Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

2016 оны 4 сарын 6

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.04.06/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тус байнгын хороонд өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд Нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, санал ихээр ирсэн байна. 

Тодруулбал, иргэд баримтаа цуглуулан сугалаанд оролцож, худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авах сонирхолтой байдаг бол аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсээд байгаа гэв. Хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд баримтыг нь хэвлэж өгөх үүрэгтэй ч 50 сая төгрөгөөс бага орлоготой бизнес эрхлэгчид баримт хэвлэдэг өртөг өндөртэй бүртгэлийн машин худалдан авах ёстой болсон нь хүндрэл учруулж байгаа талаар өргөдөл, санал ирүүлжээ. Иймд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны зүгээс иргэдийн өргөдөл, саналын дагуу Ажлын хэсэг байгуулж, ажилласан байна. Татварын байгууллагын зүгээс 50 сая төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжүүдийг бүртгэлийн машин авахыг шаардахгүй гэдгээ албан бичгээр тус байнгын хороонд мэдэгджээ. Харин 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд  Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн шаардлага хангасан бүртгэлийн машиныг авах үүрэгтэй юм байна.  

Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүд “Да хүрээ” захтай холбоотой асуудлаар Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзсан байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед 10.000 хүний ажлын байрыг бий болгож байгаа “Да хүрээ” захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хойшлуулах саналыг тавьжээ. Энэ талаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээллийг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдааны үеэр авах болсныг сэтгүүлчдэд дуулгалаа. Мөн “Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан галын дүгнэлтийг хуулийн хугацаанд нь гаргаж, шуурхай ажиллах холбогдох албаны хүмүүст тус байнгын хорооноос даалгасан байна  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна