Тариаланч хүн сэтгэл, зүтгэлтэй байх хэрэгтэй

2016 оны 4 сарын 7

Хаврын тариалалт эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономич Ш.Мардаантай газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд хаврын тариалалттай холбоотойгоор олон асуудал хөндөгдөж эхэллээ. Тариаланч хүний хувьд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэгдэнэ гэж харж байна вэ?

-Хаврын тариалангийн ажилтай зэрэгцэн олон асуудал төр засаг, тариаланчдын өмнө тулгарч байна. Эдгээрээс хамгийн их санаа зовоож буй асуудал бол улаан буудайн үрийн нөөц хомс байгаа явдал юм.

Ихэнх тариалангийн нутагт, тариаланчид нэг га-гаас 3-4 центнерийг хураасан. Хамгийн их хэмжээгээр ургац авлаа гэхэд, техник, тоног төхөөрөмжөө бэлдээд, технологийн дагуу, хугацаандаа тариалалтаа эхлүүлээд, ажилласан тариалан эрхлэгчид л нэг га-гаас 8-9 центнер авсан байгаа юм.

Дийлэнх нь ургац муу хурааснаас болж, улсын хэмжээнд хаврын тариалалтад үрийн хомсдол бий болж, асуудал болоод байна. Нэг га-гаас 3, 4 центнер ургац авсан тариаланчид юугаа нөөцлөх билээ дээ. Ургац алдаж, үрийн буудайгаа нөөцөлж чадахгүй хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн олон хүчин зүйл бий.

-Ургац бага хураасны дээр үрийн улаан буудайд стандартын шаардлага тавиад ирэхээр нөөцийн хэмжээ буурах байх. Энэ талаар?

-Энэ хүнд нөхцөлд улсын үрийн нөөц, буудайн санд үр нийлүүлсэн цөөхөн аж ахуй нэгжүүд байгаа. Үрийн улаан буудай нийлүүлэх, нөөцлөх ажил бол тариаланч хүний хувьд асар их хөдөлмөрийн дүнд бий болдог зүйл. Энэ бол албаны хүн тэдний үрийг ав, эдний үрийг авна гээд шийдчихдэг асуудал биш, тариалангийн сортын сорьц, хог ургамлын хэмжээ, тарианы чанар зэргийг мэргэжлийн агромоничид хяналт, баталгаа хийж байж шийддэг зүйл.

Би 40 гаруй жил газар тариалантай амьдралаа холбож, Хөдөлмөрийн баатар Гавьяат агрономич болтлоо хөдөлмөрлөсөн. Тэгэхэд л надад энэ хяналт баталгааг хийх эрх байдаггүй. Хяналт баталгаа хийдэг мэргэжилтнүүд тариа, үрийн буудайг газар дээр нь очиж, шинжилгээ хийж үзээд үрийн тариаланд хурааж болохыг акт баримтаар баталгаажуулдаг.

Үүний дагуу тухайн аж ахуй нэгж ангилан хадалт хийх аргаар хурааж, үтрэм дээр цэвэрлэн, стандартад нийцүүлэн бэлтгэж, түүнийг нь мэргэжлийн хяналтын байгууллага лабораторийн шинжилгээнд оруулж, хогт хольц, соёолох, ургах хугацаа нь хэвийн стандарт нийцсэн гэж үзсэн цагт л үрийн нөөцөд авдаг. Ийм олон шат дамжлаг, хяналт шалгалт хийдэг нь дараа жил нь сайн үрээс, чанартай үр, тариаг хураах үндэс болно шүү дээ.

-Хамгийн гол нь тооны бус, чанарын үзүүлэлт чухал юм байна шүү дээ?

- Тийм ээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 6 мянган тонн үрийн улаан буудайг үрийн нөөцөд нийлүүлсэн юм билээ. Энэхүү үрийн буудай нийлүүлсэн аж ахуй нэгж, үрийн улаан буудайн хэмжээ их байсан бол өнөөдөр үрийн асуудал яригдахгүй ч байж болох байсан.

Манай газар тариалангийн компаниудад квот өгчихсөн, зарим тариаланчид ОХУ-аас үр авчирч байна. Зарим нь бүр үр олдохгүй байна гээд гараа хумхиад суучихсан байна. Ийм байдлаар ажил урагшлахад тун хэцүү. Тиймээс цаашид тариаланчид маань тариалалтын гол зүйл болсон үрээ нөөцлөх тал дээр өөрсдөө илүү анхаарч ажиллах хэрэгтэй.

-Энэ хаврын тариалалтад зориулж Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгохоор болсон. Энэ зээл тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүдэд цагаа олсон, тусламж, дэмжлэг болж чадах болов уу?

- Намар ургацын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа нар Сэлэнгэд газар тариалангийн байдалтай газар дээр нь ирж танилцсан. Тэр үеээрээ манай компанийн тариалангийн талбай дээр ирж, талбайн ургацын байдал хэр байгааг өөрсдийн биеэр харж, үзсэн. Тариаланчдын байдал хүнд байгааг, хаврын тариалалт хийхэд эргэлтийн хөрөнгө зайлшгүй шаардлагатай болох юм байна гэдэг асуудлыг ярьж байсан. Мөн энэ тал дээр Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ ч хэлсэн юм.

Өнөөдөр төр засаг хэлсэн амандаа хүрээд, тариаланчдаа дэмжиж буйд талархалтай байна. 100 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгох асуудал анх яригдаж байсан. Төсөв, хөрөнгийн эх үүсвэрээсээ болоод 50 тэрбумыг Хөгжлийн банкнаас олгохоор болсон юм билээ. Энэ мөнгө хаврын тариалалтыг бүхэлд хийж хүрэхгүй ч, дотооддоо хөрөнгө мөнгөний нөөцтэй компаниудын хөрөнгөтэй нийлээд хаврын тариалалтыг эхлэх боломжтой хөрөнгө юм.

Манай газар тариалангийн салбар бол их эрсдэлтэй салбар. 2 жилд нь сайхан ургац авлаа гэхэд, 3 жил нь ургацаа алддаг байх жишээтэй. Ийм л тогтворгүй салбар. Тиймээс урд хормойгоороо, хойд хормойгоо нөхсөөр өдийг хүрсэн. Манай тариаланчид бол нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн, их буянтай үйлс хийж байгаа хүмүүс шүү дээ.

-Ургац алдсан явдлыг дан ганц байгаль, цаг агаарын байдалтай холбох нь өрөөсгөл ойлголт гэх ахмад тариаланчид байна. Чухам юун дээр манай тариаланчид алдаад байна вэ?

-Ер нь тариаланч хүн зун, намар гандуу болно гэж хаширлаж тариагаа тарих ёстойгоос биш өнтэй сайхан жил болноо гээд тайван сууж болохгүй. Юун түрүүнд Монголын газар тариалангийн салбарт хэрэглэж байгаа технологийг нэг бүрчлэн мөрдөж, ажиллах ёстой. Учир нь 60-аад жил энэ улсын газар тариаланг хөл дээр нь босгохын төлөө хөдөлмөрлөж ирсэн ахмад тариаланчдын олон жилийн нөр их хөдөлмөр шингэсэн ажлын дадлага туршлагыг өөрчилж, амархан үгүйсгэж болохгүй.

Сүүлийн жилүүдэд хур бороо элбэгтэй, цаг агаар тааламжтай сайхан байсан. Үүнээс болоод монголын газар тариаланд ураншгүй тариалан эрхлэх нь зөв гэсэн маш буруу үзэл баримтлал, технологи гарч ирсэн. Монголын газар тариаланг ураншгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уранш гэдэг бол газар тариалангийн амин сүнс нь гэхэд хилсдэхгүй. Уранш нь тухайн тариалангийн хөрсөнд ус чийгийг хуримтлуулж байдаг чухал зүйл. Өөрөөр хэлбэл өмнө жил орсон хур чийгийг, дараа оны хур чийгтэй нийлүүлж, үр тарианы жилийн усны хэрэгцээг хангаж, ургац авдаг арга юм. Тиймээс энэ арга технологийг заавал мөрдөж байж гэмээн монголын газар тариалан эрсдэлгүй ургац авч чадна.

-Олон нийтийн зүгээс, заавал хөрөнгө мөнгө зарж дотооддоо үнэтэй буудай тариалах хэрэг байна уу. Тэртээ тэргүй БНХАУ, ОХУ-аас хямд буудайг импортлоод болоод байна шүү дээ гэх яриа их гардаг. Харин тариаланчдын зүгээс импортоор буудай оруулж байхаар биднийг дэмж гээд байдаг. Ер нь дотооддоо газар тариалан эрхэлнэ гэдэг тухайн улс орны хувьд хэр ашигтай, хэрэгтэй зүйл вэ?

- Ер нь дотоодын газар тариалан дотоодын гурилын үйлдвэрлэлээ дэмжих нь зүйн хэрэг. Гэхдээ онцгой нөхцөлд, тухайлбал өнөөдрийнх шиг ургацаа алдсан, улаан буудайн хомсдолд орсон үед импортлох асуудал зайлшгүй л яригдана. Ямар зөвхөн дотооддоо үйлдвэрлэнэ гээд өлсөөд суултай биш.

Энэ жилийн хувьд дараагийн ургац хураалт хүртэл хэрэгтэй байгаа нөөцөө импортоос хангаад, 6 сар гэхэд импортоо бүрэн зогсоох хэрэгтэй. Их хэмжээгээр улаан буудай ороод ирчихвэл, дотоодын тариаланчдын ургац үнэгүйдэхэд хүрнэ.

Хүмүүс ОХУ-д буудай их хямдхан байна, монголоос үнэтэй буудай авч хэрэглэж байхаар, гаднаас хямд буудай оруулж ирье гэж ярьдаг нь үнэн.

Гэхдээ газар тариалангийн салбарын ард хэдхэн компанийн эрх ашиг яригдаж байгаа асуудал биш. Үйлдвэрлэл, тариалан гэхээсээ илүүтэйгээр, тариа буудай тарьж амьдарч байгаа 300 гаруй мянган хүн, тэр буудайг нь аваад тээрэмдэж, боловсруулж байгаа гурилын үйлдвэрийн ажилчид, ар гэрийнхэн, зөөж тээвэрлэдэг тээвэрчид гээд олон мянган хүний амьдрал, амин зуулга энэ салбартай холбоотой явдаг.

Би Япон улсад явж байхдаа, Хөдөө аж ахуйн сайдтай нь уулзаж байсан юм. Тэрбээр “Манай улсад тариалж байгаа цагаан будаа, хятад улсад үйлдвэрлэж байгаа будаанаас хоёр дахин илүү үнэтэй” гэж ярьж байсан юм. Гэхдээ япон улс өнөөдрийг хүртэл будаагаа тариад, өндөр үнэтэй будаа хэрэглэсээр байгаа. Яагаад вэ гэхлээр, аливаа улс дотооддоо газар тариалантай байх нь улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд маш ашигтай зүйл юм. Мөн ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах нэг томоохон салбар нь болдог.

Дэлхийд улаан буудай тариалдаг цөөхөн орон байдаг. Манайх ОХУ, БНХАУ-аас голдуу импортолдог. Энэ хоёр улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй улс. Дээрээс нь адилхан л ургацаа алддаг, ган гачиг болдог газар нутагтай. Нэг жил ургац алдсан гээд улаан буудай нийлүүлэхгүйд хүрвэл бид яах вэ. Тиймээс импортын улаан буудайд хэт найдалгүй дотооддоо тодорхой хэмжээний нөөцтэй, газар тариалантай байх нь зөв шийдэл юм.

-Тариаланчид ургац оройтлоо гэх боллоо. Яагаад хугацаа нь болоогүй байхад ургац оройтлоо гээд урьдчилаад яриад байгаа юм бол?

-Зарим тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд мөнгө санхүүгийн байдал хүнд, техник тоног төхөөрөмжөө сэлбэж амжаагүй, үр нөөцлөөгүй зэрэг олон шатлгаанаас болж, тариалалт хойшлох нь гэдгийг урьдаас мэдэж хэлсэн байх. Гэхдээ тариаланч хүнд юун түрүүнд сэтгэл, зүтгэл гэх зүйл байх ёстой. Тиймээс сэтгэлтэй, зүтгэлтэй байж, хаврын тариалалтдаа анхаарлаа хандуулж ажиллаасай гэж хүсэх байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна