АН-ын 26 жилийн ойн мэндчилгээ

2016 оны 4 сарын 7

 

Ардчилсан намын 26 жилийн ойн өдөрт Ардчилсан намын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Ардчилсан Монгол Улсын иргэд ээ,

Ардчилсаннамын гишүүд, дэмжигчид ээ.

Та бүхэндээ Ардчилсан нам байгуулагдсаны 26 жилийн ойн мэнд дэвшүүлье.Одоогоос 26 жилийн тэртээ бид ардчиллын төлөөх үзэл санааг дэмжиж ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн. Монголын ард түмэн ардчиллыг дэмжсэн сонголтыг хийж, 1990 дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан намын анхны хурлыг хийсэн билээ. Үүнээс хойших 26 жилийн түүх бүхэлдээ Монгол Улсад эрх зүйт ардчилсан төр, нийгмийн тогтолцоог  байгуулах тэмцлийн жилүүд байлаа.

Үр дүнд нь бид ардчилсан төрийн тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг байгуулж чадсан. Одоо энэ бүх ололтыг бэхжүүлэх тэмцлийн он жилүүд үргэлжилсээр байна. Бид хариуцлагатай, шударга, энэрэнгүй иргэний нийгмийг байгуулахын төлөөх үзэл санаанаасаа ухраагүй.

Ардчилсан нам иргэдээ эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх эрхтэй болгосон.

Өнөөдөр Ардчилсан нам түүхэн ойгоо тэмдэглэж байна. Бид амжилтаараа бахархаж, бас алдаа, оноогоо дүгнэн хэлэлцэж байна. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуулиар ард түмний дэмжлэгийг авч Улсын Их Хуралд олуулаа, нийслэлд үнэмлэхүй, орон нутагт 12 аймаг, 184 суманд ялалт байгуулсан нь ард түмэн Ардчилсан намд итгэж байгаа, ард түмэн ардчиллыг дэмжиж байгааг харуулсан итгэл юм. Ардчилсан нам ард түмнийхээ итгэлийг дааж дэлхийн эдийн засаг хямарсан энэ жилүүдэд эх орондоо бүтээн байгуулалтыг хийж хөгжил дэвшлийн шинэ суурийг тавьж чадсан билээ.

Ардчилсан нам  үргэлж шинийг санаачлагч, анхдагч байсан. Ардчилсан нам  шийдвэр гаргах түвшинд олуулаа болж, төрийн эрх баригч болсноор орон сууцны 8 хувийн зээлийг санаачлан 76 мянган айлыг хамруулсан бол одоо ипотекийн 5 хувийн зээлийн нэгдүгээр шатыг эхлүүлж 18 мянган өрх хамрагдаад байна. Үүнийг бүтээн байгуулалт талаас нь харвал 2013-2015 онд нийт 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийжээ.Энэ бүтээн байгуулалтыг дагаад барилгын салбарт ажиллагсдын тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн сайхан мэдээ байна.

Өнгөрсөн дөрвөн жилд экспортыг дэмжих, импортыг орлох, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслүүдэд нэг их наяд орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон нь үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болж чадсан. Мөн эрчим хүчний салбарт сүүлийн 30 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалт хийсэн байна. 

Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийнхээ түүхэнд анх удаа өөрийн гэсэн агаарын хөлөгтэй болжээ.

Энэ хугацаанд 6 аймгийг Улаанбаатар хоттой холбосон 2656 км авто зам барьсан нь 1921-2012 онд барьсан авто замтай тэнцэж байна.  Үүний зэрэгцээ нийслэлийн авто зам,гудамж төслийн хүрээнд 116 км зам, 20 уулзварыг шинээр барьсан нь чамлахааргүй ажил болжээ.

Хууль тогтоох түвшинд Хамтын тэтгэврийн хууль, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай зэргээр иргэддээ хандсан шийдвэрүүдийг гаргаж байна. Мөн Малчины зээлийн жилийн хүү 29 хувь байсныг 10 болгож бууруулсан, нийслэл, орон нутгийн шатахууны үнийг нэг түвшинд аваачсан нь цаг үеэ олсон шийдвэр боллоо.

Цаашид бидэнд хийж бүтээхээр төлөвлөсөн ажил их бий. Улс оронд өрнөж буй бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлэх ёстой бөгөөд цаг хугацаа ихээр шаардагдах нь дамжиггүй. Монгол Улсын тусгаар тогтнол, ирээдүйн хөгжил, ардчиллын үнэт зүйлсийг Ардчилсан нам түүчээгээ болгон урагшлах болно. Энэ замд бид хамтдаа байсан, цаашид ч хамтдаа байх болно.

Ардчилсан Монгол Улсыг байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн Ардчилсан намын ахмад зүтгэлтэн, ардчиллын үнэт зүйлийг тээж яваа нийт ард түмэндээ болон намынхаа гишүүд, дэмжигчиддээ энэхүү түүхэн өдрийн мэндийг дахин дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна