Ховд, Өлгийнхөн замаа нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Ховд, Өлгийнхөн замаа нэхэж байна

Зам дагаж хөгжил гэдэг. Ялангуяа өргөн уудам газар нутагтаа тархан суурьшсан монголчуудын хувьд автозам бол амин чухал хэрэгцээ юм. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж, түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж байна. Хатуу хучилттай автозамын ажил зөвхөн нийслэл-аймгуудаар хязгаарлагдсангүй. Аймгуудыг төдийгүй сумдыг хатуу хучилттай автозамаар холбох ажил ч эрчимжиж буй. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ажил  хийх гэсэн нэгэндээ садаа болж буй цөөнгүй жишээ байна. Үүний нэг нь Ховд-Баян-Өлгий чиглэлийн 189 км автозамын ажил юм. Алс хязгаар баруун бүсэд хэрэгжих ёстой байсан автозамын төсөл эдүгээ зогсонги байдалд орж, хатуу хучилттай автозамаар салхи татуулан давхих орон нутгийнхны хүсэл замхрах тийш хандаж байна. Уг нь энэ ажлыг эхлүүлэхээр Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 02-ы өдрийн тогтоол гарч,  “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2” ажлыг хэрэгжүүлэхээр болж, тендерийг 2014 оны наймдугаар сард зарлажээ. Улмаар тендер шалгаруулалтад гадаад, дотоодын нийлсэн нийт 38 компани шаардлагын дагуу материалаа хүргүүлсэн байна. Гэтэл тендерийн хариу бүтэн жил өнжиж, 2015 оны долдугаар сард гарч, дөрвөн багц бүхий замын ажлыг БНХАУ-ын хоёр компанид хувааж өгчээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын “Эйч Ки Би энтернэйшнл” компани, үлдсэн гурван багцыг нь  БНХАУ-ын “Чайна Хуа Ши Энтерпрайз” компани хэрэгжүүлэхээр болсон аж. Тендер шалгаруулалтын ажлыг “Худалдан авах ажиллагааны газар” хэрэгжүүлэх ёстой байсан ч Зам тээврийн яам дур мэдэн зохион байгуулжээ. Тендер шалгаруулалтын үед тендерийн үнэлэх хугацаа гурван удаа сунгагдаж, гурван удаа урьдчилсан дүгнэлт гаргаж, энэ тус бүртээ өөр хоорондоо зөрүүтэй байдлаар үйлдэгдсэн нь анхнаасаа хууль тогтоомжид нийцээгүйг илэрхийлдэг. Гадаад, дотоодын нийлсэн нийт 40 орчим компани өрсөлдсөн 189 км  автозамын ажлыг үндсэндээ өнөөдөр  “бантан” болгочихсон байгаа аж.  Уг нь “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2” ажлын хүрээнд хэрэгжиж буй 189 км автозамын төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр санхүүжүүлэхээр болсон байдаг. Тодруулбал, энэхүү автозамын дөрвөн багц ажлын   нийт  өртөг 115 сая ам.доллараар хэмжигдэж буй. Ховд-Баян-Өлгий чиглэлийн  189 км автозамын ажлаас “Эйч Ки Би энтернэшнл” компанийн хариуцаж авсан 53 км автозамын төсөл газар шорооны ажил нь төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа аж. Харин “Хуа Ши Энтерпрайз” компани хариуцаж авсан гурван багцынхаа хүрээнд өнөөдөр нэг хүрз шороо ч асгаагүй ажээ. Баруун бүсийг тэр дундаа алс хязгаар нутгийг автозамтай болгох ажил өнөөдөр иймэрхүү байдалтай байгаа нь харамсалтай. Уг нь Зам тээврийн сайд М.Зоригт энэ байдлыг  ойлгож, 2015 оны намар Сайдын зөвлөлийн хурлаараа “Хуаши Энтерпрайз” компанитай байгуулсан гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргажээ. Тодруулбал, “Хашаатын даваа-Толбо сум” чиглэлийн гуравдугаар багцын 60 км, “Цагааннуур-Улаан байшинт”-ын чиглэлийн дөрөвдүгээр багцын 25.8 км автозамд төлөвлөгөөний дагуу машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүч оруулж ирээгүй бөгөөд зам барилгын ажил огт эхлээгүй байгаа тул гүйцэтгэгч компани болох   “Чайна Хуа Ши Энтерпрайз”-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлах шийдвэр болгосон нь энэ юм. Гэвч салбарын сайдын шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Зам тээврийн яамны газрын дарга нар сайдынхаа өгсөн үүрэг, даалгаварыг биелүүлэхгүй “том толгойлж”, “Хуа Ши Энтерпрайз” компанитай үгсэн хуйвалдаж  байгаа нь төрийн ажлыг ийнхүү гацаах шалтгаан болжээ. Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан ёсоор бол Ховд-Баян-Өлгий аймгуудыг  2017 онд хатуу хучилттай автозамаар холбох зорилттой. Харамсалтай нь энэ байдлаараа ажил удааширвал 2020 онд ч дээрх аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбож чадахгүй нь. Баян-Өлгий, Ховд аймгийн ард түмэн нийслэлээс хамгийн алс буйд газарт, эх орныхоо баруун хилийг манан аж төрж  байгаа. Энэ хэрээр амьдралын амаргүйг амсч байгаа нь дэд бүтцээс шууд хамааралтай. Ховд, Өлгийчүүдийн амин чухал хэрэгцээ болсон автозамын ажлыг хэрэгжүүлэхээр “бэлэн амласан” “Хуаши Энтерпрайз” компани энэ ажлыг гүйцэтгэх ямар ч чадамжгүй аж. Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсад ирчихсэн машин, техник хэрэгсэл түрээслэх гээд явж байгааг хараад  орон нутгийн иргэд нь халаглаж сууна. Азийн хөгжлийн банкнаас шаардагдах хөрөнгийг нь гаргаад, замаа бариач ээ гээд байхад жил тойрон, ямар ч ажил хийхгүй суугаа нь ямар учиртай юм бол. Сайдын зөвлөлийн хурлаас хүчингүй болгосон тендерийг цэгцлээд, хүрз шороо хөдөлгөөгүй ажлыг үндэсний компаниуддаа хуваагаад өгчихөж яагаад  болохгүй байна вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна төрийн эрх мэдэлтнүүдээс. Монголчууд автозам байтугай төмөр замаа өөрсдөө дөмөгхөн барьчихдаг болсныг бид нүдээрээ харлаа. Гэтэл ажлын ямар ч чадамжгүй хятадын компанид тендерээ өгчихөөд ард түмний амин чухал хэрэгцээ болсон автозамын ажлыг яагаад гацааж байна вэ. Сэтгэл дутаж байна, ажлын зарчим, хариуцлага дутаж байна. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр өнөөх “Хуа Ши Энтерпрайз” нь замын трассд ороогүй газарт буюу Эрдэнэбүрэн сумын нутагт хиргэсүүр, булш, бунхан ухсанд нутгийн иргэд, олон нийт ихээхэн эсэргүүцэж байгаа юм. Тус компанийн энэхүү хууль бус үйлдэл нь үнэхээр Монгол Улсад зам тавих гэж ирэв үү эсхүл түүхийн дурсгалт, хосгүй үнэт өв, баялгийг ухах гэж шунахайрч ирсэн үү хэмээн хардахад хүргэж байна. Салбарын яам, Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авч, нэн даруй шийдвэрлэхгүй бол Ховд, Өлгийчүүд гүйцэтгэх засаглалын тэргүүнд өгөх хариултаа бэлдэж, амласан ажилд нь дүнгээ тавихад бэлэн сууна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж