Д.Сосорбарам юу хэлэв?

2016 оны 4 сарын 6

Улстөрийн хүрээнийхэн дунд “УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт дайн зарласан гэх шуугиан дэгдээд байна.  Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам өнгөрсөн даваа гариг /2016.04.04/-т “С-1 телевиз”-ийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо Н.Алтанхуяг гишүүний хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хүн их л шударга үнэнч хүний дүрд тоглолоо. Авлигал аваагүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Ардын намынхантай халаас нэгтэй хүн. Тэгэхдээ энэ хүн Ардчилсан намын орон зайд байсан учраас эв эеэ ололцоод хошуу дүрээд ярих ёстой. Гаднаас шидсэн маш том чулууг бутрангуут нь бие бие рүүгээ авч шидээд байна.

Нэн даруй Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулж, намын даргаа шударгаар сонгоод, Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-г татан буулгах ёстой. Одоо байгаа ҮЗХ-нд Н.Алтанхуягийг тойрон хүрээлэгчид дүүрэн байдаг. Энийг татан буулгах хэрэгтэй, жинхэнэ авлигал, мөнгөний газар юм билээ. Уг нь фракциуд шинэ, шинэ үзэл бодлоор өрсөлдөж, улсынхаа эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Гэтэл албан тушаал, суудал сэнтий хөөсөн ямар ч чадваргүй юмнууд ороод ирдэг” гэсэн нь үндсэндээ Х.Баттулга гишүүний үг гэж үзэгсэд олон байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ардчилсан намын дарга байх үеэс УИХ-ын гишүүн Х.Баттулга ҮЗХ нь зөвхөн “Алтан гадас” фракцийнхнаар дүүрч байгаа тухай шүүмжилж, мөн өнөөгийн Ардчилсан намын дарга З.Энхболдын фракцитай нийлэн ҮЗХ-ны бүрэлдэхүүнийг өөрчлөх хэд, хэдэн удаагийн оролдлого хийгээд тэр бүгдэд бүтэлгүйтэж байсан юм.

Мөн сар шинийн өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард Ардчилсан намын дарга ҮЗХ-ны хуралдаанаа зарлаж, ҮЗХ-ны шинэ гишүүнийг батламжлан бүрэлдэхүүнээ өөрчлөхийг хүссэн ч “Алтан гадас” фракцийнхан орж ирэхгүй байсаар уг хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Одоо ч энэ хурлыг зарлахад төвөгтэй байгаа. Учир нь ҮЗХ-ны хуралдаан зарлагдан, хуралдвал шинэ гишүүдийг батламжлан “Алтан гадас”-ын нөлөө буурах тул ҮЗХ-ны одоогийн бүрэлдэхүүнийг хадгалах нь ашигтай байгаа гэх нь бий.

Энэ асуудал Тавантолгой тойрсон дуулианаар намжаад байсан ч Д.Сосорбарам гавьяатаар дамжуулан сөхөөд авсан нь Ардчилсан нам хэзээ Их хурлаа зарлан хуралдуулж, ҮЗХ-ны бүрэлдэхүүндээ салхи оруулах вэ гэдэг асуудлыг ч хөндөөд байна.

Түүнчлэн Д.Сосорбарам гавьяат “Монгол үндэстний эрх ашгийн төлөө эе эвээ ололцоод нэгдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой эвлэрлэх зорилгоор дотны хүнээр нь үгээ дайлгалаа. Хүнд байдалд орсон учраас ойлголцож эе эвээ хичээхийг эрмэлзэж эхлэв үү гэх хардлагыг ч араасаа дагуулаад байна.

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамын яриаг энэ линкээс үзэх боломжтой.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна