“Улаанбаатарын хавар” - Асуулга, нээлттэй тайлангийн аяныг дүгнэх ажил эхэллээ

2016 оны 4 сарын 6

“Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярыг 2016 оны дөрөвдүгээр сарын 09-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт гишүүд, дэмжигчидтэйгээ хамтран тэмдэглэнэ.

Нийслэлийн Ардчилсан нам энэхүү баяраа угтан Улаанбаатар хотод 2012 оноос хойш хийсэн ажлуудаа гишүүд, дэмжигчдээрээ үнэлүүлж дүгнүүлэх, өөрчлөлтөө үргэлжлүүлэх шинэ даалгавар авахаар асуулга, нээлттэй тайлангийн аяныг амжилттай өрнүүлээд байна.

Нийслэлийн есөн дүүргийн намын хороод дөрөв хоногийн хугацаанд гишүүд дэмжигчиддээ Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн захидал бүхий “Улаанбаатарын хавар” ардчилсан асуулга, нээлттэй тайланг хүргүүлсэн юм. Одоогоор Сүхбаатар, Багахангай, Багануур дүүргийн Ардчилсан намын хороо  гишүүд дэмжигчдээс ирүүлсэн даалгаврын хуудсыг Нийслэлийн Ардчилсан намд ирүүлээд байна.

Улаанбаатар хотод оршин суугаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн авсан санал асуулгаас түүвэрлэн үзэхэд “Нийслэлд хийсэн ажлуудаас алийг нь илүү үнэлж байна вэ” гэсэн асуулгад олонх нь “Гудамж” төсөл, авто замын шинэчлэл, түгжрэл бууруулах цогц арга хэмжээ, гэр хорооллын дахин төлөвлөлт, “Түрээсийн орон сууц”, Ухаалаг карттай, нийтийн тээврийн шинэчлэл, Авлигагүй Улаанбаатар, төрийн үйлчилгээний нэгдсэн төв, хот тохижилт, цэцэгжүүлэлт, “Найрсаг Улаанбаатар” Нийслэлийн аялал жуулчлалыг дэмжих цогц хөтөлбөр,  шинэ сургууль, цэцэрлэг, цахим газар олголт  гэсэн ажлыг онцолжээ.

Харин “Улаанбаатараа илүү сайхан болгохын тулд ямар ажил хийх ёстой вэ” гэсэн асуултад гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимтэй үргэлжлүүлэх, гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татах, Улаанбаатар хотоо утаагүй болгохын тулд хотын захын гэр хорооллын айлуудыг шахмал түлшээр хангах, сургууль, цэцэрлэгийн тоог нэмэх, зөөврийн усан сан байгуулах гэх мэт олон саналыг бичсэн байлаа.

Нийслэлийн Ардчилсан намынхан гишүүд, дэмжигчдээсээ авсан асуулгаа дүгнээд намын баярын арга хэмжээн дээрээ танилцуулах юм.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна