АН-тай нэгдэхэд хэцүү болсон

2016 оны 4 сарын 7

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын өр 21 тэрбум ам.долларт хүрсэн мэдээлэл бий. Энэ бол монголчуудын санаа зовж байгаа асуудлын нэг.  Гадаад өрийн хэмжээ 21 тэрбум доллар гэхээр энэ өр Монголд хэр эрсдэлтэй вэ?

-Эрсдэл дагуулна. Нийт өр 21,2 тэрбум ам.долларт хүрсэн. Гэхдээ тоо нь чухал биш. УИХ-аас баталсан Өрийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Засгийн газрын авсан зээл бол төлөвлөгөөтэй, удирдлагатай, тодорхой таазтай байдаг. Одоогоор өрийн таазнаас доогуур явж байгаа. Гэхдээ хамаагүй гээд орхиж болохгүй. Ерөнхийд нь авч үзэхэд Монгол Улсын нийт өр 21 тэрбум ам.долларт хүрсэн учраас энэ асуудлыг анхаарах нь зөв. Нөгөө талаасаа хэт их сэтгэлийн хөдөлгөөн давамгайлсан, эсвэл улс төрийн зорилготойгоор энэ асуудлыг шуугиулаад байх шаардлагагүй. Хамгийн энгийн арга бол Засгийн газар, Монголбанк, хэвлэл мэдээллийнхэн, улс төрийн намуудыг оролцуулаад ойрын хугацаанд өрийн асуудлаар нэгдсэн мэдээлэл хийх хэрэгтэй. Энэ үеэр хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Ингэвэл хүмүүст зөв ойлголт төрнө. Одоо бол манай нам засаг барьж байхад тийм өр тавьсан, танай нам төдий хэмжээний өр тавилаа гэж маргалдах чухал биш. Энэ бол сонгууль ойртсоны шинж болохоос бодитой яривал өөр асуудал. Өрийн удирдлагын тухай хуулийг өнгөрсөн жил баталсан. Энэ хуульд өр ба ДНБ-тэй харьцах харилцааг тогтоосон, өр ба экспорт, өр ба төсвийн орлого гэх мэт нэлээд олон үзүүлэлтийг багтаасан. Мөн олон улсын хэмжээнд өрийн талаар шинжилгээ хийж байдаг бүхий л үзүүлэлтийг оруулж өгсөн. Уг хуулийн үндсэн дээр Засгийн газар өрийн удирдлагын иж бүрэн төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлж байгаа. Тэр байтугай 2005 онд Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас гаргасан өрийн үзүүлэлтүүд ямар байвал зохих талаар тодорхой зөвлөмж байдаг. Тэрхүү зөвлөмж дээр ДНБ-тэй харьцах харьцааг өндөр, дунд, доогуур гэсэн гурван ангиллаар хэлээд өгчихсөн. Дэлхийн улс орнуудын жишгээр өр удирдах, зээлээ юунд зарцуулав гэдэг асуудал их чухал. Дандаа зам засаад явчихсан уу, эргээд хурдан нөхөгдөх төсөлд зарцуулсан уу гэх мэт. Энэ талаас нь бид ярих ёстой. Тиймээс л хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай гээд байгаа юм.

-Засгийн газрын өр бол ердөө 3,6 тэрбум ам.доллар гээд байгаа шүү дээ. Тэгэхээр Засгийн газарт зээл авах боломж бий гэсэн үг үү?

-Монгол Улсын чадавхийг харахад өөрийгөө санхүүжүүлэх чадвар доогуур юм. Хоёрдугаарт, хуримтлал ба хэрэглээ гэсэн харьцаанаас үзэхэд хуримтлал нь 25 хувь. Тиймээс миний мэдэхийн 1921 оноос л зээл авч ирсэн. Эхний үед зөвхөн ЗХУ-аас аваад түүнийг улс төрийн шийдвэр гаргаж тэглэсэн. Хөгжиж байгаа орнууд болон эрчимтэй зах зээлтэй улс орнууд тэр байтугай өндөр хөгжилтэй орнууд олон улсын санхүүгийн боломжийг ашиглах буюу зээл авах, санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох ажил байнга хийдэг. Гагцхүү улс орнууд өрийн удирдлагаа зөв хийж байна уу гэдгээрээ л ялгагддаг. Мэдээж хэрэг өрийн төлбөрөө хугацаанд нь хийж чадахгүй улс орнууд гардаг. Тиймээс монголчууд өрийн удирдлагын тухай хууль болон макро эдийн засгийн менежментийг сайжруулж явах ёстой. Макро эдийн засгийн менежмент гэдгийг өртэй холбож хэлбэл бид өнгөрсөн дөрвөн жилд төсвөө алдагдалтай баталж байсан. Энэ нь төлбөрийн тэнцэлд нөлөө үзүүлдэг. Түүний дотор урсгал тэнцэлд нөлөө үзүүлдэг. Ийм нөхцөлд өр авахаас өөр аргагүй. Өрх гэрийн орлогын чадвар хүрэлцэхгүй бол гаднаас хэрэглээний зээл авдаг биз дээ. Түүнтэй л адилхан. Нэг их гайхаад байх зүйл биш. Дэлхийн жишиг ингэж явдаг. Гэхдээ мэдээж хэрэг хуримтлалыг дэмжих хэрэгтэй.

-Эдийн засаг саарч байна. Энэ нь манай улсад сургамж болж үлдэх байх. Та дараагийн Засгийн газарт юу гэж зөвлөмөөр байна вэ?     

-Дараагийн Засгийн газар нэг их онцгой зүйл хүлээх хэрэггүй. Эдийн засгийн хүндрэл буюу циклийн бууралттай үед явж байна. ДНБ-ий хэмжээ өмнөх жилээс буурсан. Энэ бол манайд сургамж болно. Яагаад гэвэл супер циклийн үед хэтэрхий их цамаан загнаж тэлсэн бодлого явуулсан,  төсвөө байнга алдагдалтай баталдаг байсан. Үүнийхээ горыг одоо амсаж байна. Дараагийн Засгийн газар гэж ярихаас илүү эдийн засгийн бууралтыг яаж саармагжуулах вэ? Бодит өсөлтийг гурван хувьд хүргэхийн тулд юу хийх ёстой гэх мэт асуудлыг одоо УИХ-аар ярилцана. Өөрөөр хэлбэл, хаврын чуулганаар төсвийн төсөөлөл орж ирнэ. Энэ үеэр ярилцана. Монголбанк 2016 оны мөнгөний бодлогодоо шинэ хэвийн байдлын тэнцвэр гэдэг зүйлийг оруулж ирсэн. Тэр нь мартагдсан хэвийн байх ёстой зүйлийг сөхөж тавьж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, төсвөө алдагдалгүй батлах, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгох, өрийг зохистой удирдах гэсэн гурван зүйлийг макро эдийн засагтай холбож шинэ тэнцвэр гэж байгаа юм. Иймэрхүү зүйлийг л хаврын чуулганаар ярилцана.

-Эдийн засгийн өсөлтийг Засгийн газар, Монголбанк, Азийн хөгжлийн банк бүгд зөрүүтэй тооцоолсон байсан. Энэ нь төсвийг алдагдалд оруулах нэг шалтгаан болдог. Тиймээс хэрхэн шийдэх ёстой вэ? 

-Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Бүртгэл статистикийн газар, Монголбанк, Сангийн яамны удирдлагууд хамтраад дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ уулзалтаар ДНБ-ий төсөөлөл тооцоолол, төсөв мөнгөний бодлогод тусгаж байгаа байдал, уялдаа холбоог ярилцана. Жишээ нь, Монголбанк ДНБ-ий тооцооллыг эцсийн хэрэглээний талаас нь тооцдог. Засгийн газар яаж хэрэглэж байна, айл өрх яаж хэрэглэж байна, хуримтлал хөрөнгө оруулалт нь ямар байна үүний дотор үндсэн капиталын хөрөнгө нь ямар байгаа юм, экспорт импортын зөрүү нь ямар байна гэдэг нүдээр харж тооцоолол хийдэг. Харин Сангийн яам үйлдвэрлэлийн аргаар буюу хөдөө аж ахуйд ямар өсөлт гарах вэ, үйлчилгээний секторт ямар өсөлт гарах вэ гэдэг талаас нь тооцдог. Азийн хөгжлийн банк бас нэг чиглэлээр гаргаж байна. Гэтэл эдийн засгийн өсөлт яагаад зөрүүтэй гараад байна вэ гэхээр хийсвэрлэл тооцоогоо хэрхэн авч байгаад учир бий. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр бүх асуудлыг ярилцахаар төлөвлөөд байна.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд хэр зэрэг хугацаа шаардлагатай вэ?

-Эдийн засагчдын дунд хямрал гэдэг ойлголт маш тодорхой байдаг. ДНБ хоёр, гурван улирал дараалсан хасах тэмдэгтэй гараад байвал хямарч байна гэж ойлгоно. Манай улс дараа жил 0,8 гэдэг чинь нэг рүү тэмүүлж байна гэсэн үг. Үүний цаана хасах руу орчих вий гэсэн болгоомжлол байна. Хямралаас гарахын тулд макро эдийн засгийн удирдлагаа сайжруулах, төсвөө алдагдалтай батлах юм уу үгүй юм уу гэдгээс эхэлнэ. Ийм учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хариуцлагын тухай хууль гарсан юм. Олон улсад төсвийн алдагдлыг -2 хувьд барьдаг. Гэтэл бид -5 болгож өөрчилсөн шүү дээ. Чили улс бол манайх шиг нөөц дээр суурилсан эдийн засагтай орон. Энэ улсын механизм нь сонин. Өөрөөр хэлбэл, төсвийн асуудлаар мэргэшсэн, хараат бус тусгай зөвлөл байдаг. Тэр зөвлөлөөр төсвийн асуудлаа ярилцаж гаргасан шийдвэр парламент дээрээ очоод нэг их өөрчлөгддөггүй. Манайд бол зөвхөн Сангийн яам төсөв оруулж ирдэг. Түүнийг нь парламент хэлэлцүүлгийн явцдаа өөрчилдөг. Хүүхдийн цэцэрлэг шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Зам тавих хэрэгтэй. Гэхдээ үүний ашиг тус нь хэзээ гаргах вэ гэж ярилцах хэрэгтэй. Баталж байгаа төсөв маань макро эдийн засгийн шаардлагад нийцэж байна уу, Төсвийн хариуцлагын тухай хуульд нийцэж байна уу гэдэг талаас нь харж, шийдвэр гаргахдаа УИХ дутагдалтай ажилладаг. Одоо Монгол Улс хямралаас гарахын тулд гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх нь зөв. Гэхдээ дотоодын хөрөнгө оруулагчдыг урамшуулах асуудлаа орхиж болохгүй. Саяхан НӨАТ-ын хууль гарчихсан хэрэгжээд явж байна. Энэ хуультай холбоотой томоохон компаниуд гомдол хэлдэг. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт хийхийн тулд том том тоног төхөөрөмж оруулж ирэх хэрэгтэй. Оруулж ирсэн тоног төхөөрөмж нь НӨАТ-аас чөлөөлөгдөхөө больсон. Ийм байхад хөрөнгө оруулах сэдэл санаа төрнө гэж үү. Би ямар санал хэлдэг вэ гэхээр Төрийн банк, Хөгжлийн банкаар дамжуулан жижиг дунд үйлдвэрийн менежментийг сайжруулах нь зөв гэж боддог. Банкны салбарт одоо өрсөлдөөн үүсэх боломж гарч байна. Дээр нь банк бус санхүүгийн байгууллага гэж зүгээр л нэг сарын гурав, дөрвөн хувийн хүүтэй зээл олгодог байгууллагууд байна. Эдгээр байгууллагыг санхүүгийн салбарт өрсөлдөөн үүсгэгч хүчин зүйл болгож хувирах ёстой. Яаж гэвэл өрхийн зээлийг дэмжих ч гэдэг юм уу. Айл өрх зээл аваад үсчин, дэлгүүр гэх мэт зүйлийг ажиллуулж эхлэх сэдэл санааг төрүүлж, санхүүгийн хувьд дэмжих бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Нэг үгээр хэлбэл, хүртээмжтэй санхүүгийн хэрэгслийг ашиглах хувилбар гараад ирж байна. Ингэснээр нийт эдийн засаг хождог. Иймэрхүү байдлаар өрхийн эдийн засаг, компанийн эдийн засаг, макро эдийн засгийг сэргээнэ. Одоо дэлхий даяар хүртээмжтэй санхүүгийн хэрэгслийг ашиглах бодлогоор л ажиллаж байна.

-Саяхан эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Энэ уулзалтын үр дүнг та юу гэж харж байна вэ?

-Эдийн засгийн чуулга уулзалт чухал ач холбогдолтой. Гэхдээ зөвлөмж гаргаад дараа жил нь яагаад хэрэгжүүлээгүй вэ гэж ярихаас илүү бизнесийнхэн, иргэний нийгмийнхэн, Засгийн газар, УИХ нийлээд тухайн жилийн эдийн засгийн өнгийг тодорхойлох, ойрын болон дунд хугацаанд ямар асуудал байна гэдгийг ярилцаж байгаа нь ач холбогдолтой. Дэлхийн эдийн засгийн форум ч мөн адил ярилцах зарчмаар л явагддаг. Тэрнээс биш зөвлөмж гаргаад, гаргасан зөвлөмжөө дараа жил нь хэрэгжүүлсэн үү үгүй гээд байдаггүй. Миний бодлоор ярилцаж байгаа нь зөв. Тэрнээс эдийн засаг хямарсан ч ярилцахгүй байгаад байвал яаж ажил урагшлах вэ дээ.

-ИЗНН-ыг парламентад төлөөлөн сууж байгаа гишүүний хувьд нэг асуулт асуумаар байна. ИЗНН-д АН нэгдэх санал хүргүүлсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-АН ИЗНН хоёрын хооронд хоёр онцлог зүйл байдаг. Нэгдүгээрт, нэг угшилтай. Хоёрдугаарт, үзэл бодол ойрхон, зах зээлийг илүү хүндэлдэг Засгийн газрын оролцоог аль болох хязгаарлахыг оролддог. Хоёр намын баримт бичигт энэ асуудал суусан байдаг. Харин одоо нэгдэхэд хэцүү болсон. Эрх зүй болоод цаг хугацааны хувьд.

-Бусад намтай эвсч сонгуульд оролцох боломжтой юу?

-Ямар нэгэн байдлаар хамтрах процесс үргэлжилж байна. Нөгөө талаар бусад намаас хамтарч эвсэл байгуулах санал ч ирсэн. Манай намын ажлын хэсэг энэ ажилд анхаарал хандуулж байгаа. Дөрөвдүгээр сарын 16-нд манай намын Үндэсний хороо хуралдана. Энэ хурлаар шийдвэр гарна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна