Ц.Цолмон сайд ОУ-ын Улаан загалмайн хорооны Ерөнхийлөгчтэй уулзлаа

2016 оны 4 сарын 6

 

Олон Улсын Улаан Загалмайн Хорооны Ерөнхийлөгч Петр Маурер манай улсад айлчилж байна. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ноён Петр Маурер-ийг Төрийн ордоны Уулзалтын танхимд хүлээн авч уулзсан юм. Уулзалтад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын албаныхан байлцав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Батлан хамгаалах яам, Олон Улсын Улаан Загалмайн Хорооны хамтын ажиллагаа, харилцаа нь хоёр талын итгэлцэл, харилцан ойлголцлын хүрээнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд амжилттай өргөжин тэлж байгааг хэлэхэд таатай байна" хэмээн онцолсон юм. Харин ноён Петр Маурер "Биднийг хүлээн авч уулзаж байгаад бид гүнээ талархаж байна. Би Монгол Улсад ажлын айлчлал зохион байгуулж байгаа ОУУЗХ-ны анхны Ерөнхийлөгч болсондоо баяртай байна. Таны хэлсэнчлэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ОУУЗХ болон Монгол Улсын Зэвсэгт хүчин эерэг харилцаатай байсанд сэтгэл хангалуун байна. Таньтай ярилцах гурван асуудал байгаа ба дараагийн жилүүдэд энэ тал дээр түлхүү анхааран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гээд хэд, хэдэн ажил хэрэгч санал болгож байв. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулсан Зэвсэгт мөргөлдөөний хуулийн сургагч багш нарын сургалт амжилттай хэрэгжиж ирсэн. Бид дараа дараагийн жилүүдэд танай Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын хээрийн сургуулиуд болон энхийг дэмжих ажиллагааны сургалтуудад илүү идэвхтэй өргөжүүлэх сонирхолтой байна. Хоёрдугаарт, ОУУЗХ бол дэлхийн 120 гаруй орны Зэвсэгт хүчинтэй Олон улсын хүмүүнлэгийн эрхзүй болон Зэвсэгт мөргөлдөөний эрхзүйн сургалтууд, дадлага бэлтгэлүүд дээр хамтарч ажилладаг. Тэгэхээр бид эдгээр эрхзүй, хуулийн сургалтуудын тал дээр танайхтай хамтарч ажиллахаас гадна бүс нутгийн хэмжээний семинар, уулзалтуудыг зохион байгуулахад хамтарч ажиллах саналтай байна. Улаанбаатарт бүс нутгийн хэмжээний олон улсын хүмүүнлэгийн семинар, уулзалтыг зохион байгуулан бүс нутгийн орнуудыг урьж оролцуулж болох юм. Танай орны Зэвсэгт хүчин бүс нутагтаа энхийг дэмжих ажиллагаанд тэргүүлж байгаагийн нэгэн адил, сонгож авсан олон улсын гэрээ, конвенциудыг дагаж мөрддөг, олон улсын хүмүүнлэгийн хуулийн сургалт, бэлтгэлээр тэргүүлэх чиг үүрэгтэй орон болоосой гэж найдаж байна гэсэн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Өөрийн тань хөндсөн манай 20 жилийн хугацааны хамтын ажиллагааны нэг хэлбэр бол сургалтын асуудал яах аргагүй мөн. Манай Зэвсэгт хүчний тайван цагийн оногдсон үүргүүдийн нэг нь НҮБ-ын хүрээн зохион байгуулагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал юм. Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургуулийн үед манай цэргийн алба хаагчдад энхийг дэмжих ажиллагааны үе дэх ОУУЗХ-ны үүргүүд, үйл ажиллагааны талаарх лекц унших гэх мэт янз бүрийн түвшинд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байдагт талархаж байна. 

 

Мөн ОУУЗХ-ны Зэвсэгт хүчний төлөөлөгчийг Батлан хамгаалахын их сургуульд урьж, тус сургуулийн багшлах бүрэлдэхүүн болон сонсогч, оюутнуудад Хүмүүнлэгийн эрх зүй болон Зэвсэгт мөргөлдөөний эрхзүйн талаарх онолын мэдлэг олгож байгаа. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Итали Улсын Сан Ремо дахь Олон улсын Хүмүүнлэгийн Институт болон бусад хилийн чанад дахь сургалтуудад суралцахад санхүүгийн дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлье" гэсэн юм. Талууд сургалтуудаа олон хэлбэрээр дэлгэрүүлж, хөгжүүлэхэд бэлэн буйгаа, бүс нутгийн сургалт, семинарыг Улаанбаатар хотод зохион байгуулахад санал нэгдэж байсан бөгөөд цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.