Дараалсан мэдэгдлүүдийн дараах улс төр

2016 оны 4 сарын 6

...Ердөө хоёрхон сарын дараа төрийн эрх мэдэл хуулийн дагуу нэгээс нөгөөд шилжих гэж байгаа ийм эгзэгтэй үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн амнаас унасан “тоглоомын зохиомол УИХ бүрдэх нөхцөл бүрдчихээд байна” гэсэн үг чухам юуг илэрхийлж байгаа юм бол?! Түүний хийсэн гэнэтийн гэмээр улс төрийн мэдэгдлээс хамгийн ихээр анхаарал татахуйц нюанс нь энэ байсан ч олон нийт Ц.Элбэгдорж дээр л илүүтэй хараагаа төвлөрүүлэв. Тийм ч учраас УИХ-ын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч юу гэж хэлэх бол хэмээн хүлээж хоноод маргааш нь “хоосон” хоцорлоо.

... Бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж буй энэ удаагийн парламент отгон чуулганаа өчигдөр эхлүүллээ. Ардчилсан нам олон суудал бүхий ээлжит парламент Монголын түүхэнд чухам юу үлдээж байгааг УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ ердөө хоёрхон “баримт”-аар товчлон хэлэв. Нэгдүгээрт, Тавантолгой. Хоёрдугаарт, өр.

Сүүлийн дөрөв, магадгүй түүнээс өмнөх дөрвөн жилд өрнөсөн, цаашлаад дараагийн дөрвөн жилд ч үргэлжлэх улс төрийн бүхий л маргааны уг үндэс нь ердөө Тавантолгойн баялаг, түүнийг зах зээлд хүргэх ёстой төмөр замын асуудал тойрсон тэмцэл... Чухам ийм ойлголт төрүүлэм З.Энхболдын илтгэлийн гол бай нь энэ удаад дампуурлын ирмэгт очсон MMC буюу “Энержи Ресурс” компани байлаа. Галт сум тавьсан З.Энхболд үүнийхээ хариуд “үндэсний аж ахуйн нэгж дампуурахад баярладаг төрийн түшээ байгаа нь харамсалтай...” гэсэн шүүмжлэлээр булуулж байгаа ч үүгээрээ ээдрээтэй олон асуултад хариу өгөх шиг боллоо.

З.Энхболдын мэдэгдсэнээр бол “ММС” болон “Энержи Ресурс” компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг гаргажээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд М.Энхсайханы боловсруулсан гэрээний төсөл үндэсний аюулгүй байдлын эсрэг агуулгатай гэсэн дүгнэлтийг гишүүн Л.Эрдэнэчимэгээр хэлүүлж, хэлэлцүүлэгт оруулах нь бүү хэл хэнд ч үзүүлэлгүй хав дарсныхаа шалтгааныг анх удаа ийнхүү ил хэлэв. Үүнийгээ тэрбээр тодотгохдоо “Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх “ММС” компани болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа” гэжээ.

Үндэсний хэмжээний “дайсан”-ыг илчилсэн энэхүү мэдэгдэл одоо улс төрд ямар үр дагавар авчрах бол? Ялангуяа Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийн мэдэгдлийн дараа гэдгээрээ ямар үр дагавартай байж болох вэ?

“Өглөөний сонин”-ний шинэ өдрийн дугаарт улс төрийн үйл явдлуудад өгч буй дүн шинжилгээ бүхий “Хоёр сарын дараах зохиомол УИХ”, “Энержи Ресурсийг илчилсн З.Энхболдын мэдэгдэл” өгүүллүүд түүнчлэн дуулианы мөрөөр Р.Эрдэнэбүрэн гэж хэн бэ зэрэг сонирхолтой баримт бичлэгүүдийг унших боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна