Газар эзэмших гэрчилгээг өмчлөхөөр солино

2016 оны 4 сарын 6

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 26 зуслангийн аман дахь 18 мянга 216 нэгж талбарыг иргэдэд өмчлүүлэхээр болжээ. Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг эзэмшдэг ногоон гэрчилгээтэй иргэд ирэх баасан гаригийн 12 цагаас эхлэн эзэмшлийн гэрчилгээгээ, өмчлөлийн гэрчилгээгээр сольж болно. Гэхдээ газар өмчлөл цахимаар явна. Яг өмнө нь нийслэлийн Өмчийн харилцааны газар /НӨХГ/-аас явуулсан цахим газар өмчлөл шиг өмчлөлийг зохион байгуулах юм. Өмнө нь газар өмчлөхөөр цахим сайтад хандаж, бүртгүүлсэн бол дахин мэдээллээ оруулах шаардлаггүй. Одоогоор 600 гаруй мянган иргэний бүртгэл нийслэлийн Өмчийн харилцааны газарт бий. Харин өмнө нь цахимаар газар өмчлүүлэхээр огт хандаж, бүртгүүлээгүй иргэд www.Land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан бүртгүүлж, газар өмчлөх хүсэлтээ бичих ёстой. Мөн харьяа дүүргийнхээ Өмч, харилцааны газарт очиж одоогийн эзэмшиж буй газраа өмчилж болох эсэхээ шалгуулж, бүртгүүлэх шаардлагатайг өнөөдөр /2016.04.06/ НӨХГ-аас мэдэгдлээ.

Хуулиараа ойн зах, усны урсацтай газраас 100 метрийн зайд иргэд газар эзэмших, өмчлөх эрхтэй. Гэвч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн амуудад газартай иргэдийн ихэнх нь бусдынхаа орох гарах гарцыг хаасан эсвэл ойд, голын хажууд хашаа татаж, байшингаа барьсан зэрэг зөрчилтэй. Энэ тохиолдолд тухайн газрыг өмчлөхгүй боломжгүй аж. Хэрэв дээрх зөрчлөө арилгавал дараа нь газрын эзэмшлийн гэрчилгээг, өмчлөлийнхөөр сольж болох юм байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийсэн тооллогоор нийт 40 мянга орчим өрх зуслангийн газарт, суурьшиж амьдардаг. Сүхбаатар дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт есөн зуслангийн ам бий. Ам бүрт газрын ерөнхий төлөвлөгөө хийж баталсан. Нийт 40 мянга 59 гэр бүлийн хэрэгцээний газраас 21 мянга 483 нэгж талбарыг нь өмчлөх боломжгүй гэж хотын удирдлага тооцжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна