Аядуу дипломатч

2016 оны 4 сарын 7

 

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүний хоёр дах бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байгаа ч тэрбээр гуравдах удаагаа улиран сонгогдохгүй нь тодорхой болжээ. НҮБ-ын дүрэмд ерөнхий нарийн бичгийн дарга гуравдах удаагаа улиран сонгогдохыг хориглосон зүйл байхгүй ч өнөөг хүртэл ийм тохиолдол гараагүй билээ.  Бан Ги Мүүний бүрэн эрхийн хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болоход шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох сонгууль ирэх жил болох юм.

 

Бан Ги Мүүн

 

Америкийн Улаан загалмайн хөтөлбөрийн шугамаар 1962 онд Цагаан ордонд анх орж, АНУ-ын ерөнхийлөгч Жонн Кеннедитэй уулзахдаа Бан Ги Мүүн 18 настай оюутан байсан бөгөөд тэр цагаас хойш  дипломатч болохыг мөрөөддөг байжээ.

 

НҮБ-ын найм дах ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2011 оны зургадугаар сарын 21-нд ерөнхий ассемблейн чуулганаар нэг ч түдгэлзсэн саналгүйгээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлжээ.

 

Бан Ги Мүүн тухайн үед НҮБ-ын нэн тэргүүний зорилтыг уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хямрал болон дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хүнс, эрчим хүч, усны асуудлаар хамтран ажиллахад дэлхийн улс орны лидерүүдийг дайчлах хэмээн тодорхойлж байв.

 

Аливаа асуудлыг дипломат замаар шийдэхийг илүүд үздэг Бан Ги Мүүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох үед энэ байгууллага Иракт хэрэгжүүлсэн “Хүнсийг газрын тосоор солих” хөтөлбөрөөс болж, дуулианд холбогдоод байсан билээ. Харин Бан Ги Мүүн  дэлхийн ядуу буурай, эмзэг давхаргынханы  дуу хоолой болж, НҮБ-ын хүчин чадлыг бэхжүүлэхийг зорьсон юм.

 

 

Умард Солонгосын яриа хэлэлцээ

 

БНСУ-ын дипломатч Бан Ги Мүүн 2007 онд НҮБ-ын экс ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны бүрэн эрхийн хугацаа дуусахад уг албыг залгуулсан билээ.

 

Тэр үед Бан Ги Мүүн Ойрхи Дорнодод энхтайван тогтоох яриа хэлэлцээг эрчимжүүлж, Суданы Дарфур мужид гарсан зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохын төлөө ажиллахаа мэдэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал тэр үед НҮБ-ын толгой гашилгасан асуудал хэвээр байсан.

 

Хэдийгээр олон амлалт нь талаар болсон ч Бан Ги Мүүний эхний бүрэн эрхийн хугацаан дахь зөвшилцөл, яриа хэлэлцээ тун их амжилт олсон юм.

 

Гэхдээ Бан Ги Мүүн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлсэн хүн гэж түүхэнд үлдэхийг юу юунаас илүү хүссэн.

 

БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайдаар ажиллаж байсан Бан Ги Мүүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон нь дипломатчаар ажилласан 37 жилийн карьерынх нь оргил үе байсан гэхэд болно.

 

Умард Солонгостой цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг нь түүний карьерт ихэд нөлөөлсөн юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бутрос-Галиг 1996 онд Балканы дайныг зогсооход дорвитой үүрэг гүйцэтгэж чадаагүйгээс болж огцорсныг эс тооцвол НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар бүгд улиран сонгогдсон юм.

 

Бан Ги Мүүн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон хоёр дах ази хүн болсон юм. Өнгөрсөн хугацаанд Бан Ги Мүүнийг дэмжигчид олон байсан ч шүүмжлэгчид ч цөөнгүй байв. Бан Ги Мүүний буруудах болсон шалтгаан нь хэтэрхий даруухан, бусдыг өөртөө татах чадваргүй, ОХУ, Хятад зэрэг хүчирхэг гүрний хүний эрхийн зөрчлийн талаар зоригтой дуугарч чадаагүйд байсан юм.

 

Эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Бан Ги Мүүн уур амьсгалын өөрчлөлт, зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал болон Хойд Америк, Ойрхи Дорнод дахь ардчилалын төлөөх хөдөлгөөнийг дэмжихэд хувь нэмэр оруулсан хэмээн сайшаал хүртэж байжээ.

 

НҮБ-ын 70 жилийн түүхэнд ерөнхий нарийн бичгийн даргыг баруун Европоос гурван удаа, Африкаас хоёр удаа, Азиас хоёр удаа, Латин Америк, Карибаас нэг удаа тус тус сонгож байсан ч зүүн Европоос нэг ч хүн энэ албан тушаалд очиж байгаагүй юм.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Аюулгүйн зөвлөлийн санал болгосны дагуу ерөнхий ассемблейн үеэр томилдог. Гэхдээ Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн энэхүү томилгоонд  хориг тавих эрхтэй билээ.

 

 

Эмэгтэйчүүдийн давалгаа 

 

Сүүлийн жилүүдэд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад эмэгтэй хүнийг томилохыг уриалсан кампанит ажил хүчтэй өрнөснөөс 2015 онд НҮБ-ын ерөнхий ассемблейн үеэр энэ байгууллагыг эмэгтэй хүн тэргүүлэх цаг ирснийг 40 гаруй орны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн юм. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улс Их Британи, Франц, ОХУ, Хятад болон АНУ-ын төлөөлөгчид НҮБ-ын шинэ нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийг сонгох ажлыг 2015 оноос эхэлсэн юм. Ерөнхий нарийн бичгийн албан тушаалд найман хүн нэр дэвшсэний дөрөв нь эмэгтэйчүүд байна.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна