Зуурдын настай 150 барилга

2016 оны 4 сарын 6

Улаанбаатар хотыг газар хөдлөлтийн хамгийн эрсдэлтэй бүсэд байрладаг хэмээн судлаач, шинжээчид тогтоожээ. Тухайлбал, газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр бүсийн уулзварт Улаанбаатар байрладаг юм байна. Гэтэл нийслэлд 4.5 баллын хүчтэй газар хөдлөхөд л шууд нурах аюултай барилга 100-гаар тогтохгүй бий хэмээн мэргэжлийн хяналтын газраас аль хоёр жилийн өмнө мэдээлсэн. 1970 оноос өмнө ашиглалтад орж, өдгөө зуурдын л настай болсон 150 барилгын жагсаалтыг гаргасан. Энэ нь бүгд иргэд амьдардаг, орон сууцны барилга. Эдгээр зуурдын настай 150 барилгыг нурааж, шинээр барилгажуулахаар ажил эхэлсэн. Тэгвэл энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

Нийслэлд 4.5 баллын хүчтэй газар хөдлөхөд л шууд нурах аюултай барилга 100-гаар тогтохгүй бий хэмээн мэргэжлийн хяналтын газраас аль хоёр жилийн өмнө мэдээлсэн. 1970 оноос өмнө ашиглалтад орж, өдгөө зуурдын л настай болсон 150 барилгын жагсаалтыг гаргасан. Энэ нь бүгд иргэд амьдардаг, орон сууцны барилга.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч У.Ёндонгийн мэдээлснээр эхний ээлжид 82 байршилд, орон сууцыг дахин төлөвлөх шийдвэр нь гарчээ. Ингээд эхнээсээ сонгон шалгаруулалт явуулж, компаниуд тодрон ажлаа эхэлсэн байна.

Хан Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт долоо, Баянзүрх дүүрэгт дөрвөн байршилд гүйцэтгэгч компани тодорч, барилгыг нурааж, шинээр барих ажил үргэлжилж байна. Ингээд Хан Уул дүүргийн хоёр байршлын ажил ирэх 11 дүгээр сард дуусч, ашиглалтад орохоор төлөвлөжээ. Харин Баянгол дүүргийн долоон байршил ирэх оны  есдүгээр сард, Баянзүрх дүүргийн дөрвөн байршлын ажил ирэх оны наймдугаар сард дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, 82 байршлаас 14-т нь гүйцэтгэгч компани тодорч, ажлаа эхлүүлсэн. Хоёр байршилд гүйцэтгэгч компанийг цуцалсан. Ингээд үлдсэн байршлуудад сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байна.  

Гэрээгээ цуцалсан хоёр компанийн хувьд иргэдтэй зөвшилцөөгүй, иргэд дэмжээгүйн улмаас ийм шийдвэр гаргажээ. Тухайн газарт компаниуд барилга барьж, хуучин оршин суугчдад өмнөх байрных нь талбайн хэмжээгээр метр квадратыг тооцож, шинэ орон сууц өгөх журмаар явж байгаа. Гэтэл зарим иргэдийн хувьд байрныхаа метр квадратыг тооцох дээр компанитайгаа зөвшилцөлд хүрэхгүй. Эсвэл нэг байрыг өрөө, өрөөгөөр нь хэсэгчлэн хүн бүр ордер авсан зэргээс үүдэн дахин төлөвлөлтийн ажил удаашрах явдал ч бий гэдгийг учирлаж байлаа.

Ямартай ч хуучин байруудыг нурааж, дахин төлөвлөх ажлын эхний ээлж ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно гэлээ. Ингээд зуурдын настай 150 барилгаа шат дараалан шинэчилж дуусгах юм байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна