Эмпати сургуулиудын боловсролын чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө

2016 оны 4 сарын 7

Монгол улсын боловсролын салбарт чанарыг эрхэмлэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг бөгөөд 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Эмпати сургуулиудын гаргасан үр бүтээл, тогтмол амжилтыг үнэлэн олон улсын BID буюу Business Initiative Directions (бизнес санаачилгын чиг) байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналын эзнээр өргөмжилсөн байна.

Тус шагналыг тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо болох чуулга уулзалтын үеэр гардуулах юм.

BID байгууллага нь Ази, Америк, Европ тивийн орнуудын хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийг чанарынх нь тогтвортой байдлаар нь үнэлж хэрэгжилтэд нь анхааран тэднийг сайшаан урамшуулах эрхэм зорилгыг өвөртөлсөн олон улсын нэр хүндтэй байгууллага юм.

1994 онд байгуулагдан Монголын боловсролын салбарт чанартай үйлчилгээ үзүүлж чанарын удирдлага, удирдах тогтолцоондоо анхааран орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж мөрдөж ирсэн Эмпати сургуулиудын гаргасан амжилт бүтээлийг нь өндөр үнэлж дэлхийн нэр хүндтэй шагналын эзнээр тодруулжээ.

Энэ жил Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд болох 18 дахь удаагийн олон улсын чанарын чуулга уулзалтын үеэр (Century International Quality ERA Convention 2016) дэлхийн 119 орноос шалгарч шилдэг чанарыг эрхэмлэн, чанартай бүтээлч санаа дэвшүүлэн хэрэгжүүлж чадсан хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Олон улсын чанарын эрин” шагналыг BID буюу Business Initiative Directions (бизнес санаачилгын чиг) байгууллагын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал ноён Хосе Э.Прието тэргүүтэй бизнесийн ертөнцийн алдартнууд, албаны болон бусад төлөөлөгч нар гардуулан өгөх юм.

Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг бөгөөд 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Эмпати сургуулиудыг Ази, Америк, Европ тивийн орнуудын хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийг чанарынх нь тогтвортой байдлаар нь үнэлж хэрэгжилтэд нь анхааран тэднийг сайшаан урамшуулах эрхэм зорилгыг өвөртөлсөн олон улсын BID байгууллагаас 2016 оны Олон Улсын Чанарын Шагналын Алтан ангилалд “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналын эзнээр өргөмжилсөн байна.

BID байгууллагын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал ноён Хосе Э.Прието хэлсэн үгэндээ “Бизнес, аж үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарт чанарыг эрхэмлэн манлайлж, техник технологийн дэвшлийг ашиглан бүтээлч шинэлэг санаа дэвшүүлэн хэрэгжүүлж шалгарсан эдгээр байгууллагууд нь тус тусын салбартаа үлгэр жишээ болох учиртай. BID байгууллагын зүгээс бизнес, шинжлэх ухааны салбарын шилдэг төлөөллүүдэд “Чанарын шагнал”-ыг гардуулах гэж байгаадаа би маш баяртай байна” гэжээ.

Шилдэг чанарыг эрхэмлэн чанарыг хангах өндөр шаардлага хангасан байгууллагуудыг “Дэлхийн чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналаар шагнадаг уламжлалтай.

BID байгууллагаас чанарыг эрхэмлэгч, салбартаа тэргүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийг сайшаан урамшуулах үүднээс олгодог тус шагналыг манлайлал, чанарын удирдлага, шинийг эрэлхийлсэн байдал, технологийн дэвшил, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, зах зээлээ тэлж байгаа байдал, магадлан итгэмжлэл, нэр хүнд, байнгын хөгжүүлэлт зэрэг шалгууруудыг удирдлагын тогтолцоондоо хэвшүүлсэн байдлаар нь үнэлж дүгнэсний үндсэн дээр хүртээдэг юм.

Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг BID байгууллагаас сонгон шалгаруулдаг бөгөөд олон сар үргэлжлэх сонгон шалгаруултын явцад BID байгууллага нь тухайн орны их, дээд сургуулиуд, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, элчин сайдын яамдын санал хүсэлтийг харгалзан үзэж тодруулдаг. Монгол улсын боловсролын салбарт чанарыг эрхэмлэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн Эмпати сургуулиудын гаргасан үр бүтээл, тогтмол амжилтыг үнэлэн тус шагналын эзнээр шалгаруулаад байгаа юм.

Эмпати сургуулиудын удирдах зөвлөлийн дарга ноён Тургут Карабулут хэлэхдээ “Гадаад дотоодод тогтмол өндөр амжилт үзүүлсээр ирсэн манай сургуулиудыг чанар, шилдэг үйл ажиллагаагаар нь уг шагналын эзнээр тодруулж олон улсын чанарын чуулга уулзалтад оролцох дэлхийн 119 орны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдагч нартай мөр зэрэгцэн хүндэтгэлийн хойморт залах болсонд нь туйлын их бахархаж баярлаж буйгаа илэрхийлье. BID байгууллагын шагналыг хүртэх гол шалгууруудын нэг нь шилдэг чанарыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх явдал байдаг. BID байгууллагаас чанараа баталгаажуулж шагнал гардан авсан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дотор Эмпати сургуулиуд маань багтаж байгаа нь нэр төрийн хэрэг билээ. Боловсролын салбарт үргэлж шилдэг байх зорилт зорилгыг мөрдөн хэрэгжүүлсээр ирсэн манай сургуулиудыг шалгаруулаад байгаа юм. Бид бүхэн цаашдаа амжилт чанараа ахиулан улам шилдэг болохын төлөө хичээж ажиллах болно.” гэв.

Тэрээр цааш нь үргэлжлүүлэхдээ “Манай сургуулиуд нь байгуулагдсан цагаасаа хойш боловсролын чанарт үргэлж анхааран ололт амжилтаа улам бүр ахиулсаар ирсэн бөгөөд энэ утгаараа Монгол Улсын боловсролын яам, газрууд, сурагч, эцэг эхийн зүгээс талархал дэмжлэг хүлээн дотоодын болон олон улсын чанартай олимпиад, тэмцээнд гаргасан гарамгай амжилтаараа үй олон шагнал хүртэж Монгол улсын нэрийг өндөрт гаргасаар ирсэн билээ. Мөн төгсөж буй сурагчдынхаа дийлэнхийг нь гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцуулах боломжоор хангахын зэрэгцээ их, дээд сургуулиудад элсэн орох шалгалтад үзүүлсэн амжилтаараа хүссэн ирээдүйг нь төгсөгчиддөө бий болгож байгаадаа бид ихэд олзуурхдаг.” гэж онцлон дурдсан юм.

О.Уламбаяр

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна