Малын эмэнд ч хяналт хэрэгтэй гэв

2016 оны 4 сарын 6

Таван хошуу малд эмийг хяналтгүй хэрэглэснээр ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдэгт хариулт болохуйц нэгэн сургалт өнөөдөр /2016.04.06/ МХЕГ-т болжээ. Тус газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газраас зохион байгуулсан уг сургалтаар “Малын эмийн зохистой хэрэглээ”сэдвээр НМХГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид номын дуу сонссон байна.

Малын эмийг хяналтгүй хэрэглэснээс үүдэн эмийн идэвхт үйлчлэлт бодис, түүний метаболитууд биеэс бүрэн гадагшлаагүй байхад хүнсний хэрэгцээнд нийлүүлбэл, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдгийг онцлов. Тиймээс мал, амьтны биед үлдсэн эмийн үлдэгдэл нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмийг зохистой хэрэглэхэд сургалтын агуулга чиглэжээ. Малын эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдэл болон шинжилгээний арга зүйн талаар ХААИС-ийн багш, энэ салбарын бусад байгууллагуудын эрдэмтэн, докторууд мэдлэгээсээ хуваалцаж, сургалтад оролцогчидтой санал бодлоо солилцон цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

А.АЯЛГУУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна