Нисванис рок наадам хийнэ

2016 оны 4 сарын 6

Ийм нэртэй цомгийг “Нисванис”-аас өөр хамтлаг гаргахгүй болов уу

Нисванис” хамтлаг энэ жил 20 нас хүрч байна. 20 жилийнхээ ойг тохиолдуулан “NISNIS FEST 2016” рок фестивалиа энэ сарын 9-ний өдөр, 15:00 цагаас “One Event Hall” -д хийхээр болжээ. “Утасны анд” тус хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай холбогдлоо.

-Танай хамтлагийн рок залууст 20 жилийн ойн мэнд хүргэе. Бас л чамгүй цаг хугацааг рок поп ертөнцөд өнгөрөөжээ. Анхны цомог тоглолтоо дурсаач?

-20 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хооронд сайн сайхан бодол мөрөөдлөө өөрчлөхгүй юмсан, сайн сайхан амжилт дэвшил рүү явах юмсан гэсэн ирмүүн бодлоор өөрийгөө хөглөөд явж байна. Анхны албан ёсны тоглолтоо 1996 оны арваннэгдүгээр сард “Сонсохыг хориглоно” нэртэйгээр хийж байлаа. Энэ тоглолт маань бидэнд “Пентатоник” наадмын “Шилдэг дебют хамтлаг”-ийн шагналыг авчирсан. 1999 онд “Хүчилтөрөгч” цомгоо гаргаж “Харанхуй цээжний цонх” нэртэйгээр хийж байлаа. Түүнээс хойш жилдээ дор хаяж хоёр, зарим жилдээ гурав, дөрвөн тоглолт хийж, бар, клубуудад долоо хоногт 3-5 жижиг тоглолт хийдэг байлаа. Ингээд бодохоор тоглолтын тоо нэлээд их гарах байх. Энэ бүхнийг эргээд дурсахад сайхан байна.

-Шинэ цомгийнхоо талаар яриач. Бас л хэлэхэд хэцүү нэртэй юм байна?

-Бид дөрөв дэх цомгоо хэвлэлтээс дөнгөж аваад байна. Цомгийн маань нэр “Гар хангалга”. Энэхүү цомог маань 12 шинэ дуунаас бүрдсэн. Дууны шүлгүүдийг модернист яруу найрагч Б.Галсансүх бичсэн. Нөгөөтэйгүүр ийм нэртэй цомгийг “Нисванис”-аас өөр хамтлаг гаргахгүй болов уу.

Анх манай хамтлаг гарч ирэхдээ л арай өөр, өвөрмөц байхыг хичээсэн. Хамгийн анхны цомогт орсон “Эмийн сан руу алхсан нь”, “Сургууль нураасай” гэх мэт дуунууд маань их эрс шийдэмгий сэдвүүдийг хөндөж байсан. Үүнээсээ ч бид кайф авдаг. Ийм сахилгагүй, эрс шийдэмгий сэдвүүдийг хөнддөгтөө сэтгэл ханамжтай байдаг. Цомогт орсон “Гар хангалга”, “Цаг хугацаа бүгдийг эмчилнэ”, “Сэтгэл хөдөлнө” гээд гурван дууны клипийг албан ёсны youtube сувгаас үзэж болно. Удахгүй “Аабан, бээбэн дуугаа клипжүүлнэ”.

-“NISNIS FEST 2016” рок фестиваль энэ жил ямар онцлогтой болох бол?

-Энэ жилийн хувьд хамтлагийн 20 жилийн ойтой давхцаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд үе, үеийн төлөөлөл болсон 20 хамтлаг оролцохоороо өмнөх жилүүдийнхээс онцлог болно. Харанга, Хурд, Аясын салхи, Шар айраг гэх мэт хамтлагууд дуулна. Хамтлаг байгуулагдсан өдрөө жил болгон “Нис Нис Фест” тоглолт хийсээр уламжлал болжээ. Мөн шинэ цомгийн баяраа хийнэ. Түүний дараа дахин шинэ цомгийн ажилдаа орно доо. 20 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байна. Фестиваль буюу хаврын анхны рок наадмыг “Зүрхнээс боргилох эрх чөлөө” уриан дор хийнэ.

Х.ХАТАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна