Багш нарт орон сууц, цалин хөлсний асуудал тулгардаг гэв

2016 оны 4 сарын 6

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Монголын залуу багш нарын холбооны тэргүүн Н.Учрал тэргүүтэй залуу багш нарын төлөөллийг өнөөдөр /2016.04.06/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус холбооны удирдлагууд нийслэлийн 1000 залуу багшийн гарын үсэг бүхий 19 санаачилгыг гардуулж өгсөн юм. Тус холбооноос "Багш нараа сонсъё" хэлэлцүүлэг, 1000 багшийн уулзалт зохион байгуулсан бөгөөд багш нараас гаргасан тодорхой санал хүсэлтүүдийг багцлан намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар ийнхүү хүргүүлж байгаа ажээ. Энэхүү 19 санаачилга нь залуу багш нарт тулгамдаж буй асуудал, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байна.

Залуу багш нарын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь орон сууц, цалин хөлс байгааг уг холбооны тэргүүн Н.Учрал онцолсон юм. Тухайлбал, багш нарын цалин хөлсний тогтолцоонд өөрчлөлт оруулах, ажлын санаачилга, бүтээл, үр дүн, суралцагчдын сэтгэл ханамжийн төвшнийг харгалзан ажлын гүйцэтгэлээр үнэлдэг 3600 системийг нэвтрүүлэх саналаа уламжилжээ. Залуу багш нар сард 480-500 мянган төгрөгийн цалинтай, ипотекийн зээлд хамрагдах боломж хязгаарлагдмал байгаагаа уг саналдаа тусгажээ. Тиймээс залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг болох үүднээс орон сууцжуулах асуудлыг төрийн бодлогоор дэмжих, урьдчилгаа төлбөрийн уян хатан бодлого хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт багш нар нэгдэж тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдэх гарцыг эрэлхийлж, төр засагт уламжилж байгаад талархаж буйгаа илэрхийлээд тэдний саналыг хүлээн авч анхаарч ажиллана гэлээ.

Дашрамд дурдахад, Монголын залуу багш нарын холбоо нь 21 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөлтэйгээс гадна дэлхийн 150 гаруй орны 3500 гаруй байгууллага, 10 мянга гаруй гишүүд дэмжигчтэй Олон улсын багш нарын холбооны жинхэнэ гишүүн, ЮНЕСКО-гийн зөвлөх эрхтэй байгууллага болох Дэлхийн боловсролын зөвлөлийн гишүүний статустай ажээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна