Монгол, Хонконгийн худалдааг өргөжүүлнэ

2016 оны 4 сарын 6

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн дарга Маргарэт Фонгийг хүлээн авч уулзлаа.

Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөл нь 1966 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаадын түнш харилцагчтай холбож, дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

Тус байгууллага нь Хонконгийн Үзэсгэлэнгийн танхимыг эзэмшиж жилдээ олон улс, бүс нутгийн шинжтэй 30 гаруй үзэсгэлэн яармаг, худалдааг зохион байгуулдаг. Хонконгийн Засгийн газар тус зөвлөлийн үйл ажиллагааны зардлын 10-15 хувийг санхүүжүүлдэг бөгөөд бусад зардлыг үйл ажиллагааны орлогоосоо бүрдүүлдэг байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хатагтай Маргарэт Фонгтой дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд Монгол, Хонконгийн бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Хонконг нь олон улсын бизнес төв учир тус зөвлөлөөс зохион байгуулдаг уулзалтуудад Монголын тал оролцох, түншлэн ажиллах санал тавилаа. Мөн 2017 онд Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үндэсний брэндийг сурталчилах ажиллагааг Хонконгт зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, Худалдаа хөгжлийн зөвлөлөөс  2017 онд үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтлоо.

Хатагтай Маргарет Фонгийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах Олон улсын бизнес форумд оролцохыг урилаа.

Уулзалтын үеэр ирэх найман сард зохион байгуулагдах хүнсний олон улсын үзэсгэлэн яармагт Монголын компани,үндэсний бүтээгдэхүүнүүдийг сурталчилах боломжийг олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хүнс, био бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд энэ арга хэмжээнд оролцсоноор  дэлхийн  100 гаруй орны худалдан авагч, үйлчлүүлэгч нарт үйл ажиллагаагаа сурталчилах, бүтээгдэхүүнээ таниулах боломж бүрдэх юм.

Худалдаа хөгжлийн зөвлөл нь Хонконгийг олон улсын бизнес, худалдааны төв болгох үндсэн үүргийг гүйцэтгэдэг томоохон байгууллагын нэг. Жилд 120 гаруй олон улсын байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, уулзалтууд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2013 онд Хонконгт айлчлах үеэр Хонконгийн тэргүүний 250 гаруй бизнес эрхлэгчидтэй уулзалтын зохион байгуулж, манай орны хөрөнгө оруулалтын орчныг сурталчилж байжээ.

Худалдаа хөгжлийн зөвлөл нь гадаадад 40 гаруй төлөөлөгчийн газартай бөгөөд 11 нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг. Маргарэт Фонг 2010 онд тус зөвлөлийн гүйцэтгэх захирлаар анх ажилд орж, Хонконгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүнчлэн тус зөвлөлийн салбар төлөөлөгчийн газрыг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хариуцаж байжээ. Тэрээр 2014 оноос Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн Ерөнхий захирлаар бөгөөд байгууллагынхаа олон улсын багийг удирдан Хонконгийн компаниудын гадаад худалдааг дэмжих, шинэ боломж нээх чиглэлээр ажилладаг байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ уулзалтын дараа CNN Ази телевизэд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна