Хятадад ашиггүй Ерөнхийлөгчийн сонгууль

2016 оны 4 сарын 7

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампын хувьд Хятад улсыг шүүмжлэлийнхээ гол бай болгоод удаж буй юм. Учир нь тэрбээр Хятад улсыг АНУ-ын ажиллах хүчийг хулгайлдаг төдийгүй хятад бараа Америкт хэтэрхий бага татвар төлдөгт шүүмжлэлтэй ханддаг нэгэн.  

 

 

Түүний энэ үзэл бодлын эсрэг  Хятадын төрийн өмчит мэдээллийн хэрэгслүүдээр Доналд Трампыг “улс төрчийн дүрд хувирсан том амтай арьс өнгөөр ялгаварлагч” гэх мэдээлэл бэлтгэн нэвтрүүлдэг. Үүнээс үүдээд Хятад улс Доналд Трамптай эвлэршгүй дайсан мэт харагддагч үнэн хэрэгтээ Хятад улс Трампаас биш, харин түүний өрсөлдөгч Хиллари Клинтоны ялалтаас  илүү эмээж, илүү болгоомжилж байгааг ажиглагчид дүгнэжээ.  

 

 

АНУ болон Хятад улсын гадаад бодлогын талаар хэд хэдэн ном бичсэн Вашингтоны судлаач Жеймс Манны үзэж буйгаар “Хятадын гадаад бодлогоос харахад тус улс  үргэлж л хүчирхэг эго бүхий удирдагч нартай улс төрийн тохиролцоо хийхдээ сурамгай байж ирсэн. Харин өнөөгийн нөхцөлд Хятад улсад Трамптай хамгийн амархан замаар зөвшилцөлд хүрч чадах байх” гэжээ. Үүний учир нь Хиллари Хятадтай Доналд Трампаас ч муу харилцаатай байж мэдэхээр байгаатай холбоотой юм.

Хиллари- Эртний шүүмжлэгч

Хилларигийн арваад жилийн туршид хэрэгжүүлж ирсэн хууль зүйн өөрчлөлтүүд, Хятадыг онилсон бодлогын чиг хандлагууд зэрэг нь эртнээс Хятадын таалалд нийцээгүй учир Хятад улс Хилларигийн залуурдаж буй гадаад бодлогын хөлөг онгоцыг улам хүчирхэгжихээс нь өмнө сүйрүүлэх хүсэлтэй нь тодорхой юм. Хиллари бол өөрийн юу бодож байгаагаа мэддэг хэцүүхэн хувь чанартай хүн бөгөөд энэ нь Хятад улсын хувьд эрх зүйн талаасаа АНУ-тай хэл амаа ололцоход хүнд байх болно.

 

Үүний гол шалтгааныг Хиллари хуульч мэргэжилтэй холбон тайлбарлах хүмүүс ч байна. Жишээ нь, хууль санаачлан хэрэгжүүлэх гэдэг бол хуульч хүний инстинкт юм. Тэгвэл Хиллари Хятад улсыг бусад бүхий л улс орнуудаас илүүтэй тусгайлан авч үзэж, онцгой анхаарсан харилцаатай байх ёстой гэсэн үзэл баримтлалыг хуульч хүний нүдээр үргэлж буруушааж иржээ.

Ерөнхийлөгч Барак Обамагийн Төрийн Нарийн Бичгийн албыг хашиж байхдаа тэрээр Обамагийн Ази дахь түншлэлийн гол багана нуруу болж явсан бөгөөд энэ үеэс л тэр Хятадыг хязгаарлан барих бодлого баримталж эхэлсэн мэт харагддаг юм.

Хиллари- Хүний эрхийн хамгаалагч

Бээжингийн Гадаад Харилцааны Их Сургуулийн профессор Тао Шийгийн хэлснээр “Олон Хятад хүмүүс Хиллариг тун ч тоогүй хүлээж авна” гэжээ.

 

 

“Global Times” сонин нэгэнтээ түүнийг “Хятадуудын интернэт хэрэглэгчдээр хамгийн их үзэн ядагдсан Амеик улс төрч”-өөр цоллож байсан юм. Тийм ч учраас өнгөрсөн гуравдугаар сард Хятад улсад онлайнаар явагдсан санал асуулгаар Хятадуудын 54% нь Хиллариг биш харин сүйхээтэй тэрбумтан эрийг сонгоно гэсэн үр дүн гарсанд гайхах зүйл байхгүй юм. Үргэлж хүний эрхйг хөндөн ярьдаг улс төрчийн хувьд хүний эрхийг дээдэлдэггүй улсаас ирэх хариу үйлдэл хэмээн тайлбарлах нэг нь байхад нөгөө нь Хятад бизнесийг хүний эрхээс дээр тавьдгийн тод баталгаа хэмээн харж байна. 

 

Хиллари- “Галзуу хөгшин эмэгтэй”

 

Хиллариг шүүмжилж буй хурцхан шүүмжлэлүүдийн дотор түүнийг АНУ-ыг талцуулж чадах хэмжээний хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг түгээн дэлгэрүүлж байгааг нь сайшаагаагүй байр суурь нэлээдгүй байдаг байна.

 

Ер нь түүнийг үзэл баримтлалаас нь гадна биеэ авч яваа соёл, тэр бүү хэл үс засалт болоод хувцасны шүүгээнийх нь сонголтыг хүртэл Хятадын төрийн хэвлэл мэдээллийнхэн элэглэн дооглох нь олонтаа тохиолдож байж. Тийм учраас Хятадын улс төрийн сэтгүүлчид түүнийг “галзуу хөгшин эмэгтэй” хэмээн нэрлэх нь бий.

 

 

Энд дурдахад түүний хамгийн эмзэг сэдэв болсон түүний нөхөртэй холбоотой скандал байн байн зорилготойгоор сөхөгдсөөр байгаа юм. Хятад улсын онлайн хэлэлцүүлгээр “Хэрвээ тэр нөхрөө зохицуулж чаддаггүй юм бол яаж Америк улсыг зохицуулах юм бэ?” хэмээсэн сэтгэгдлүүд дүүрэн харагддаг болжээ.

 

Хиллари- Феминизмийн Фэн

 

Хэдий тэрээр Хятад улстай дотно сайхан харилцаатай биш боловч түүнийг дэмжих урт дараалал Хятадын эмэгтэйчүүд дунд бий. Тэрээр 1995 онд Тэргүүн Хатагтай байх үедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын шугамын хүрээнд Дэлхийн Эмэг тэйчүүдийн Эрхийн Чуулга Уулзалтад оролцож байх үеэрээ Бээжин хотноо илтгэл тавьж байсан нь 21 жилийн өмнөх Хятад эмэгтэйчүүдийн зүрхэнд гал асаасан явдал болсон юм.

 

 

Түүний тавьсан илтгэл нь тухайн үед үзэгчдийн суудалд байсан эмэгтэй, өдгөө Хятадын хамгийн идэвхитэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Фэн Юаний зоригийг хурцалж, идэвхижүүлсэн хамгийн том шалтгаан болсон гэдэг. Гэхдээ Хятадад эмэгтэйчүүд өндөр байр суурьтай биш учир эрх баригчдад мэдээж энэхүү уриалга нь таалагдахгүй.

 

 

Саяхан гэхэд Хиллари Си Жинпинийг өөрийн твиттер хуудсаараа шүүмжлээд авсан юм. Ингэхдээ: “Эмэгтэйчүүдйиг эрхийг хамгаалагчдыг нугчин дарагч өөрөө эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хурал зохион байгуулж байгаа нь ичгүүртэй юм” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. Үүнийх нь хариуд Бээжин ч бас түүнийг үгийн сумаар галласан бөгөөд сонгуулийн оноондоо ашиглах гэж Хятадыг гоочлох хэрэггүй сануулжээ.

 

Гэвч асуудлыг нөгөө талаас нь харвал Хятадын зүгээс Хиллари Клинтоны адилаар Доналд Трампыг ч мөн адил уриалгахнаар хүлээж авахгүй нь тодорхой. Трамп бол улс төрийн хэмжээнд яс нь танигдаагүй нэр дэвшигч бөгөөд өөрийн худалдааны туршлагаа улс төрчдөөс дээгүүр тавьж, “Улс төрчид менежмент хийж чаддаггүй байж үргэлж л чалчиж байдаг. Харин би бол тэднээс эсрэгээрээ” гэх мэтээр АНУ-ыг бизнесийн нүдээр хардаг нэгэн билээ.

 

 

Хэрэв Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол Хятадаас орж ирэх бараа бүтээгдэхүүнээс авах татвар 45% болон эрс өсөх эрсдэл Хятадыг хүлээж байна. Үүнээс гадна тэрбээр Өмнөд Солонгос болон Япон улсуудын өөрсдийн гэсэн цөмийн зэвсэгтэй болохыг дэмжиж буй юм. Тиймээс энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хэн нь ч ялсан Хятадад тун чиг ашиггүй сонгууль болох төлөвтэй байна.

                                                                                                                                                Г.СҮМБЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна