Нөхөн төлбөрөө шуурхай авах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Нөхөн төлбөрөө шуурхай авах боломжтой боллоо

Жолооч бүр АЖД /Албан журмын даатгал/-д албан ёсоор, ТХД /Тээврийн хэрэгслийн даатгал/-д сайн дураараа хамрагдах боломжтой даатгалд хэрхэн хамрагдах, нөхөн төлбөрийн хэмжээг олгох хугацаа зэргийн талаар бодиттой мэдээлэлгүй байдаг.

Тиймээс бид даатгал болон даатгалын нөхөн төлбөртэй холбоотой бодит мэдээллийг хүргэхийн тулд "Бодь даатгал" ХХК-ний Нөхөн төлбөрийн хэлтсийн ахлах менежер М.Уртнасантай ярилцлаа.

 
– Танай байгууллагын хувьд жолооч бүр яагаад даатгалд хамрагдах шаардлагатай гэж үздэг вэ?

– Хүн бүр ямар нэг гэнэтийн ослоос гарах аливаа эрсдэл хохирлыг давах, үүнээс болж санхүүгийн хувьд хүндрэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор даатгалд хамрагдах хэрэгтэй. Манай байгууллагын хувьд хэрэгцээ шаардлага учирч болзошгүй гэнэтийн эрсдлээс хамаарч хүн бүр өөрийн хариуцлага, эд хөрөнгө, эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл зэргээ даатгуулж учирч болзошгүй гэнэтийн хохирол тохиолдоход санаа зоволтгүй давах туулахыг боломжийг олгож байгаа.

– Хүмүүсийн хамгийн их сонирхдог Тээврийн Хэрэгслийн даатгал болон Жолоочийн Хариуцлагын даатгал хоёрын ялгаа юу вэ?

Замын хөдөлгөөн оролцож буй жолооч бүр ЖХАЖД /Жолоочийн Хариуцлагын Албан журмын даатгал/-д албан ёсоор хамрагдах үүрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирол болон шаардлагатай нэмэлт зардлыг даатгагч 100% нөхөн төлнө. Ингэхдээ Тээврийн хэрэгслийн ангилалаас хамаарч нөхөн төлбөр олгох дээд хязгаар А, В ангилалын тээврийн хэрэгсэлд 5 сая, С, Д, Е ангилалын тээврийн хэрэгсэлд 10 сая байдаг.

ТХД /Тээврийн хэрэгслийн даатгал/-д сайн дураар хамрагдах боломжтой. Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осол гаргах, гуравдагч этгээд /жишээ нь буруутай этгээд тодорхойгүй/, өөрийн буруутай үйлдэл, байгалийн эрсдэлийн улмаас хохирох гэх мэтээс болж тээврийн хэрэгсэлд гарсан хохирлыг даатгагч нөхөн төлнө. Даатгалын үнэлгээний дээд хэмжээг хувь хүн /зах зээлийн үнэлгээгээр тооцох/ үнэлэх бөгөөд даатгалын багцаас хамаарч нөхөн төлбөрийн хувь нь өөр байх болно. Энэ хоёр даатгалын гол ялгаа нь ЖХАЖД нь өөрийн хариуцлагаа харин ТХД нь өөрийн эд хөрөнгө болох автомашинаа эрсдэлээс хамгаалж байгаа явдал бөгөөд үүнийг зарим хүмүүс андуурах асуудлууд гардаг.

-Зам тээврийн осол гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

– АЖД, ТХД-д хамрагдсан иргэдийн хувьд зам тээврийн осол гаргасан тохиолдолд нэн түрүүн даатгагчид мэдэгдэн зөвлөгөө авах, цагдаа дуудаж, ослын шалтгааныг тодорхойлуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай шуурхай албанд утсаар холбогдож дуудлага өгөх үүрэгтэй гэдгийг сануулмаар байна. Хэрвээ хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд манайд хожимдож мэдэгдсэн ч холбогдох баримтыг үндэслэн нөхөн төлбөрийг олгох болно.

– Зарим жолоочид “тохиролцох эсвэл байршлаа солих” гэсэн арга хэмжээ авдаг. Энэ тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой болов уу?

– Тохиролцоо эсвэл байршлаа солих гэсэн арга хэмжээ авахаасаа өмнө манай шуурхай алба болон цагдаа руу ярьж зөвлөгөө авах шаардлагатай.

Хэрвээ зайлшгүй осол гарсан байршлаас холдох шаардлага гарвал заавал цагдаа болон шуурхай алба руу холбогдож зөвлөгөө авсны дагуу ослын газар, байршил, бодит байдлыг харуулсан зураг авах, тэмдэглэгээ хийх зэргээр баримтжуулах шаардлагатай гэдгийг анхааруулмаар байна.

– Нөхөн төлбөр авах үед ямар материал бүрдүүлэх вэ? 

– Даатгалын тохиолдлоос шалтгаалан бүрдүүлэх материал нь өөр байдаг. 

Тухайлбал, зам тээврийн осол гарсан тохиолдолд, замын цагдаагийн тодорхойлолт, хоёр жолоочийн бичиг баримтын хуулбар /тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх/ хохирлын үнэлгээний тайлан /үнэлгээний компаниар хийлгэсэн/, даатгалын гэрээ зэргийг бэлдэх хэрэгтэй бөгөөд энэ талаар манай ослын газар ажилласан ажилтан дэлгэрэнгүй зөвлөгөө өгч байгаа. Үүний дараа манай хэлтэс дээр ирж өргөдөл бичиж өгнө. 

– Нөхөн төлбөр олгох хүртэл хэдэн хоног зарцуулагдах вэ?

– Хуулийн хугацаанд ЖХАЖД-ын нөхөн төлбөрийн олголтыг 30 хоногт багтаан олгох гэж заасан байдаг.

Манай байгууллагын хувьд өмнө нь өргөдөл хүлээн авах, нөхөн төлбөрийн хэлтэст шилжих, хуульч болон захирлуудаар дамжин шалгуулах гэх мэт хяналт, шалгалт ихтэй, олон шат дамжлагатайгаар нөхөн төлбөрийг олгодог системтэй байсан.

Харин 2016 оны гуравдугаар сарын 10-наас эхлэн "нөхөн төлбөрийг олгох шинэ менежмент"-тэй болсон. 

-Шинэ менежменттэй болоод нөхөн төлбөрийг хэдэн хоногт олгоно гэсэн үг вэ?

– Бид ажлын 3-10 хоногт багтаан нөхөн төлбөрийг олгодог болсон. Шинэ менежментийн хүрээнд нөхөн төлбөрийг аль болох хурдан олгохын тулд баг болж судалгаа хийж байна. Үүний үр дүнд нөхөн төлбөрийг хамгийн ихдээ ажлын 10 хоногийн дотор олгож эхэлж чадсан бөгөөд нөхцөл байдал эрс сайжирсан. Мөн манайх дотроо шинэ программ нэвтрүүлсэн тул хяналт, шийдвэрлэлт системийн дагуу хурдан шийдэгдэх боломжийг бүрдүүлэх юм. Нэмж хэлэхэд яаралтай шийдэх шаардлагатай буюу урьдчилан шилжүүлэх нөхцөл бүрдсэн эмчилгээ, үзлэгийн зардалд олгох нөхөн төлбөрийг 1-2 хоногт шийдэх боломжтой болоод байгаа.Харин цагдаагийн тодорхойлолт удах, ослын хэрэг шүүхэд шилжих гэх мэт нэмэлт ажиллагаа шаардлагатай үед дээрх хугацаа сунгагдах болно.

Тухайлбал, АЖД-тай холбоотой өргөдлийг /осол/ Иргэн Б нь нэгдүгээр сарын 17-нд материалаа ирүүлсэн. Харин манай нөхөн төлбөрийн хэлтэс дээр хоёрдугаар сарын 3-нд нөхөн төлбөрийн асуудал шийдэгдсэн. Дараа нь хуульч болон захирал шалгаж үзэж, шийдвэр гаргадаг системтэй байсан. Энэ үед нөхөн төлбөрийг 14-30 хоногийн дотор олгодог байсан.

Харин шинэчлэлт хийсний дараа буюу гуравдугаар сарын 16-ны өдөр АЖД-тай холбоотой өргөдөл /осол гаргасан/ бидэнд ирсэн. Иргэн М нь бусдад 1,900,000 гаруй төгрөгийн хохирол учруулсан. Энэхүү өргөдлийн хариуг манай хэлтэс шийдэж, ажлын таван өдөрт нөхөн төлбөрийг олгосон.

– Нөхөн төлбөр авах иргэдийн хувьд ямар асуудал их гардаг бол?

– Өдөрт 40 гаруй нөхөн төлбөр лавласан дуудлага ирдэг. Ихэнх дуудлага нь "нөхөн төлбөр хэзээ орох вэ" гэж байсан. Гэхдээ шинэчлэлт хийснээс хойш, дуудлагын тоо багассан гэж хэлж болно. Үүнээс гадна доорх асуудлууд их гардаг.

  • ХЖАЖД-д даатгуулсан байж, ТХД-д оногдох нөхөн төлбөрийг нэхэмжлэх 
  • Даатгалд хамрагдсан л бол 100 хувь нөхөн төлбөр авах ёстой гэсэн буруу ойлголт их байдаг.
  • Гэрээгээ андуурснаас болж ХЖАЖД, ТХД-ын нөхцөлийг хооронд нь солих

Тиймээс даатгуулагчдадаа хандаж хэлэхэд, гэрээтэйгээ сайн танилцаарай гэж хэлмээр байна.

– Даатгуулагчдын хувьд нөхөн төлбөр олгох, гэрээтэй холбоотой асуулт гарвал хаана хандах боломжтой вэ?

– Манай ажилтнууд хүмүүсийн материалуудыг хүлээн авахдаа шаардлагатай мэдээлэл, гэрээний дагуу мөрдөх заалт зэргийг хэлж өгч, зөвлөгөө өгдөг.

Хэрвээ танд ямар нэгэн ойлгомжгүй зүйл болон даатгалын гэрээний талаар тодруулах зүйл байвал 7011 0280 утсаар тодруулж болно. Харин Шуурхай албанд 9905 4800, 7000 4800 утсаар дуудлага өгөх бөгөөд эндээс нөхөн төлбөрийн баримт бүрдүүлэхтэй холбоотой анхан шатны зөвлөгөөг өгч байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж