Барселон Мессиг хамгаална

2016 оны 4 сарын 6

Европын шилдэг хөлбөмбөгийн клуб Барселон оффшор дансны дуулианд холбогдсоны Лионел Мессид хуулийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласан бол түүний эх орон Аргентины хөлбөмбөгийн үндэсний баг түүнийг шүүхэд өгөх эсэхээ шийдээгүй байна.

Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчид ням гаригт дэлхийн нөлөө бүхий удирдагчид, улстөрчид, бизнесменүүд, урлаг, спортын одууд, алдартнуудын оффшор дансыг илчилсэн билээ.  Тэр дунд Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) –ны ёс зүйн хорооны гишүүдээс гадна хөлбөмбөгийн бурхны хүү гэгддэг Лионел Мессигийн нэр хүртэл байгаа гэнэ. Ням гаригт Испанийн хэвлэлд Лионел Месси, түүний эцэг Хорхе нарын гарын үсэгтэй оффшор дансны баримтыг дэлгэсэн нь жинхэнэ шуугиан тариад байна. Өнгөрсөн хугацаанд Барселон клубын амжилтын гол түлхүүр байж ирсэн Мессиг ийм хэрэгт орооцолдсоны дараа клуб нь түүнийг дэмжихээ илэрхийлжээ.

Харин Аргентины үндэсний шигшээ багийн ахлагч Лионел Месси өөрийг нь татвараас зайлсхийсэн гэж эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гаргаж тавьсан баримтыг дэлгэсэн Испанийн хэвлэлийг нэр төрд нь халдсан гэж шүүхэд өгсөн байна. Месси, түүний эцэг Хорхе нарын татвараас зайлсхийсэн хэргийн өөр нэгэн шүүх хурал ирэх тавдугаар сард болох юм.

Испанийн “El Confidential” сонин Месси, түүний эцэг Хорхе нар Мега Стар Интерпрайзис хэмээх Уругвайн халхавч компанийн нэр доор татвараас зайлсхийсэн тухай баримтыг дэлгэсэн билээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна