А.Эрдэнэбат: Д.Дагвадорж 10 сая ам.доллар залилсан

2016 оны 4 сарын 6

"Live energy" уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр сумогийн их аварга Д.Дагвадорж төслийнх нь 10 сая ам.долларыг өөрийн хувийн данс руу шилжүүлж, завшсан боловч өөрийгөө хохирогч мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарааж байна гэлээ. Тиймээс энэ хэргийг шалгуулахаар Арбитрын шүүхэд хандсан гэдгээ хэлсэн юм.

Тэрбээр “Би долоон жилийн өмнө их аварга Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдсон. Манай төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдыг Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар надад танилцуулсан. Тэр хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хуан Ёу Лун байсан. Хуан Ён Лунгийн эхнэрийг монголчууд Хуан  жү гэг гэх нэрээр нь танина. Ингээд бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун А.Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн. Энэ мөнгийг Д.Дагвадоржийн банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан оруулж ирсэн. Гэсэн ч Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн. Ингээд захиран зарцуулалтыг Д.Дагвадорж хийсэн. Миний бие ганц ч ам.доллар аваагүй. Гэтэл хөрөнгө оруулагч болох Хуан Ёу Лун 10 сая ам.доллараа 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн. Энэ хэргийг би хуйвалдааны, залилангийн шинжтэй хэмээн үзэж Монголын хууль хяналтын байгууллагад хандан, энэ хэрэг одоо шалгагдаж байгаа” гэлээ.

Мөн тэрбээр энэ хэргийг Арбитрын шүүхээр шалгуулахаар өгсөн гэсэн юм.

Түүний мэдээлж буйгаар гэрээнд хоёр тал маргаан үүсгэвэл Монголын шүүхээр бус Хонконгийн Арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан гэлээ. Ингээд Арбитрын шүүхэд ханджээ. Харин Арбитрын шүүхэд хандсаны дараагаас Д.Дагвадорж аварга өөрийгөө хохирогч мэтээр хэвлэлээр гарах болсон гэж мэдээллээ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд дараагийн ээлжид Хонконгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ч хандана гэдгээ хэлсэн юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Д.Дагвадорж аваргатай холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан юм. Харин твиттер хуудсандаа ингэж бичжээ.

Харин энэ асуудалд нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Би энэ асуудлыг мэдэхгүй. Сонгууль дөхсөн болохоор намайг ийм асуудалд холбогдуулж байгаа юм байлгүй. Надад хамаагүй” гэлээ. 

Ямартай ч А.Эрдэнэбат “Энэ мэдээлэл бол хүний нэр төрд халдаагүй, баталгаа, нотолгоотой хэмээн баримт бичгийг үзүүлж байлаа. Гэвч тэрбээр хурлын дараа хэвлэлийнхний асуултад хариулахыг хүссэнгүй. “Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас хамаагүй мэдээлэл хийж болохгүй” хэмээн элдэв тайлбар хэлэхээс зугтан, цагдаагийн хамгаалалтан дор хурлын танхимаас гарч явсан юм.

Хэвлэлийн хурал зарлан сенсаци дэгдээгээд буй Амалхааны Эрдэнэбат нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн нөхөр юм.  П.Анужинг нөхрөө хаясан гэж шуугиад байгаа ч гэр бүлийн хоёрын хэн хэн нь албан ёсоор салсан эсэх талаар ярихгүй байгаа билээ.

Харин Амалхааны Эрдэнэбатыг нэлээд паянтай эр хэмээн хүрээллийнх нь хүмүүс ярилцдаг. Тэрбээр одоогоос 4-5 жилийн өмнө Б,Э гэгч залуустай хөрөнгө оруулалтын гэрээ байгаалан дөрвөн сая ам.долларын зээл авахуулчихаад мөнгийг нь хувьдаа завшсан гэх мэдээлэл цагагдаж байв. Тэдгээр залуусаас дараа нь дахин нэг  сая ам.доллар шаардан рекетлэснийхээ төлөө цагдаад шалгагдаж байжээ. Энэ бүх хэргээс түүнийг өмгөөлөн авч үлдэж байсан хүн нь өмгөөлөгч Б.Батзаяа аж. Б.Батзаяа нь А.Эрдэнэбатын баз хүргэн бөгөөд хөрөнгө мөнгө завшсан, завшсан мөнгөө авлига, хээл хахуульд өгсөн бүх хэргийг нь хаацайлан хамгаалдаг гэхчилэн таагүй мэдээллүүд цахим ертөнцөөр дүүрэн байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна