Тодруулга мэдээ

2016 оны 4 сарын 6

Бидний амьдралын салшгүй хэсэг болсон мэдээллийн хэрэгсэлийн нэг бол телевиз билээ. Тиймээс ч манайд хандсан зарим хүмүүсийн асуултын дагуу зах зээлд давамгай байдалтай байгаа Ай Пи Ти Ви /Юнивишн/ болон кабелийн телевиз /”Сансар” кабелийн телевиз/-ийн үйлчилгээний талаар “Монголын кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны менежер Н.Сайнцогтой ярилцлаа.

-Уншигчид Кабелийн телевиз, Ай Пи Ти Ви үйлчилгээний гол ялгаатай талуудыг мэдэхийг их хүсэж байгаа болохоор энэ талаар ойлгомжтой тайлбарлаж өгөөч?

-Ер нь бол үндсэндээ сүлжээ нь шилэн кабельд суурилснаараа төстэй боловч огт өөр хоёр технологи юм. Товчхондоо бол Ай Пи Ти Ви нь бидний интернэтээр шууд үздэг телевизийн хөтөлбөрийг зурагтаар үзүүлж байгаа бол кабелийн телевиз нь сонгодог утгаараа телевизүүдийн хөтөлбөрийг хэрэглэгчдэд хүргэж байгаа юм.Дуу дүрсний чанарын хувьд бол хоёулаа адилхан.

-Аливаа үйлчилгээ давуу болон сул талтай байдаг. КаТВ болон IPTV үйлчилгээний сул, давуу талуудыг харьцуулан товчхон хэлбэл...

-Ай Пи Ти Ви бол интернэтэд суурилсан үйлчилгээ болохоор шууд эфирээс хугацаа нь хоцорч явдаг. Олон хэрэглэгч зэрэг холбогдоход болон интернэт хэрэглэж байх явцад телевиз нь гацдаг. Телевиз үзэх явцад интернэтийн хурд удааширдаг. Интернэт тасарсан үед бүх үйлчилгээ нь зогсдог. Кипер халдлагад өртөх магадлал ихтэй. Нэмэлт үйлчилгээнүүдээс шалтгаалж төлбөр өндөр гардаг зэрэг сул талтай. Давуу тал нь ухраах, нөхөж үзэх үйлчилгээ байдаг.

Кабелийн телевизийн хувьд хугацааны хоцролтгүй, тогтмол төлбөртэй, кипер аюулгүй байдал талаасаа 100 хувь хамгаалагдсан, интернэтээс шалтгаалж гацах, тасрахгүй зэргээрээ давуу талтай. Ухраах нөхөж үзэх үйлчилгээ байхгүй нь сул тал боловч гадаад орнуудад бол энэ үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн, манайд хараахан нэвтрээгүй байгаа юм. Гэхдээ бичлэг хийж түүнийгээ дахин үзэх боломж бол байгаа.

-Дэлхийн хэмжээнд Ай Пи Ти Ви болон кабелийн телевиз хоёрын аль нь илүү хөгжиж байна, ер нь цаашдийн чиг хандлага ямар байх бол...

-Ай Пи Ти Ви үйлчилгээг төслийн шатнаас нь амжилтанд хүргэсэн газар нь одоохондоо Хонг-Конг л байх. Зах зээлд цоо шинэ үйлчилгээ нэвтрэхийн тулд асар хүчтэй ордог шиг Ай Пи Ти Ви хүчтэй нэвтэрсэн. Удалгүй зогсонги байдалд орж улмаар зарим оронд бүр уналтанд орсон. Америкууд хүртэл одоо буцаад уламжлалт кабелийн телевизийн үйлчилгээндээ шилжиж байна.Учир нь кабелийн телевиз нь илүү хялбар хирнээ илүү хямд үнэтэй, хосолмол үйлчилгээнүүдийг санал болгож байна. Ер нь бол КаТВ, интернэт, телефоноос цааш компьютер болон бусад ухаалаг төхөөрөмжөөр телевизийн хөтөлбөрүүдийг хүлээн авч үздэг болтлоо хөгжөөд явж байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

-Танд ч бас ажлын амжилт хүсье. Баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна