Харин ч “Шүүх шударга ажиллаж байна. Шийдвэр гүйцэтгэл гэж хэрэг алга” гэцгээж байна. Нийслэлийн шүүхүүдтэй харьцуулахад орон нутагт хэргийн ачаалал харьцангуй бага, тэр утгаараа ч шүүхийн шийдвэр чанартай гардаг байж магадгүй. Тэглээ гээд “Чи цөөн хэрэг шийдэж байгаа учраас бага цалин авах ёстой” гэх нь утгагүй. Учир нь шүүгчийн цалин гэдэг хөдөлмөрийн гэрээг үндэслэж, хийсэн ажилд нь дүйцүүлж өгдөг хөлс биш, харин шударга ёсыг тогтоосны төлөө өгч байгаа урамшуулал юм гэдгийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тайлбарласан.

Харин хэргийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс шүүгчдийг төв, орон нутагт сэлгэн ажиллуулах бололцоо бий ч хуулинд энэ талаар зохицуулалт байдаггүй юм байна. ШЕЗ үүнийг дангаараа шийдвэрлэх гэхээр “Хуулинд заагаагүй” гэсэн гох дэгээтэй тулгардаг. Хуулиараа шүүгчийн томилгоог Ерөнхийлөгч хийдэг. Тэгэхээр сэлгэн ажиллуулах шийдвэрийг Ерөнхий зөвлөл гаргачихвал “Ерөнхийлөгчийн эрх мэдэлд халдсан” болчих гээд зовлонтой. Томилогдсон цагаасаа хойш тав, арав, 13 жил ар гэрээсээ хол ажиллаж амьдарсан шүүгч нар төв рүү шилжихээр ШЕЗ-д хүсэлт гаргадаг ч шилжиж ажиллахыг хүссэн газарт нь шүүгчийн орон тоо зарлагдаагүй бол асуудал дуусаа.

Харин иргэдийн зүгээс тавьж байгаа зүйл гэвэл Давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуулж болдоггүй юм уу? Аймаг алгасч шүүх хуралд оролцохоор явах нь чирэгдэлтэй, зардал өндөртэй байна гэдэг гомдол. Ялангуяа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийслэлд ганц байгааг чамлах хүн олон байна. Улсын хэмжээнд Эрүүгийн болон Иргэний хэргийн давж заалдах шатны 18 шүүх байгаагийн хоёр нь нийслэлд байдаг юм байна. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тэдний асуултад “Шүүхийн хүртээмж гэдэг зүйл зөвхөн анхан шатны шүүх дээр яригддаг. Давах шатанд ярьдаггүй. Болдогсон бол, хөрөнгө мөнгө нь хүрдэг бол анхан шатны шүүхийг аймагт биш, суманд нь байгуулаад өгчихмөөр байна. Гэвч нэгдүгээрт хөрөнгө мөнгө алга. Хоёрдугаарт бид одоо байгаа шүүхүүдээ шүүх бүрэлдэхүүнээр бүрэн хангаж чадахгүй байна. Өнгөрсөн гурван жилд Монгол Улс анх удаагаа шүүх бүрэлдэхүүн, шүүгчдийнхээ тоог 60 хувиар нэмэгдүүлсэн. Одоо дахиад 167 шүүгчийг нэмж томилох ёстой. Сангийн яамнаас төсөв хөрөнгө байхгүй, орон тоо нэмж болохгүй гэсэн учраас хүлээгдэж байгаа” гэсэн хариултыг өглөө.

Нэг үеэ бодоход аль ч шүүхийн хаалгаар ороход үүдэндээ иргэний орон зай, Мэдээлэл лавлагааны хэсэгтэй, тэндээс хэрэгтэй мэдээллээ шаардаад авчихдаг, хананд байрлуулсан телевизээр дотор болж байгаа шүүх хуралдааныг шууд дамжуулаад үзчихдэг, шаардлагатай гэвэл шүүх хуралдааны камерийн бичлэгийг ч бүрнээр хуулж аваад заргалдах бололцоотой болсон байна. Хотын шүүхүүдээс дутах юм алга. Үүнийг л нээлттэй шүүх гээд байгаа юм. Анхан, давах аль ч шатанд шүүх хуралдаанд биеэр оролцох боломжгүй бол онлайнаар шүүх хурал хийх боломжтой болсон. Очсон аймаг бүрт онлайн шүүх хурал явуулсан туршлагаа ярьж байна. Зарим нь ч “биеэрээ очиж гараараа тэмтрээгүй болохоор нэг л юм дутуу шиг” гэдэг, зарим нь бол “Зардал чирэгдэл, цаг хугацаа үрэхгүй харин сайхан юм” гэлцэж байна. Гээд дэлхий нийтээрээ интернетийн орчинд хавтгайрч, мэдээллийн хурд секундын дотор дэлхийн нэг өнцгөөс нөгөө буланд хүрч байхад монголчууд ганцаараа “биеэр очиж, гараар тэмтэрч үзнэ ээ” гээд ширээ сандлаа чирээд явах нь хэр оновчтой байх вэ. Бодох л асуудал. Тэгээд ч шаардлагатай үед шүүх нүүдэллэн ажилладаг парктик одоо ч бий. Үүнд нь зориулаад нүүдэллэн ажиллаж байгаа шүүгч нарт байрлах байрыг нь хүртэл шүүхүүд өөрсдийн бололцоогоор гаргаад эхэлчихсэн байна лээ.

Эцэст нь баруун бүсийн таван аймгийн шүүхээр ороход бидэнтэй таарсан хамгийн ахмад шүүгч, Баян-Өлгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Р.Асхабыл гуайн хэлсэн нэг үнэтэй үг бол “Монголын шүүхэд ийм хэмжээний далайцтай шинэтгэл хийгдэж байсан түүх үгүй. Ерөн онд Монголын шүүх ямар байсныг мартаж болохгүй. Анхнаасаа ийм байсан шиг андуураад хүн дандаа алддаг юм шүү” гэх сургамж.      

Шинэтгэлийг хэнд зориулав?

Шинэлэлийг эхлүүлсэн цагаас хойш энэ салбарт яригдаж, хүн бүрийн чихэнд хоногшуулсан зүйл бол “Шүүх, шүүгчид хараат бус байх ёстой. Шүүх хараат бус ажиллахад эдийн засгийн болон эрх зүйн баталгаа хэрэгтэй” гэх үгс. Гэвч энэ бүгдийн эцэст шүүх л сайхан байх гээд, мундаг болох гээд байгаа юм биш л дээ. Үүгээр дамжуулж иргэдэд хүрч байгаа шүүхийн үйлчилгээг үр дүнтэй, чанартай болгож, шударга ёсны хэмжүүрт нийцсэн, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн тийм шүүхтэй болох гэсэн хэрэг.   

Энэ шинэтгэлийг эхлүүлэхийн өмнө ШЕЗ-өөс гаднын судалгааны байгууллагад захиалга өгч шүүхэд итгэх олон нийтийн итгэл ямар байгаа талаар судалгаа хийлгэсэн байдаг. Олон улсын Транспэрэнси интернэшнл байгууллагаас явуулсан судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл улсын дунджаар 30 хувьтай гарсан байна. Зарим газарт 17 хувь, зарим газарт 23 хувьтай. Харин сүүлд явуулсан судалгаагаар шүүхэд хандаж хэрэг маргаанаа шийдүүлсэн иргэдийн 81 хувь, шүүхээр үйлчлүүлээгүй ч сургаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл авсан иргэдийн 66 хувь нь “шүүхэд итгэдэг” гэж хариулжээ. 30:70-ын харьцаа 70:30 болж өөрчлөгдсөн гэсэн үг. 

Гэвч ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн хэлсэнчлэн энэ шинэчлэлийн үр дүн, шүүхэд итгэх иргэдийн итгэл ч бас “цасан бөмбөлөг” мэт хэврэг эд. Хэзээ мөдгүй хайлаад урсчих цасан бөмбөлөгтэй адил гэсэн үг. Тиймээс шүүхэд хэрэгжиж буй энэ шинэтгэлийг үргэлжлүүлэх, хадгалахын тулд иргэдийн шахалт шаардлага, хараа хяналт болон шүүгчид, хуулийн байгууллагын ажилтнуудын өөрсдийн хүчин чармайлт, идэвхи санаачилга үргэлж шаардлагатай хэвээр байх нь мэдээж.

Жич: Манайд Тахар гэж нэрлээд байгаа шүүхийн хамгаалалт буюу Маршалын алба АНУ-д анх 1789 онд бий болжээ. Өнөөдөр америкчууд “тахар”-уудаа шударга ёсны хамгаалагч, шүүгчийг бол буй биеэрээ “шударга ёс явж байна” гэж хардаг гэсэн. Монголын шүүх ч бас тодорхой хугацааны дараа тэр түвшинд хүрсэн байх болтугай!

Б.СЭМҮҮН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна