Пол Уолкерын үхэлд Порше буруугүй гэв

2016 оны 4 сарын 6

Гурван жилийн өмнө авто машины ослоор амиа алдсан “Галзуу хурд” киноны од, жүжигчин Пол Уолкерын үхэлд түүний сууж явсан машин Порше буруугүй гэдгийг АНУ-ын Холбооны шүүхийн эцсийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүх хурлыг удирдан явуулсан Холбооны шүүгч хэлэхдээ Пол Уолкер болон түүний найзын унаж явсан Порше Каррера ЖТ машин осол гарах үед аюулгүй ажиллагаа нь доголдсоныг нотлох хангалттай баримт байхгүй гэжээ.

Осол гарсан 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд машин барьж явсан Рожер Родас хяналтаа алдаж, машин гэрлийн шон, мод мөргөхөд Пол Уолкер зорчигчийн суудалд сууж явсан ажээ. Лос Анжелес хотын Цагдаагийн газар ослын шалтгааныг хурд хэтрүүлснээс болсон гэж дүгнэсэн билээ. Мөрдөгчдийн дүгнэлтээр осол гарах үед машин 80-93 милийн хурдтай явж байсан гэдэг.

Пол Уолкерын найз Рожер Родасын бэлэвсэн эхнэр Порше машинд ослын хамгаалалт, түлшний элемент байдаггүйгээс ослын өмнө машины аюулгүй ажиллагаа доголдсон гэж таамаглаж, Порше машиныг нөхрийнхөө үхэлд буруутгасан билээ.

Харин Холбооны шүүгч Поршег буруугүй гэж үзсэн байна.

Н.Энх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна