ИУ-ын хямрал ба хагарал

2016 оны 4 сарын 7

 

“Исламын  улс” бүлэглэлийн удирдлага  өөрийн дайчдын цалин хөлсийг эрс буулгасан нь дотоод зөрчлийг нэмэгдүүлэх шалтгаан болжээ.


The Washington Post сонин өнгөрсөн даваа гаригийн дугаартаа “Исламын улс” бүлэглэл одоо хангамжаар хамгийн доод хэмжээнд хүрээд байгааг бичжээ. Исламын дайчдын цалин хөлс нь  бараг хоёр дахин  буурч,  зарим саруудад цалингаа тавьж чадахгүйд хүрсэн байна. Нефть боловсруулах үйлдвэр, танкерууд, банкууд, бэлэн мөнгө хадгалдаг байгууламжуудыгнь эвслийн цэргийнхэн бөмбөгдсөн учраас тэдний хөрөнгө  улам багасч буй ажээ.


Санхүүгийн хямралын улмаас Исламын улс бүлэглэлийн дайчдын  цалин хөлс буурах болсныг Ойрхи Дорнодын хүрээлэнгийн шинжлэх ухааны ажилтан Чарльз Листер өгүүлжээ.


"Исламын улс бүлэглэлийн дотоод  зөрчил ихээхэн илрэх болсон.  Рака хотод бараг шөнө бүр л бүлгийн дайчид хоорондоо тулалдаж байна. Уул нь хэт даврагчдын байгууллага дотоод эв нэгдлээр бусдаасаа онцгой байсан юм” хэмээн Листер хэллээ.



Санхүүгийн ихэнх нөөцөө тэд террорист байгууллагынхаа хүчин чадлыг дээшлүүлэхэд зориулдаг бөгөөд сиричүүдийг өөртөө татахын тулд тэдэнд нэлээд мөнгө төлөхөөс татгалзахгүй байгаа гэнэ.



Үүнээс болж цэргүүдийнхээ цалинг хассан нь хэт даврагчдын дайчдын санаа сэтгэлийг урвахад хүргэж байгаа аж. Иракийн 33 настай инженер Абу Сара  исламын дайчид өмнө нь сэтгэл өөдрөг байснаа одоо өөр болсон гэж ярьж байна.  Миний танил хүмүүс тэндээс нэн даруй зугтах хүсэлтэй болсон  гэж тэр хэлжээ. Зарим дайчид нь байлдааны үеэр зэр зэвсгээ хаяад энгийн иргэдийн дунд холилдон зугтах болсныг Сара ярилцлагадаа дурджээ.

 

Исламын улс бүлгийн санхүүгийн асуудал нь тус байгууллага эзэмшиж байгаа газар нутгийн хяналтаа алдахад хүргэж байна. Саяхан тэд Сирид Пальмира хотоос хөөгдөн гарчээ. Хяналт дахь газар нутгаа алдаж байгаа нь  Исламын улсын нэр хүндийг унагах болсон байна.

 

Баячуудын ивээн тэтгэлгээр байдаг бусад террорист байгуулагатай адилгүй,  нутгийн оршин суугчдаас мөнгө хураан хөрөнгөжиж байгаа ИУ бүлэглэлд иргэд ихээхэн дургүй байдаг гэнэ.



Гэхдээ ойрын үед  “Исламын улс” устан алга болох нь  юу л бол. “Исламын улс” бүлэглэл өнөөг хүртэл Ирак, Сирийн нефтийн нэлээдгүй их хэсгийг хяналтдаа байлгасаар байна хэмээн Иракийн цэргийн стратегич Хишам аль-Хашими хэлэв.



"Сүйрэл авчрахаар байсан санхүүгийн хямрал тэднийг дайрсангүй. Тэд Сирийн нефтийн өрөмдлөгүүдийн 60 хувь, Иракийн нефтийн таван хувийг хяналтдаа авчээ" хэмээн аль-Хашими үзэж байгаа ч “ИУ”-ын дотоод хямрал өөрсдийгөө дотроос нь идэж эхэлсэн нь илэрхий байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна