Дашууд даам гарсаар байх уу?

2016 оны 4 сарын 6

-Дарханы АН-ын дарга гэгдэх Н.Мөнхдаш, дэд дарга Г.Гантулга нарыг МАН руу нь хөөж явуулахыг сануулав-

Дархан-Уул аймгийн Ардчилсан нам  хагарч хуваагдан, хоёр дарга, хоёр тамгатай болоод удаж байна. Өнгөрсөн оны 3 дугаар сард аймгийн АН-ын дотоод сонгууль болж дүрмийн бус сонгууль явуулсан  Н.Мөнхдашийг намын дарга биш гэж Хяналтын ерөнхий хорооны тогтоол гарчээ. Гэтэл үндсэн дүрмээ зөрчиж АН-ын дарга “Энэ хүн намын жинхэнэ дарга мөн” гэсэн утгатай итгэмжлэл гардуулж  сонгуулийн  дүнг шууд дээрээс нь баллуурдаж орхисон байна.

Н.Мөнхдаш нь “Шонхор” фракцийнх аж. Тиймээс  ийнхүү сонгуулийн дүнг үгүйсгэсэн хэрэг хэмээн Дархан-Уул аймгийн АН-ын жирийн гишүүд нь одоо болтол  сэтгэл дундуур тул элдэв янзын шүүмж өрнүүлсээр байна. 

Сонгууль болгоноор намаа ялагдуулсан хүмүүс нь албатай юм шиг намын даргын суудалд дүрмийн бус, хуйвалдааны замаар заларсан тухай маргаан тус нам дээр ийнхүү сүүлийн өдрүүдэд улам ширүүсэх төлөвтэй байна. АН-ын Дархан-Уул аймаг дахь Шонхор фракцыг толгойлдог намын дэд дарга гэх  Г.Гантулга мэтийн нөхдүүд  нь МАН-ын  “Мөнгөн сарнай” өргөмжлөл хүртэж, 2012 оны сонгуулийн санал хураалт болохоос зургаан хоногийн өмнө Дарханы хүүхдийн паркийн газраас 4 га газар хууль бусаар авсан тухай ч дахин яригдаж эхэлжээ. Мөн 2012 оны сонгуулиас хэдхэн хоногийн өмнө Н.Мөнхдашийн “Бурхан халдун групп” нь Дархандаа нэлээд том хэмжээний газар болох 13 га газрын зөвшөөрлийг хууль бусаар авч, олон улсын худалдааны төвийн газраа ч бас хууль бусаар томруулсан гэнэ. Тодруулбал, 2010, 2012 оны аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй , газрын  тухай хуулиа зөрчиж олгосон газрыг тухайн үеийн МАН-ын дарга нар нь өгсөн гэцгээх болжээ.  Тус компанийн авсан гурван удаагийн газрын зөвшөөөрлийн зарим нь энэ мэтээр хууль бус болсоныг газрын албаны дарга, мэргэжилтнүүд нь мөн тодорхойлдог юм байна. Тиймээс намын гишүүд нь “Эдгээрээс үзэхэд чухам хэн нь МАН-тай үгсэн сүлбэлдэж, намаа ялагдалд хүргэж байсан нь ойлгомжтой юм биш үү. Ийм хүмүүстэйгээ намын удирдлагууд хариуцлага ярих хэрэгтэй. Тэгээд Н.Мөнхдаш, Гантулга нарын зэрэг тэр хүмүүс нь МАН руугаа хөөгдөөд явбал явдаг л юм байгаа биз. Жирийн гишүүдийн хувьд бид ийм л зүйлийг намын даргадаа сануулж хэлэхгүй бол болохгүй боллоо” гэж байгаа ажээ.

Б.БАЯР

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна