БОХХААБХ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

БОХХААБХ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.04.06.Лхагва гараг/ 10 цаг 24 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаанаар эхлээд Органик хүнсний тухай хуулийн төслийн /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн / эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нараас гаргасан асуулт, тодруулгад ажлын хэсгээс хариулт өгөв.

Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, органик хүнсний бүтээгдэхүүн нэлээдгүй үнэтэй борлуулагддаг. Монголд үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь нь органик хүнс байдаг. Иймд хамгийн том бэрхшээл бол үнийн асуудал байгаа. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муутай холбоотой. Мөн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангаас бүтээгдсэн бүтээгдэхүүн, өртөг багатай аж ахуйгаас бүтээгдсэн бүтээгдэхүүнийг ялгах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийг хэрэглэгчид хүргэх асуудал хүндрэлтэй. Жишээ нь маш сайн чанарын махны үүлдрийн үхэр үржүүлэхэд түүний борлуулалтад гарах зардал, бэлчээрийн мал аж ахуйгаас гарч байгаа үхрийн махны үнэ өртөг ялгаатай. Эдгээрийг нэг лангуун дээрээс борлуулах үнийн зөрүүг хэрэглэгчид ялгах боломжгүй байдаг гэдгийг хэлж, энэ хуулийн хэрэгжилт хэр бодитой байх асуудлыг хөндсөн юм. Мөн хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн С.Оюуны гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90 хувийн саналаар дэмжлээ. Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх удаах асуудал “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудал байв.

Энэхүү тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, тогтоолын төсөл санаачлагч Л.Эрдэнэчимэг хийсэн юм. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост-Тосонбумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 320 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Говь Гурвсансайханы Байгалийн Цогцолборт газрын хилээс 25 кпм зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байна. Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тост-Тосонбумбын нуруу орчим нутагт байгаль хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж үр дүнтэй хэрэгжүүлснээр байгалийн унаган тогтолцоо, шим ертөнцийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал үр нөлөө үзүүлэнэ. Судалгааны үр дүнд тус хамгаалалттай газрын кв км бүр нь тухайн амьтны хувьд үр төлөө гаргадаг, шилжилт хөдөлгөөн хийдэг, ороо хөөцөөнд ордог онцлогтой чухал ач холбогдол бүхий газар нутаг болохыг харуулж байгаа тул энэхүү нэн ховор чухал амьтны генийн санг хадгалах, хэвийн тогтвортой амьдрах нөхцөлийг хангахад Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай байгаа гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Х.Болорчулуун нар ын тавьсан асуулт, тодруулгад Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагч Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл болон ажлын хэсгээс тайлбар өгөв. Гишүүдийн зүгээс хэлэлцэж буй асуудалд Засгийн газрын санал байхгүй байгаа тул хэрэгжилт ямар байх нь тодорхойгүй байна, мөн найман газар улсын тусгай хамгаалалтад авагдахаар хүлээгдэж байгаа ч эдгээрээс зөвхөн Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаар оруулж ирж байгаа нь ямар учиртай болох. Тост Тосонбумбын нурууний хил хязгаарыг юу баримталж тогтоосон зэрэг асуудлыг гишүүд хөндсөн юм. Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн байнгын хорооны хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 54.5 хувийн саналаар дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж