Д.Жаргалсайхан: Олимпод боксын тамирчиддаа ихээхэн найдаж байгаа

2016 оны 4 сарын 6

БНХАУ-ын  Хэбэй мужийн Чань-Ань хотноо "РИО-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээн болж өндөрлөсөн билээ. Энэхүү тэмцээнээс манай дөрвөн тамирчин Бразилийг зорих эрхээ авсан. Тэмцээний сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн, Боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, БТСХТөвийн дарга, МУГД Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс очин ажилласан юм.

Ингээд БТСХТөвийн дарга, МУГД Д.Жаргалсайхан тэмцээний талаар ярилцлаа.

-Та БНХАУ-ын Хэбэй мужийн Таншан (Чань-Ань) хотноо болсон  Ази, далайн орнуудын боксын аварга шалгаруулах олимпийн эрхийн тэмцээнд албан томилолт ажиллаад ирсэн байна.

- Миний бие Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 3-р сарын 29-ны өдрийн А98 тушаалаар энэ тэмцээн дээр ажиллаад ирлээ. Явсан ажлын гол зорилго бол олимпийн эрх авах явдал байв. Ингээд Бразилийн Рио де Жанерео хотноо 2016 оны 8 сарын 5-21-нд болох зуны олимпийн 31 дүгээр наадамд Монгол улсаас боксын төрөлд БТСХТөвийн үндэсний шигшээ багийн (ҮШБ) тамирчдаас 4 эрх авлаа. ҮШБ-ийн тамирчин 49 кг жингийн Г.Ган-Эрдэнэ, 60 кг жингийн Д. Отгондалай, 64 кг жингийн Б.Чинзориг, 69 кг жингийн Б.Түвшинбат нар жин тус бүртээ РИО-2016 наадамд оролцох эрх авсан.

Эдгээр тамрчидаас Д.Отгондалай тус тэмцээний аварга болж, Б.Шинэбаяр мөнгөн медаль, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртэн, олимпийн эрхийн төлөө нэмэлт тоглолт хийн ялалт байгуулсан. Эдгээр тамирчидаас 3 хүн анх удаагаа олимпод орохоор болж Б.Түвшинбат 2 дах олимпод орно. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 10 жинд тус бүр 3 эрх нийтдээ 30 эрхийг олгосон юм. Эмэгтэйчүүдийн 3 жингийн тэмцээн болж тус бүр 2 эрх нийт 6 эрхийг олгов. Энэхүү амжилт нь боксын төрлөөс олимпийн эрхийн тэмцээнээс анх удаагаа нэг дор 4 эрх авсан амжилтыг гаргав. Сүүлийн 2 олимпод боксын төрлөөс тус бүр 4 тамирчин эрх авч оролцсон ба 2008 оны олимпийн эрхийн тэмцээнээс 3 эрх, ДАШТ-нээс 1 эрх авч байсан бол 2012 оны олимпийн эрхийн тэмцээнээс 2 эрх, ДАШТ-нээс 2 эрхийг тус тус авсан амжилтыг Монголын тамирчид өмнөх олмипийн наадмын мөчлөгт үзүүлж байсан юм.

 

 

 

-Аль орны тамирчид энэ тэмцээнд илүү амжилттай оролцов. Манай тамирчидад ямар боломж байна вэ?

-Олимпийн эрхийн энэхүү тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилт үзүүлж, өмнөх тэмцээнтэй харьцуулахад ахисан үзүүлэлт гарлаа. Энэ удаагийн тэмцээний нэг чухал онцлог бол анх удаагаа Ази тив, далайн орнуудын олимпийн өмнөх эрхийн тэмцээнийг хамт нэг дор зохион байгуулсан явдал юм. Тэмцээнд Азийн 27, далайн 8 нийт 35 орны орны 226 тамирчид оролцлоо. Хамгийн  олон эрхийг БНХАУ-ын тамирчид авч, Казахстан, Узбекстаны тамирчид тус бүр 6-7 эрх авч Монголын тамирчид 4 эрх авснаас эхний 4 байрт орлоо. Тайланд, Япон, Энэтхэг, Филиппин, Иордан, Киргизстан, Австрали зэрэг 12 улсын тамирчид 1-3 эрх авсан бол боксын спорт өндөр хөгжсөн БНСУ, БНАСАУ-ын тамирчид нэг ч эрх авч чадсангүй. Энэ байдлаас дүгнэлт хийхэд энэ удаагийн эрхийн тэмцээний өрсөлдөөн өндөр түвшинд явагдаж ялангуяа хүрэл медаль хүртсэн тамирчдын хоорондх олимпийн эрхийн төлөө ихээхэн ширүүн болсон. Энэ удаагийн тэмцээнээс Монголын эмэгтэй тамирчид эрх авч чадсангүй. Тиймээс эмэгтэй тамирчид дээрээ анхаарал хандуулж ажиллах шаардлага байна.

Монголын боксын баг тамирчдын хувьд 2 эрхийн тэмцээн үлдэж байна. Эмэгтэйчүүд энэ оны 5 сард Казахстан Астана хотноо болох ДАШТ-нээс олимпийн эрхийн төлөө дахин өрсөлдөх боломж олдож байгаа. Харин эрэгтэй тамирчдын хувьд 6 сард Азербейжаны Баку хотноо олимпийн эрхийн сүүлийн тэмцээн болж бүх тивүүдийн тамирчид оролцох юм. Эдгээр хоёр тэмцээнд Монголын баг боксын эмэгтэй 3 тамирчид болон эрэгтэй тамирчид 52, 56, 75, 81 кг жингүүдэд амжилттай бэлтгэж эрхээ нэмэж авах зорилт үлдсэн.

-Та тэмцээний үеэр гадаадын төлөөлөгч нартай уулзав уу. Ямар ажил хэрэг амжуулсан вэ?

Энэ тэмцээний үеэр Азийн боксын холбооны Ерөнхийлөгч, Казахстаны иргэн С.Конокбаев, Азийн боксын холбооны дэд Ерөнхийлөгч, Киргиз улсын иргэн О.Назаров, Азийн боксын холбооны Гүйцэтгэх захирал Б. Турекханов нарын зэрэг хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж ярилцлаа. Монголын боксын тамирчидыг ихээхэн үнэлж байна. Монгол улсад 2017 онд Ази тивийн боксын АШТ зохион байгуулах эрх олгосон тухай надад мэдээлсэн. Түүнчлэн тэмцээний зохион байгуулагч БНХАУ-ын боксын холбооны дэд Ерөнхийлөгч, ОУБХ-ны дэд Ерөнхийлөгч Хятадын иргэнтэй уулзсан. Монголын тамирчдын идэвхтэй оролцоог ЗБХ-ноос үнэлсэн.

-Төвийнхөө шигшээ багийнхаа ажилд та хяналт тавьж оролцсон байх. Ямар дүгнэлттэй байна вэ?

Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын үүрэг даалгавараар Монголын боксын шигшээ баг тамирчдын олимпийн эрхийн тэмцээнд гадаадад оролцож байгаад хяналт тавьж тамирчдын өглөөний бэлтгэл цугларалт дээр очин, тэмцээний үеийн бэлтгэл, спаринг хийж буй байдалтай бэлтгэлийн зааланд очин танилцаж, баг тамирчидтайгаа уулзан яриа хийн зөвлөгөө, үүрэг даалгавар өгч, тэмцээний эрхийн төлөө болон шигшээ тоглолтуудад өөрийн тамирчид оролцож байгааг биеэчлэн үзэж сонирхов. Үүнээс дүгнэлт хийхэд Монголын тамирчид энэ удаагийн тэмцээнд сайн оролцож өөрийн өмнө тавьсан зорилтоо ханган биелүүлсэн гэж үзсэн. Баг тамирчдын удирдлага, зохион байгуулалт сайн байсан. Ялангуяа Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ болон бусад удирдлагууд, дасгалжуулагч нар, бэлтгэл хангагч тамирчид тэмцээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, олимпийн эрх авах үүргээ БТС-ын төрийн байгууллагатай хамтран биелүүлсэн. Одоо тамирчид маань сэргэлтийн бэлтгэлд гарна. Тэгээд дахин тэмцээнүүдээ оролцох бэлтгэлээ хангана. Олимпод боксын тамирчиддаа ихээхэн найдаж байгаа. Тэд маань хоёр олимп дараалан хос медалиуд авч ирсэн. Энэ амжилтаа бататган оролцох зохрилт бид өмнөө тавьж байна.

-Танд баярлалаа.

-Баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: www.sport.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна