Оффшор дансны дуулиан

2016 оны 4 сарын 6

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо татвараас бултаж, халхавч компанийн нэр дор мөнгөө байршуулсан улстөрч, тэрбумтан, алдартнуудын 11 сая гаруй баримтыг олон нийтэд дэлгэсэн нь дэлхий даяар дуулиан шуугиан тарьж байна.

 

Дэлхийн эдийн засгийн бараг 80-аад хувийг эзэлдэг их 20 орны зарим удирдагчид болон ойр дотныхны нь нэр ус, мөнгө угаасан, хээл хахууль авсан, татвараас зугатсаныг батлах эдгээр баримттай холбогджээ. Вашингтонд төвтэй Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн холбоо ням гаригт Панамын “Моссак Фонсека” хэмээх хуулийн компанийн хууль бус ажиллагаа, нэр алдартай үйлчлүүлэгчид, компаниудын талаарх 11 сая гаруй баримтыг Германы “Sueddeutsche Zeitung”-д  нийтэлснээс энэ бүхэн эхэлсэн билээ.

 

Панамын эдгээр баримтууд улстөрчид, бизнесменүүд, алдартнууд болон дэлхийн 12 орны төрийн тэргүүний оффшор дансыг илчилсэн юм. Тэдний дунд Исланд, Украин, Пакистан, Саудын Араб, ОХУ, Хятад, Аргентины одоогийн улс төрч, төрийн тэргүүнээс авахуулаад Хонконгийн нэрт жүжигчин Жеки Чан, Аргентины хөлбөмбөгч Лионел Месси, Болливуудын од Айшвара Рэй, Амитаб Баччаны нэрс багтжээ.

 

“Моссак Фонсека” компанийн хууль бус ажиллагаатай холбоотой баримтыг дэлгэсний дараа тус компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн том халхавч компанийн эзэн Рамон Фонсека Панамын телевизээр мэдэгдэл хийж, Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн дэлгэсэн баримтууд жинхэнэ бөгөөд хакерууд үүнийг хууль бусаар олж авсан гэдгийг баталсан байна. Мэдэгдэлдээ тэрбээр компани нь хууль дүрмийг сахиж, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан гэсэн юм.

 

Гэхдээ баримтад нэр нь дурьдагдсан хүмүүсийн дийлэнх нь компанийн жинхэнэ үйлчлүүлэгчид биш, дам үйлчлүүлэгчид бөгөөд оффшор данснуудыг ч мөн дундын зуучлалаар нээсэн байна. Оффшор данстай холбоотой баримтууд дундаас хамгийн их дуулиан тарьж буй нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дотны найзын оффшор данс юм. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны вэб сайтад бичсэнээр В.Путины ойрын хүрээллийнхэнтэй холбоотой хоёр тэрбум ам.долларын ээдрээтэй оффшор дансны тухай баримт байгаа гэнэ. В.Путины дотны найз, охиных нь загалмайлсан эцэг Сергей Ролдугин “Банк Россия”-д хувьцаа эзэмшиж, хэдэн сая ам.долларын хөрөнгөтэй компаниас мөнгө шилжүүлж авсан тухай баримт гарч ирсэн нь түүнийг хардах шалтгаан болсон байна.

 

Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн холбоо Сергей Ролдугиныг В.Путины ойрын хүрээллийнхэний оффшор компанийн гол хүн гэж сэжиглэж байгаа ажээ. Харин Санк –Петрбургийн  Хөгжмийн ордны уран сайхны удирдаач Сергей Ролдугин үүнийг үгүйсгэсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч оффшор данстай холбоотой дуулиан шуугианы хариуд мэдэгдэл гаргаж, үүнийг В.Путины эсрэг явуулж буй зохион байгуулалтай ажиллагаа гээд ирэх жилийн парламентын сонгуулиас өмнө сонгогчдын саналыг хуваах оролдлого гэжээ. Кремлийн төлөөлөгч мөн мэдэгдэлдээ Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн байгууллагыг АНУ-ын Засаг захиргаатай холбоо сүлбээтэй гэсэн байна.

 

Дээрх баримтуудыг дэлгэсний дараа Хятадын эрх баригчид оффшор данстай холбоотой барууны хэвлэлийн мэдээллийг тус улсад гаргахыг хориглож, өөрсдийнх нь эсрэг санаатай гүтгэлэг явуулж байна гэж шүүмжилсэн бол Франц, Австрали, Шинэ Зеланд, Австри, Швед, Нидерланд зэрэг орнууд энэ баримтуудыг мөрдөн шалгахаа мэдэгдсэн юм. 

 

Харин энэ хэргийн гол эзэн Панамын “Моссак Фонсека” компани дэлхийн өнцөг булан бүрд суугаа үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг татвараас бултуулахын тулд 240,000 оффшор компани байгуулснаа бүгдийг хуулийн дагуу гүйцэтгэсэн гэж мэдэгдэж байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй “Моссак Фонсека” компанийнхаа нууц баримтыг хакердуулснаас болж, хууль бус үйл ажиллагаа явуулдаг мэтээр олон нийтэд буруу ойлголт төрүүлснээс хохирсон гэж үзэж байна.

 

Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн байгууллага “Моссак Фонсека” компанийн харилцагч 214,488 компани, 14,153 үйлчлүүлэгчийн баримтыг дэлгэсэн.

 

“Sueddeutsche Zeitung” сонинд нэрээ нууцалсан мэдээлэгч нэг жил гаруйн өмнө хандаж, нууц баримтыг дэлгэхээ амлажээ. Гэвч нууц мэдээлэгч урьдчилгаа мөнгө шаардаагүй байна. Тэр баримтууд нь “Моссак Фонсека” компанийн 1977-2015 оны хоорондох харилцагч, үйлчлүүлэгчийн оффшор дансны тухай байжээ. Тус сонины редакци болон эрэн сурвалжлах сэтгүүлчид дээрх баримтуудыг данс бүртгэл, гэрчийн мэдүүлэг, шүүхийн шийдвэртэй тулган үнэн эсэхийг шалгажээ.

 

“Sueddeutsche Zeitung” удахгүй “Моссак Фонсека” компанийн харилцагч Германы 28 банк болон 1200 гаруй халхавч компанийн нэрийг олон нийтэд зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх сард эдгээр 214,488 компани болон холбоотой хүмүүсийн нэрсийн жагсаалтыг танилцуулах юм байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна