Исланд шинэ ерөнхий сайдыг нэрлэв

2016 оны 4 сарын 7

 

Исландын эрх барих эвслээс Сигурдур Инги Йоханссоныг шинэ ерөнхий сайдаар нэрлэж, ирэх намар сонгууль явуулахаар болжээ. Өдгөө 53 настай Сигурдур Инги Йоханссон хөдөө аж ахуй болон загас агнуурын сайдаар ажиллаж байсан аж.

 

Исландын экс ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлейгссон олон сая ам.долларыг оффшор дансанд нууж байсан нь илэрснээр ард иргэд түүнийг огцрохыг шаардан жагссан юм. Энэ нь Исландад сүүлийн хагас зуун жил болоогүй том хэмжээний жагсаал болсон бөгөөд жагсагчид өндөг, жимс зэргийг шидлэн дургүйцлээ илэрхийлж байв. Харин Сигмюндюр Давид Гюннлейгссон оффшор дансны дуулианаас болж огцрохгүй гэж мэдэгдсэн боловч нэг өдрийн дараа албан тушаалаа орхисон билээ.

 

Панамын “Mossack Fonseca” хуулийн фирмээс алдагдсан оффшор дансны мэдээлэлд олон орны төрийн тэргүүнүүд, улс төрчид, урлаг, спортын алдартнуудын нэр дурдагдсан боловч Исландын экс ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлейгссон эхний “хохирогч” болсон юм. Сигмюндюр Давид Гюннлейгссон 2013 онд 38 насандаа ерөнхий сайд болсноор Исландын түүхэн дэх хамгийн залуу засгийн газрын тэргүүн болж байв.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна