ОХУ оффшорын баримтуудыг нягтална гэв

2016 оны 4 сарын 6

ОХУ-ын Ерөнхий прокурорын газар тус улсын иргэд, бизнесменүүдийн нэр холбогдсон оффшор дансны баримтуудыг нягтлахаар мөрдлөг явуулна гэж мэдэгдлээ.

“Мөрдлөгөөр оффшорын баримтад нэр нь холбогдсон ОХУ-ын иргэд хууль зөрчсөн эсэхийг тогтооно. Олон улсын хамтын нийгэмлэг дэх бидний үүрэг бол хээл хахуулийн эсрэг тэмцэх” хэмээн тус газрын хэвлэлийн төлөөлөгч Интерфакс агентлагт мэдээлсэн байна.

Панамын хуулийн компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой 11 сая гаруй баримтыг өнгөрсөн ням гаригт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо олон нийтэд дэлгэсэн юм.

Татвараас бултахын тулд татваргүй бүсэд халхавч компанийн нэр доор мөнгө угаасан  компани, хүмүүсийн дунд дэлхийн зарим орны төрийн тэргүүн, улстөрчдийн нэрс байгаа нь шуугиан тарьж байгаа билээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ойрын хүрээллийнхэн, “Банк Россия”-гийн экс ерөнхийлөгч зэрэг хүмүүс нэр холбогдсон учраас тус улсын Ерөнхий прокурорын газар тэдгээр баримтуудыг нягтлан шалгахаар болсон гэнэ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна