Засгийн газар хоорондын комисс Софид хуралдав

2016 оны 4 сарын 6

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Софи хотноо амжилттай болж өндөрлөв.

Комиссын хуралдаанд оролцсон манай төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, комиссын монголын хэсгийн дарга Р.Бурмаа, болгарын талыг Эдийн засгийн дэд сайд, комиссын болгарын хэсгийн дарга Даниела Везиева нар тус тус тэргүүлэн оролцов.

Хуралдаанаар Монгол, Болгарын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Комиссын өмнөх 5 дугаар хуралдааны хэрэгжилт, БНБУ-ын Ерөнхийлөгч Р.Плевнелиев-ийн 2015 оны 5 дугаар сард манай оронд хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудын явц болон манай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх төлөвийн талаар хэлэлцэв.  Комиссын хуралдааны төгсгөлд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдааны Протоколд Хүнс, хөдөө аж ахуйн сайд, комиссын монголын хэсгийн дарга Р.Бурмаа, Болгарын Эдийн засгийн дэд сайд, комиссын болгарын хэсгийн дарга Даниела Везиева нар гарын үсэг зурсан ба ЗГХК-ын энэ удаагийн хуралдаан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, барилга, соёл, боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болсныг хоёр тал тэмдэглэв.

Хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Болгарын Ардын Хурал дахь Болгар, Монголын парламентын бүлгийн дарга Десислава Атанасова, Газар тариалан хүнсний дэд сайд Васил Грудев нартай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Мөн Монгол-Болгарын бизнес форум зохион байгуулж хоёр талаас 50 гаруй төлөөлөгчид оролцов.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна