Орхонд өрсөлдөх нэр дэвшигч хэн бэ?

2016 оны 4 сарын 7

“Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Орхон аймгийн хүн ам 100 мянга хол давжээ. Аймаг бүрээс шахам иргэд нүүдэллэн ирж, суурьшдаг нь “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн боловсруулах үйлдвэр бий болсонтой нь холбоотой аж. Газар зүйн байршлаараа Улаанбаатар хоттой ойр, хөгжлөөрөө бусад аймгуудаа тэргүүлсээр ирсэн энэ аймагт улстөрч бүхэн хүч үзэн, УИХ-д төлөөлөн суух сонирхол бий. Гэвч хатуухан “дэвжээ”. Хоёр мандаттай дээрх тойргийг төлөөлөн УИХ-д УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар сууж байна.

Ардчилсан нам

Эрх баригч хүчин энэ тойрогт УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эгийн голын усан цахилгаан станц, төслийн нэгжийн захирал Д.Одхүү нарыг сойх болов уу гэсэн таамаг байна. Д.Одхүү захирлын хувьд өмнө нь хоёр ч удаа Орхон аймгаас УИХ-д сонгогдож байсан, мөн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдтой олон жилийн турш гар нийлэн ажиллаж ирсэн учраас нэр дэвших мандатыг намаасаа төвөггүй авчих бололтой.

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн тухайд анх удаа тойрогт үзэх болж байна. Тойрог бүсгүйчүүдийн хувьд хатуу дэвжээ боловч хоёр жилийн өмнөөс бэлтгэл хангаж эхэлжээ. Одоо тэрээр Орхон аймгийн Ардчилсан намыг удирдаж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дунд боловсролтой өндөртэйд тооцогддог түүнийг улс төрийн хүрээнийхэн “УИХ-д сууж байх ёстой, хууль тогтоогчийн нэг” хэмээн үздэг. Сөрөг хүчинтэй хийх амаргүй хэлэлцээрийн ажлын хэсгийг ахлах үүргийг бүлэг нь түүнд ногдуулж байсан бол гадаад харилцаатай холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлах үүргийг УИХ түүнд мөн ногдуулж, ачаа үүрүүлж байв.

2012 оны УИХ-ын сонгуульд намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон ч тойрогтой гишүүдээс дутахааргүй Орхон аймагт ажилласан түшээ юм.

МАН

Сөрөг хүчнээс  Эрдэнэтэд УИХ-ын гишүүн О.Содбилэг, эдийн засагч Н.Энхтайван, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нар нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгаа сураг дуулдана.

О.Содбилэг гишүүний хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд тухайн тойрогт нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авч байсан хэдий ч одоо харин дахин өрсөлдөхөд тэр хэмжээний итгэл хүлээхэд эргэлзээтэй аж. Н.Энхтайван бол сайн эдийн засагч. Сү.Батболдыг Засгийн газрыг тэргүүлж байх үед Гадаад харилцааны яаманд газрын даргын алба хашсан байдаг бол өнгөрсөн жил МАН Ардчилсан намтай хамтран Засаг барилцах үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан.  Өнгөрсөн жилээс Орхоныг усалж тордож эхэлсэн байна. Нутгийн унаган хүү гэдэг утгаараа Эрдэнэтийнхэн түүнд их ам сайтай байгаа гэнэ.

Харин УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын хувьд нам нь нэр дэвших “виз” олговол үзээд алдана гэх.

МАХН

УИХ-ын дэд дарга Л.Цогтой хөтлөлцөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймагт нэр дэвшиж, МАН-ынханд “шавар хаана” гэх мессеж өнгөрсөн өвлийн турш “ниссэн” ч одоо харин замхарч байгаа бололтой. Учир нь МАХН Шударга ёс эвслийн бүлгээс татгалзсан УИХ-ын дэд дарга Л.Цогд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг Бага чуулганаасаа гаргасан юм байна. Иймээс эхлээд түүнийг УИХ-ын дэд даргаас нь чөлөөлнө, дараа нь МАХН-аас Эрдэнэтэд нэр дэвших эрхийг нь хязгаарлах учраас бие даан өрсөлдөх боломж л гарах аж. Энэ тохиолдолд О.Баасанхүү гишүүнтэй хамтрах нэр дэвшигчийг МАХН олох хэрэгтэй болж буй юм.

Хэдхэн жилийн өмнө “Ардчилсан намынхан минь намайгаа авраарай” хэмээн аврал эрэн гүйж ирж байсан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнгөрсөн жил туурга тусгаарлан “Ард түмнээ хайрлая” нам байгуулснаа зарласан нь УИХ-ын сонгуульд өрсөлдөх арга саам хайж явсан хэрэг аж. Орхон аймгийг онилсон нь Хөвсгөл аймгаас нүүж ирсэн иргэд олон байдаг нь нутгийн хүмүүсээ бараадсан хэрэг бололтой. Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшээд ялагдсан түүнд Орхон аймаг дахь нутаг нэгтнүүд нь санал өгнө гэдэг эргэлзээтэй.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

2012 он

  • О.Содбилэг/МАН/, Л.Цог /МАХН/

2008 он

  • Д.Дамба-Очир/МАХН/, Д.Одхүү/АН/

2004 он

  • Д.Одхүү /АН/, Г.Адьяа/МАХН/

2000 он

  • Б.Баярсайхан, Ц.Ням-Осор/МАХН/

1996 он

  • Д.Лувсан-Очир, н.Энхтайван/Ах эвсэл/

1992 он

  • Ж.Дэлгэрцэцэг, Ш.Чунаг

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна