Мөстсөн гэрээ гэсэхийг хүлээсээр л

2016 оны 4 сарын 7

Дамбадаржаагийн рашаан Сэлбэ голын тийшээ машинаар очих аргагүй болжээ. Шавар шавхай дундуур туучсаар 21 дүгээр хороонд нь хүрч очлоо. Мөсөнд хучигдсан гэр мөддөө гэсэх янзгүй.

Эздийнх нь байхгүй хойгуур гэрийнх нь шалан дороос ус оргилж, ханын толгой хүртлээ хөлдөөд хүн амьдрах аргагүй болжээ. Ямар сайндаа л усанд автаж хөлдсөн гэрээ эзэнгүй орхиод нүүх билээ дээ. Мөстөж, хөлдсөн гэрээсээ тавилгаа ч авч чадаагүй  гэдгээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн М ярьж байв. Гэр нь авах юмгүй болсон учраас мөс гэхээс өмнө яаж ийгээд л тавилгаа бүрэн бүтэн авахчих юмсан гэж хоёр сарын өмнө тэрбээр бидэнд зовлонгоо тоочиж байсан юм.

Урин дулаан цаг ирсэн энэ үед өвлийн хүйтэнд усанд автсан Дамбадаржаагийн рашаан, Сэлбэ голын зүүн эрэг дагуух айлууд гэссэн болов уу. Энэ асуултад хариулт авахаар тус газрыг зорилоо.  Гэрийн дээд бүслүүрээр татсан мөс дөрвөн сөөм хэртэй л доошилжээ. Энэ янзаараа бол мөд хайлах шинжгүй.

Мөсөнд автсан гэрт зурагт, хөргөгч, индүү, угаалгын машин гээд ахуйн хэрэглээний цахилгаан бараанууд бий. Гэхдээ эзэд нь өнөөдрийг хүртэл гэр доторх тавилгуудаа гаргаж авч чадаагүй гэнэ. Өдөрт гурван удаа гэрээ эргэж, тойрч ар талынх нь мөсийг лоомоор цохиж, доторх усыг гаргахаас өөрөөр хийж чадах юм алга хэмээн эзэд нь ярьж сууна.  Харин хашаан доторх цас, мөсүүд  нь  захаасаа хайлж, урсаад бөөн шавар шавхай болжээ. Байшингийн дээвэр хийдэг төмрөөр хашаа босгосон хэд хэдэн айл энэ хэсэгт бий. Машин байтугай, явган хүн алхах ч нөхцөлгүй, газар гэсэж, энд тэндгүй шалбааг ус болжээ. Иймээс ч  тэнд бараг хүн явж харагдсангүй. Харагдсан ганц, хоёр иргэд шавар, шалбаагийг том том харайн алхаж, нэг нь бүр усны гутал өмссөн байлаа. Энэ бол мөсөнд автсан айлыг тойрсон дүр зураглал. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Наранцэцэг “Хавар болж цас, мөс хайлаад зарим айлууд нь нүүгээд явсан. Усанд автсан айлд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас буцалтгүй тусламж өгөхөөр болсон” гэсэн товчхон тайлбарыг өгсөн. Харин дүүргийн Онцгой байдлын хэлтэс хэд хэд хуралдаж, усанд автсан өрхүүдийг хэрхэх тухайгаа хэлэлцсэн байна. Ингээд нөхцөл байдал хүндэрсэн, нийслэлээс тодорхой хөрөнгө хаяж, том далан, шуудуу зориулж байгуулахгүй бол төвөө бараадсан иргэд нүүхгүй, хүнд нөхцөлд амьдарна гэх утгатай дүгнэлтийг гаргаж, хотын удирдлагуудад хүргүүлэхээр болсноо БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн улсын ахлах байцаагч Л.Цэрэндаваа мэдээллээ. Мөн тус дүүргийн Дэд бүтэц, тохижилт хариуцсан хэлтсээс хоёрдугаар сараас хойш нийт 200 орчим тонн хайрга, шороо асгаж  хуучин даланг хүчитгэж, өндөрлөсөн гэнэ. Дамбадаржаагийн рашаан, Сэлбэ голын зүүн эрэг дагуу бол урин цагт хүн хорогдож, шингэмээр тийм сайхан агаар, зүлэг байна. Удахгүй ногоорох зүлэг, өвс гэхдээ өвөлдөө ямар айхтар эрсдэлтэйг иргэд мэддэг мөртлөө болчимгүй үйлдэл хийж, суурьшсаар буйг хорооны удирдлагууд хэлж байлаа. Хөрсний цэвдэгтэй тус газарт энэ жил 40 орчим өрх өвөлжсөний тав нь усанд автсанаасаа болоод газрыг орхин нүүсэн байна. Одоогоор хоёр айл гэрийн бүслүүр, ханийн толгой хүртлээ усанд автаж, мөстсөн байх юм. Хөдөө ажлаар яваад ирэх хооронд нь өнгөрсөн 12 дугаар сард иргэн М-ийн таван ханатай гэр усанд автаж эхэлсэн байжээ. Гэртээ  амьдрах аргагүй мөстсөнөөс болоод  ойролцоох түрээсийн байранд мөнгө төлөн амьдарч, байрныхаа цонхоор гэрээ харуулдан суудаг иргэн М тус газраа 2014 онд есөн сая төгрөгөөр худалдан авчээ. Улсын Их хурлын 2004 оны сонгуульд БЗД-ээс нэр дэвшигч Т.Ганди анх энэхүү хөрсний цэвдэгтэй газар иргэдэд газар олгож, газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл гаргаж өгсөн байна. Хөрсний цэвдэгтэй газар буусан 40 орчим өрхийн 24 нь тус 21 хорооны харьяалалтай, үлдсэн нь түр оршин суугчаар амьдардаг. Мөн 10 орчим айл нь газар эзэмших, өмчлөх гэрчилгээтэй бусад айл нь зөвшөөрөлгүй буужээ. Зөвшөөрөлгүй буусан өрхийг албадан нүүлгээд байх эрхгүй тул бороо орохын өмнө хойно хавар, намартаа нэг 21 дүгээр хорооны засаг дарга үерээс болгоомжлох сэрэмжлүүлэг, хууль бусаар буусан айл өрхийг газар чөлөөлөх шаардах хуудсыг өгдөг байна. Өнгөрсөн жил энэ газар 39 айл усанд автаж, онцгойн аврагчид нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж байжээ. Газрын зөвшөөрөлтэй 10 айлыг БЗД-ийн Өмч, харилцааны газраас “Гачуурт”-д буюу тус дүүргийн 20 дугаар хороонд эрүүл газар шинээр олгоё. Цэвдэгтэй газраа орхи гэсэн ч дүүргийнхний үгэнд орсон нэг ч иргэн байгаагүй аж.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна