П.Анужин: Олон хүмүүст дарамтлуулж байна

2016 оны 4 сарын 7

“Монгол тулгалтны 100 эрхэм” хөтлөгч П.Анужин нэвтрүүлгээсээ нэг хэсэгтээ завсарлага авахаа хамгийн сүүлд Монгол Улсын соёлын гавъяат Б.Ганчимэг нийтлэлчтэй ярилцлага хийхдээ мэдэгдсэн. Тэрбээр саяхан өөрийнхөө нүүр номын хуудсаараа дамжуулан “Херо” энтертементийнханд хандаж “Хувь хүний дүрс орсон аливаа зүйлийг ашиглах, эвлүүлэх хуулиар хориотой. Хийж дуусаагүй байсан "Оюу толгойн гэрээ"-ий тухай нэвтрүүлгийг ахиад том бүлэглэл хулгайлав уу?!! Эсвэл?!! Хулгайд алдаагүй цацаж байгаа бол би энэ нэвтрүүлгийг хийлцэж, бүтээлцэж байхдаа, уг гэрээний мөн чанар, үйл явц, үнэн мөнийг ард түмэнд дамжуулах чин сэтгэлтэй ажилласнаас хожим хэрүүл, хараалын нэгэн дүр болох гэж тэнд суугаагүй юм шүү! Эвлүүлэг хэтэрч байна!!! Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би "Том бүлэглэл" эсвэл Херо интертаймэнтийн хамт олонд мэдэгдэж байна! Миний дүрс гэдэг бол миний өмч!!! Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо! Цаашид "том бүлэглэл" ямар дүрсийг хэрхэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан улсыг хэрхэн хэлмэгдүүлэхийг төсөөлшгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор саяхан дуучин Б.Амархүүгийн аав Б.Борхүү хэвлэлд түүнийг их зантай, байнга гуйлгуулдаг, идсэн хоол руугаа нулимлаа гэх утгатай ярилцлага өгсөн юм. Дуучин хүүгээрээ л олон танигдсан болохоос Б.Борхүү найруулчийн хувьд ямар жүжиг, ямар нэвтрүүлэг дээр ажилласан нь бараг мэдэгддэггүй. Харин түүний өгсөн ярилцлагад П.Анужин нүүр номоороо дамжуулан хариулт өгсөн байна.  Хөтлөгч бүсгүйн зүгээс “Ёстой өнөө зоо зо гэдэг дээ... Хэвлэл мэдээлэл, эрх мэдэл, мөнгө цаас, "явуургүй улайрсан сэтгэл" байхад хирийн хүний тархи угаагдан, худалдагддагын үлгэр энэ буюу!

Том бүлэглэл орсон байна гэж Б.Баатар өөрийн амаар олон нийтийн өмнө зарласаныг олон хүн дуулж, үзэж байсан. Яриад байгаа бүлэглэлийнх нь тухай л дуугарсан! Тэр нь чухам хэн бэ гэдгийг тогтоох байгууллага байгаа шүү дээ!

Би өөрийн хэлмэгдэл, үнэнийг бичсэнийхээ төлөө олон хүмүүст дарамтлуулж байна! Чи дайн зарлаж байгаа юм уу? Үр хүүхдээ бодоорой хэмээн сүрдүүлсээр байна! Сүрдүүлгийн үйлдлүүд, хэвлэл мэдээллээр гүтгэж байгаагийн тод жишээ нь энэ ярилцлага байна. Борхүү ах сүүлийн хэдэн жил энэ нэвтрүүлэгт байтугай “Херо”-д огт байгаагүй хүн! Мэдэхгүй санаачлагчийн нэр дурдан гэнэт хаанаас гараад ирэв?!! Дайн гэж яг юу гэсэн үг вэ? Дарамталж байгаа улсаас би асуумаар байна?!! Үнэнийг өгүүлдэг өнөө "итгэлт" телевизийн сайхан нэр, өнгө ийм хурдан өөрчлөгдөж байгаад туйлын харамсч байна. Миний хувьд, миний дүрсийг бүү ашиглаач, улс төрийн тоглоом золионоосоо хол байлгаач хэмээн цэвэр өөртэйгөө холбоотой зүйл дээр дуугарсан! Ийм шаардлагыг жил орчмын хугацаанд Херо энтэртайнмэнтийн удирдлагат тавьж ирсэн.

Надад хэн нэгний тархийг угаагаад, яриулсан яриагаа цацах телевиз, сонин сайт, бас тийм сэтгэл байхгүй. Гэвч надад үнэн буй!

Увайгүй үйлдлүүд явж л байг, үнэн ирж, дуугарах өдөр бий биз ээ” хэмээн нүүр  номдоо бичжээ. Эндээс харахад хөтлөгч П.Анужин болон “Херо”-гийн Б.Баатар хоёр жинхэнээсээ муудалцсан бололтой. Харин нүүр номдоо бичсэнчлэн түүнийг сүрдүүлсэн хүн нь Б.Баатар найруулагчийн хэлсэн өнөөх “Том бүлэглэл” мөн болов уу?

А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна