Хүн “гутлаараа”, мал хөлөөрөө!

2016 оны 4 сарын 6

Муур хоншоороо угаадаг шиг гутлынхаа хоншоорыг л арчдаг хүн байх. Гутал нь ялимгүй тоос болох төдийд зүлгэж гардаг, нүүрээсээ илүү гутлаа арчилдаг, хөлдөө жийсэн нь өлөн тоос болох төдийд л сэтгэлээр уначихдаг эмзэгхэн “дэлбээнүүд” ч бий. Бас цэцэг ургах нь холгүй, шороотой гуталтай нэгэнтэй бишгүй л дайралддаг. Тархиа угаалгаж, гутлаа гялалзуулсан нь ч олон.

Бартаа саадыг ажрахгүй туулахын тулд хүйтнээс хөлөө хамгаалахаар эртний нэгэн нөхөр ангийн арьсаар хөлөө ороосон нь гутлын нээлт болжээ. Анхны гутал тэгэхээр бойтогорхуу байсан байж таарлаа. Монголчуудын хувьд малын шилбэний арьсыг год, годол гэдэг бөгөөд энэ үгнээс гутал гэдэг үг үүссэн гэж хэл шинжээч тайлбарласныг хаанаас ч билээ уншиж байлаа. 

Өнөөдөр бол гутал эзнийхээ баян, ядуу, арчаатай болоод арчаагүй, цэмбэгэр, заваан, тэр ч бүү хэл баруун, солгойг илэрхийлэх бүхий л шинжийг нь тодорхойлох соёлын нэгэн хэмжүүр болтлоо хөгжив. Гутал гал ус, бороо, шороо, хүйтэн, халуунаас хамгаалахаас гадна өөрийгөө илэрхийлэх “зэвсэг” болж, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх “индэр” ч болох нь бий.    

Улс төрийн эсэргүүцлийн илэрхийлэл болгон гутлыг ашигласан анхны улстөрч бол Никита Хрушев байжээ. Тэрээр хүйтэн дайны үе буюу 1960 оны НҮБ-ын ерөнхий Ассамблейн хуралдаанд гутлаа тайлж, "индрээ" /ширээгээ/ нүдэн “сүрдүүлжээ”. Дэлхий хоёр хуваагдаад байсан тухайн үед Филиппиний төлөөлөгчдийн тэргүүн үг хэлэхэд Хрушев ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж гутлаа хурал даргалагчийн алх болгон ашиглажээ. Эсэргүүцлээ илэрхийлсэн Хрушевийг эсэргүүцэж бужигналдахад намжаахыг оролдсон хурал даргалагч алхаа хугалж орхисон түүх бий.

Ийнхүү гутал алх болон хувирав. Харин түүнээс хойш эсэргүүцлээ илэрхийлэх, бусдын анхаарлыг татах сонгомол аргын тоонд гутал зүй ёсоор багтах болж. Хамгийн сүүлд гэхэд Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар "Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй" гэхчилэн УИХ-ын дарга руу оймсоо тайлан шидэв. Тэрээр гутлаа шидээгүй шалтгаанаа хайртай эхнэрийнх нь авч өгсөн гутал учраас хайран байсан гэж тайлбарласан. Үнэндээ бол хал багатай хувилбар нь оймс байсан нь мэдээж. Ийнхүү гутлын оронд оймс залрав.

Өмнө нь, МАХН-ын дарга Н.Энхбаяр оймсоо гозолзуулаад авлигын хэргээр баривчлагдаж байсныг би ч, та ч үзсэн, харсан. Хэрэв гутлаа өмсөөд хөлөөрөө гарсан бол өөрийнхөө буруутайг хүлээн зөвшөөрсөн үйлдэл болно гэж Монголын төрийн өндөрлөгт арав гаруй жил заларсан архаг “авлигачин” мэдэхтэйгээ л дээ. Тиймээс л гутлаас дутахааргүйгээр оймсоор эсэргүүцлээ илэрхийлж болохыг харуулсан. Тэгвэл гадаад ертөнцөд гутлаа улстөрчид рүү нүүлгэсэн хэд хэдэн тохиолдол бий.

АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш энэ зурагт хэрхэн гарамгай бултаж буйг та бид харж байна. Хятадын ерөнхий сайд Вэнь Зябаод ч энэхүү “илгээлт” ирж байв. Олон улсны Валютын сангийн тэргүүн Доминик Стросс Кан бас гуталт “халдлага”-д өртөж байсан. 

Араас нь ерөнхий сайд нараас Туркийн Эрдагон, Грекийн ерөнхий сайд Георгиас Папандреу, ерөнхийлөгч нараас Гүржийн, Суданы, Ираны ерөнхийлөгч нар олон нийтэд үгээ хэлж байхад нь гутал нүүлгэв байв. Төрийн удирдагчид руу гутал шидсэн жагсаалт дэлхийн хэмжээнд албан ёсоор ес бүртгэгдсэн бөгөөд оймсыг оруулбал УИХ-ын дарга гуталтай “халдлагад” өртсөн арав дахь удирдагч болж, жагсаалыг үргэлжлүүлжээ. Гэхдээ энэхүү бүхэнд тэдний барьж буй бодлогыг эсэргүүцсэн иргэд, сэтгүүлчид өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн юм.

Харин залуучуудын тодотголтой хэрнээ үеэ элээсэн үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгууллага маргааш “Гутлын жагсаал” гэгчийг хийх гэнэ. Хөл нүцгэн жагсаал ч гэж юу байлаа. Хүй нэгдлийн үед жагсаал, цуглаан хийдэг байсан гэж сонсоогүй юм байна.

Жагсаалд ирэх хүмүүс илүү гутлаа сугавчлаад ирэхийг зохион байгуулагчид санал болгожээ. Жагсаал гэхээсээ “комиссын гутлын” үзэсгэлэн гаргах гээд буй бололтой. Төв талбайд баахан гутал тавих нь л дээ. Харин тэдгээр гутал уранхай цоорхой гэхээсээ илүүтэй өнгөлөг, гялтгар л байх болов уу?

МЗХ-ны удирдлагууд шалдир булдир зүйлээр шинэ цагийн залууст хэлбэрдэхийг уриалахын оронд хийж бүтээх, сурч боловсрох зам мөрийг нь зүглүүлбэл илүү үр дүнтэй санагдана. Гэтэл утга учиргүй улстөржиж, өөрөөсөө бусад руу үсчин, үгүйсгэж, хулгайчаар нь харааж, хуучин нийгмийн санагалзсан нөхрийг тугаа болгочихоод түүндээ дөрлүүлж яваа нь харамсалтай. Яая гэх вэ, эрх чөлөөт нийгмийн сохор сонголт юм даа.

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж монголчууд хэлцдэг. Энэ үгийн утга учир ч цагийн аяст өөрчлөгдсөн болой. Хүн үзэл бодлоо илэрхийлж, хууль тогтоогч руу оймсоо шидэж, төв талбайдаа салаавчаа гаргаад зогсдог нь ардчиллын ач. Тиймээс хүн гутлаараа, мал хөлөөрөө болох цаг дор гутлаар бус үгээр, хөлөөр бус гараараа Л.Нарантөгс үүнийг бичив.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна